Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэргийн буруутан хэн бэ. Тухайн компанид газар ашиглах зөвшөөрлийг хэн олгосон бэ. Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан уу гэдэг асуулт олны анхаарлыг татаж байна.

Хотын дарга асан Э.Бат-Үүл 2014 онд 01/2129 дугаартай захирамж гаргаж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас 3.36 га-г “Ханталст” ХХК-д олгожээ. Тэгвэл энэхүү захирамж хууль бус болохыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд удаа дараа хийсэн хяналт шалгалтаараа тогтоосон байна.  Энэ тухайд тус газрын дарга Л.Эрдэнэчулуун тэрбээр  “Ханталст компанид олгосон газар ашиглуулах тухай захирамж хууль зөрчиж байгааг хяналт шалгалтаар илрүүлж, 84 хуудастай албан шаардлага хүргүүлсэн. Тус компани ажил хийх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан тул зогсоохыг шаардсан мэдэгдэл хоёр ч удаа өгсөн” гэлээ. Мөн  “Ханталст” компани  Газрын тухай хууль, Барилгын тухай болон Ойн тухай зэрэг хуулийг зөрчин үйл ажиллагаа явуулж байсныг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас тогтоожээ.

Гэтэл Хотын дарга асан Э.Бат-Үүл газар ашиглуулах зөвшөөрөл олгосон захирамждаа “Газрын тухай хуульд заасны дагуу “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ-ын эзэмшилд олгосон 973 га газраас тус цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан наран шарлагын цогцолборын төслийг хэрэгжүүлэх зорилгоор 3.36 га газрыг “Ханталст” ХХК-д ашиглуулахыг зөвшөөрч байна” хэмээн дурджээ.

Энэ дагуу тус компани тухайн газарт эргийн тохижилт хийж байсан бөгөөд ингэхдээ аюулгүй байдлаа бүрэн хангаагүй, хүүхэд амь насаа алдахаас сэргийлэх арга хэмжээ аваагүй аж. Холбогдох байгууллагууд удаа дараа шалгалт хийж, үүрэг даалгавар өгөхийн зэрэгцээ өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тухайн компанийн тохижилтын ажилтай танилцаж, үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр ч гаргасан байна. Гэсэн ч “Ханталст” компани мэргэжлийн байгууллага болон Хотын удирдлагын шийдвэрийг үл тоож, дур мэдэн үйл ажиллагаа явуулж,  эцэст нь ийм байдалд хүрлээ.

“Ханталст” компани Шагдарсүрэнгийн Бат-Энхийн нэр дээр байдаг ч захирлаар нь түүний эхнэр И.Нарантуяа ажилладаг. И.Нарантуяа нь АН-аас Баянзүрх дүүрэгт УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан “Баянзүрх” захын эзэн, Хүүхдийн төлөө газрын даргаар ажиллаж байсан нэгэн бөгөөд  АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажиллаж байжээ.

Тэгвэл тухайн үед хотын даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж хууль бус шийдвэр гаргаж, хамаарал бүхий этгээдийнхээ компанид газар ашиглах зөвшөөрөл олгосны улмаас дөрвөн хүүхэд харамсалтайгаар амь насаа алдаад байна.