“Visa team” хөтөлбөрт хамрагдсан анхны тамирчин
2019/12/24
Сүүлийн 30 жилийн хугацаанд 40-өөд орны 500 орчим тамирчдыг “Visa team” хөтөлбөрт хамруулаад байна. Уг хөтөлбөрт хамрагдах тамирчдыг сонгохдоо тухайн тамирчны амжилтыг голлох боловч хөдөлмөрч зан чанар, нийгэмд үзүүлэх нөлөө, шударга байдлыг нь чухалчилдаг гэдэг. Тэгвэл энэ шаардлагад нийцсэн гэж үзсэн учраас ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин, жүдоч М.Уранцэцэгийг энэ төсөлд хамрууллаа.
Цахим төлбөр тооцооны тэргүүлэгч “Visa team” байгууллагынхан банк санхүүгийн үйлчилгээгээр тэргүүлэгч Худалдаа хөгжлийн банктай хамтран “Токио-2020” олимп, паралимпод оролцох тамирчдыг ивээн тэтгэж эхэлжээ. Мөнхбатын Уранцэцэг хэлэхдээ:
-“Visa team” хөтөлбөрт хамрагдсандаа баярлаж, энэ бол нэр төрийн хэрэг гэж бодож байна. Миний хувьд “Токио-2020” олимпод оролцох, цаашлаад олимпоос медаль авчраарай гэсэн захиалга хэмээн хэлэх гэсэн юм. Өөртөө одоогоор дутуу байгаа олимпийн медальд хүрэхийн төлөө бэлтгэлээ улам чамбайруулах болно. Өмнө нь хоёр олимпод оролцсон. Одоо “Токио-2020”-д очвол дөрөв дэх олимп маань болох юм. Би анх олимпод оролцохдоо бага ч байлаа. Заавал медаль авна гэж амлаад явж байснаа санаж байна гэлээ.
Үнэхээр Мөнхбатын Уранцэцэг 2000-аад оны эхнээс идэрчүүдийн улсны аваргад барилдаж эхэлснээс хойш олон жил амжилт нь тогтвортой яваа тамирчин. Оролцсон тэмцээн бүрээсээ медаль хүртдэг гэхэд бараг болно. Энэ онд гадаадад болсон ДАШТ болон олон улсын зургаан тэмцээнд оролцож таваас нь медаль хүртснээр Монголын жүдочдын нэр төрийг хамгаалж яваа юм. Мөн “Бөртэ чоно” наадмын шилдгийн шилдэг болон шилдэг тамирчны шагналыг 6-7 удаа аваад байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Д.Надмид