Өгсөн гишүүд нь нэг тамтай, авсан С.Эрдэнэ 10 тамтай

Монголын улс төрд бий болсон МАНАН бүлэглэлийнхэн эдүгээ АН-д толгой хоргодохоор үхэн хатан зүтгэж байна. МАНАН-гийн гол толгойлогч Ц.Элбэгдорж Ардчилсан намын сонгуулийн бүх зургийг зурж, төөргийг нь үзэж суугаа болохоор арга ч үгүй биз. Пүрэв гарагт АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж бие даан нэр дэвшихээр шийдэж, гарын үсгээ цуглуулж эхлээд байсан Сангийн сайд асан С.Баярцогт, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга, УИХ-ын гишүүн С.Жавхлан, Худалдаа хөгжлийн банкны эзэн “сахал” Д.Эрдэнэбилэгийн хувийн эзэмшлийн “Блүүмбэрг ТВ”-ийн захирал Э.Долгион нарыг намдаа элсүүлжээ. Элсүүлэх элсүүлэхдээ шууд намынхаа удирдах дээд байгууллага Үндэсний бодлогын хорооны гишүүнээр ногоон гэрлээр сонгосон байна. АН-д насаараа үнэнч зүтгэсэн эгэл жирийн гишүүн нь мөнгөгүй л бол орж чаддаггүй Үндэсний бодлогын хороо гэгч энэ байгууллагад нь ийнхүү крандуулан орж ирсэн улстөрчдийн хувьд С.Жавхлангаас бусад нь бүгд МАНАН бүлэглэлийнхэн. Тиймээс энэ бол Ц.Элбэгдоржийн сценариар явж буй драм гэдэг нь тодорхой. Сэлэнгэд бие даах гээд гарын үсэг цуглуулаад явж байгаа С.Баярцогтыг АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн болгох төлөвлөгөө Ц.Элбэгдоржоос л гарна. Тэрбээр өөрийн гарын хүн Б.Хурцад үүрэг чиглэл өгч С.Баярцогтыг тултал нь дэмжихийг даалгасан гэх мэдээлэл ч бий. Энэ мэтээр АН-ын нэр дэвшигчид Эбигийн тааллаар тодрох нь ойлгомжтой болжээ.
Гэтэл нөгөө талд АН-ын дарга С.Эрдэнэ 100 саяын хандивууддаа барьцаалагдан, гишүүд, дэмжигчдэдээ адлагдан, тун хүндхэн амь наана, там цаана гэгч болж байгаа ажээ. Түүний хувьд Ц.Элбэгдорж, Б.Хурц хоёртой хэл амаа ололцон, өөрийн хүмүүсээ дэвшүүлэх гэж үйлээ үзэж, үсээ зулгааж суугаа гэнэ. Нийгмийн даатгалд байхаасаа хажуудаа дагуулж, хамтдаа идэж ууж, орон шоронд хүртэл хөтлөлцөн орж явсан Д.Үүрийнтуяагаа Сэлэнгэд дэвшүүлэхээр бэлтгэж байтал Ц.Элбэгдорж нэрийг нь татуулан С.Баярцогтыг оруулж ирж байгаа зэргээс харахад С.Эрдэнэ МАНАН бүлэглэлийнхээ өмнө ацан шалаатай, ам нь таглаатай байгаагийн илрэл. Дээр нь 200-гаад гишүүнээсээ 100 сая төгрөгийн дэнчин авчихсан хүн хутганы ирэн дээр сууснаас ялгаа юун. Алдсан хүн нэг тамтай, авсан хүн арван тамтай гэгч одоо С.Эрдэнийн хүзүүгээр татаж буй.

Аргаа барсан АН Жавхлан, Баасанхүүг царайчлав

Улс төрд өөрийн гэсэн зарчим, соёл гэж бий. Ардчилсан намд энэ хоёр зүйл ор мөргүй алга болжээ. Намд нь биш удирдлагад нь гэвэл илүү оновчтой юм. Ардчилсан намын дарга С.Эрдэнэд зарчим, соёл, хэм хэмжээ гэж байхгүй болсны жишээ нь нэгэн цагт хонь, чоно болж муудалцан, чуулганы танхимд нохой, гахай, тэнэг солиотойгоор нь дуудаж байсан О.Баасанхүү, дөрвөн жил УИХ-д суухдаа ганц ч хуулийн төсөл санаачлаагүй, “ардчилал бол ардаа чилээж ал” гэсэн үг гэх мэтээр бурж суусаар бүрэн эрхээ дуусгаж буй дуучин С.Жавхлан нарыг намдаа элсүүлсэн явдал. АН муугийн муу, ёроолын ёроолд унахад энэ л дутуу байсан бололтой. Уг нь улс төр бол дүрэм, журам, зарчимтай тоглолт. Ардчилсан нам зарчим ярихаа больж, дүрэм, журмаа уландаа гишгэх болсны тод томруун жишээ энэ. Н.Алтанхуяг, Б.Дэлгэрмаа, Л.Болд, Ж.Батзандан хоёрыг хөөж явуулаад О.Баасанхүү, С.Жавхлан хоёрыг урьж залан гишүүнээр элсүүлж байгаа АН-д сонгогчид итгэх үү. Түүнчлэн нэг хоржоонтой мэдээ олны сонорт хүрсэн нь АН-ынхан “Хонхны дуу”-г С.Жавхлангаар дуулуулж намдаа элсүүлчихээд, харин ар хударгаар нь Баянзүрх дүүргээс дэвших гэж буй “Хонхны дуу”-г амьдруулсан С.Цогтсайхан агсны дүү НИТХ-ын төлөөлөгч М.Тулгатыг жийж байгаа ажээ. Учир нь УИХ-ын дарга асан З.Энхболд Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болсон гэнэ.
2012 онд Ц.Элбэгдоржийн түлхээсээр Ерөнхий сайд болох гэж улайран зүтгэж байсан З.Энхболд ийнхүү намынхаа шинэ залуу гишүүний мандатыг булаан авч байгаа нь АН-ын сонгуулийн зургийг МАНАН бүлэглэлийнхэн зурж байгаагийн тод илрэл юм. Тэд АН-ыг сүүлчийн хоргодох байраа болгож, үхэхдээ үхэр буугаа тавихаар амь тэмцэн улайрч байна.

Г.Хангарди

https://24barimt.mn/49056.html