​Английн суут жүжгийн зохиолч У.Шекспирийн алдарт  “Гамлет” жүжиг тайзнаа дахин амилаад хоёр жилийн нүүр үзлээ. Улсын драмын эрд­мийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын найруулан тавьсан энэхүү жүжиг эхэлсэн цагаасаа өнөөдрийг хүртэл үзэгчдэд таалагдахын зэрэгцээ, хэдэн ч удаа үзээд уйдахааргүй уран бүтээлийн нэг хэвээр байна. Энэ нь Гамлет болон  түүний хайртай бүсгүй Офелиягийн дүрийг амилуулж байгаа жүжигчидтэй шууд хамааралтай юм.

Улсын драмын эрдмийн театрын орлогч захирал, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд 33 жилийн өмнө тайзнаа Офелиягийн дүрд анх тоглосон байдаг. Харин 33 жилийн дараа энэхүү гайхалтай дүрд хэн тоглох уу хэмээн сонгон шалгаруулалт явуулж залуу жүжигчин А.Ганчимэг сонгогдон тоглосон нь театрын тайзнаа гараад удаагүй байсан залуу жүжигчний хувьд маш өндөр хариуцлага байсан юм.  Тиймдээ ч А.Ганчимэгт Офелиягын дүр  үзэгчдээс зэмлэл магтаалыг  зэрэг зэрэг авчирсан. Энэ нь магадгүй залуу жүжигчний цаашдын уран бүтээлд алдаа оноогоо ухаарах их туршлага болсон нь дамжиггүй. Удалгүй А.Ганчимэг театрын тайзаа орхин “Хувьсал” продакшнаар овоглох болсноор Офелиягийн орон зай эзгүйрсэн. 

Үзэгчдэд хүлээлт үүсгэсэн энэхүү дүрийг хэн амилуулах бол гэсэн эзэнгүй асуултын хариулт тун удалгүй тодорхой болсон нь УДЭТ-ын залуу жүжигчин Т.Хулан байлаа. “X-ТҮЦ” продакшнаар урлагт хөл тавьж байсан хөөрхөн Т.Хулан ур чадвараараа УДЭТеатр гэх өндөр босготой айлын үүдийг татсан.  УДЭТ-ын “халуун тогоонд”  найман жил чанагдсан түүний хувьд Офелияг хэрхэн хийх бол гэсэн сонирхол өөрийн эрхгүй төрж байлаа. Урьд нь өөр хүний тоглосон дүрийг найруулагчийн яг тэр тавилтан дор нөхөж ажиллана гэдэг амаргүй даваа байх нь тодорхой. Өөрөөр хэлбэл сонгодог жүжигт нөхөөс гэж байдаггүй болохоор асар их хариуцлага, ур чадварыг жүжигчнээс шаарддаг. Харин энэ их хариуцлагыг үүрч, “Гамлет” жүжгийн Офелиягийн дүрд жүжигчин Т.Хулан нөхөөс бус, жинхэнэ Офелия байж чаджээ.

Түүний амилуулсан Офелия жүжигчдийн ярьдагаар илүү дотоод сэтгэлийн дүр болж чаджээ. Аливаа уран сайхны дүр гэдэг эхэндээ хэн байсан эцэстээ хэн болж дуусав гэдэг нь тухайн дүрийг бүтээж байгаа жүжигчнээс шууд хамааралтай. Жүжгийн эхэнд гарч ирсэн үзэсгэлэн гоо, цэвэр ариун, гэнэн хонгор Офелия жүжгийн төгсгөлд галзуу солиотой болж гарч ирэхэд үзэгчид уулга алдаж байлаа. Энэ бол жүжигчний цэвэр ур чадвар бөгөөд  залуу жүжигчин Т.Хуланд цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.