“Хурд” хамтлаг 20 жилийн ойн баяртаа зориулан хийлгэсэн алтан пянзаа зохиолч, яруу найрагч Б.Ойдовт бэлэглэжээ. Уг алтан пянз нь АНУ-д 50 ширхэг хэвлэгдсэн бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бэлэг болон очоод байгаа аж.

Мөн “Хурд” хамтлаг 20 жилийн ойн баярын тоглолтынхоо үеэр дуудлага худалдаагаар таван сая төгрөгөөр худалдаалж, ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмчилгээний тасагт хандив болгон өгч байсан билээ.

Тэгвэл энэ удаад “Хурд” хамтлагийн урын сан дахь 20 орчим дууны үгийг бичиж, хамтлагийн хорин жилийн ойд зориулж “Хурд-20 жил” номын зохиолч, редактораар нь ажилласан түүнд алтан пянзыг гардуулан өгч байгаа юм байна.

Зохиолч, яруу найрагч Б.Ойдов гуайг “Эрх танхай нүргэлээн”, “Ужид цэнгэлийн манан”, “Үлэмж сэтгэлийн тусын тулд”, “Яруу найрагч Р.Чойномын нүүрний хэв”, “Дал, ная, ерээд оны Улаанбаатарын атаманууд”, “Ар халхын шилийн сайн эрчүүд”, “Монголын цуутай нударган тулаанчид” зэрэг номуудаар нь уншигчид илүү сайн танина.

Д.Ана