Сонгууль болдгоороо болно, харин улсын улайссан төсвийг яах вэ
2020/06/18
Коронавирустэй холбоотойгоор олон улсын эдийн засаг хямарч, үүнийг дагаад манай уул уурхайгаас орж ирэх хөрөнгө оруулалт ч хил хаахтай зэрэгцэн хаалгаа барьснаар улсын төсөв улайж эхэллээ. Учир нь, манай төсвийн орлогын 25, экспортын 83 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлдэг. Үүний улмаас төгрөгтэй харьцах ам.долларын ханш ч өдрөөс өдөрт тэнгэр рүү тэмүүлж, гадаадын хөрөнгө оруулалт харин газарт “бууж”, дотоодын хэдэн аж ахуйн нэгж дампуурах дээрээ тулаад буй.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны нийт орлогыг 12.9 их наяд төгрөг байхаар баталсан. Үүний 3.2 их наяд төгрөгийг уул уурхайн салбарын орлого, 3.5 их наяд төгрөгийг импорт, 5.1 их наяд төгрөгийг эдийн засгийн өсөлтийн хүчин зүйлийн орлого, 1.1 их наяд төгрөгийг татварын бус орлогоос бүрдүүлэхээр тооцсон байна.
Өөрөөр хэлбэл, төсвийн орлогын гуравны нэгийг уул уурхайн бүтээгдэхүүн буюу нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, газрын тосыг БНХАУ-д экспортолж, бүрдүүлэхээр тооцжээ. Гэтэл эхний дөрвөн сарын байдлаар улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ урьдчилсан гүйцэтгэлээр 2.9 их наяд төгрөг, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 3.3 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 276 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.
Төр засгийнхан хямралыг гэтлэх бодлого боловсруулсан ч төдий л үр дүнгээ өгсөнгүй. Он гарснаас хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмж, хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгож, өндөр настнуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн. Мөн нийгмийн даатгалын шимтгэл, татварыг тодорхой хугацаагаар хөнгөлж, хүүхэд болгонд ирэх аравдугаар сар хүртэл сар бүр 100 мянган төгрөг олгохоор болж, малчдад ноолуурын урамшуулал хүртээх зэргээр улсын төсвийн хэдэн төгрөгийг сонгуульд санал авахад ашигтай байх үүднээс өөд, уруугүй цацаад дуусаж буй. Үүний үр дүнд харамсалтай нь, манай эдийн засаг сэргэх бус, 10.7 хувиар агшиж, аж ахуйн нэгжүүд хөл дээрээ зогсох нь байтугай хаалгаа бариад эхэллээ. Энэ нь хямралыг давах арга хэмжээ нүдээ олоогүй, аргацаасан, ядмаг дэмжлэг байсныг илтгэж байна.
Эдийн засагчид “Засгийн газар их хэмжээний нөөц зарцуулсан, маш хүндрэлтэй байгаа болов уу гэж ойлгогдохоор байна. Яагаад гэвэл, орлогын төлөвлөгөө нь 1.6 их наяд төгрөгөөр тасарсан, зарлага хэвээрээ байгаа нөхцөлд төсвийн алдагдал нэмэгдэх нь гарцаагүй. Нөгөөтэйгүүр төсвийн данс нэлээд улайссан гэдэг нь тодорхой” хэмээжээ. Эдийн засагч Б.Дөлгөөн ч энэ талаар “АНУ зээлийн бодлогын хүүгээ 0-0.25 хувийн хооронд буулгалаа. Нэмээд 700 тэрбум ам.долларыг зах зээл рүү гаргах болсноо мэдэгдчихлээ. Энэ үйлдэл бол 2009 оны санхүүгийн хямралын үед авч байсан арга хэмжээ юм.
Өөрөөр хэлбэл, АНУ одоогийн эрсдлийг энэ хэмжээнд үнэлж байна гэсэн үг. БНХАУ-ын Засгийн газар нь эрсдэлтэй байгаа мужууддаа хүн амаас нь шалтгаалаад тусламж өгсөн. Үүнтэй харьцуулахад, манай улсын Засгийн газар эрүүл мэндийнхээ салбарт олон арга хэмжээ авч байгаа ч одоогийн байдлаар эдийн засгийн тал дээр ямар ч арга хэмжээ аваагүй байна. Төв банкны бодлогын хүүгээ нэг хувиар бууруулсан нь юу ч хийгээгүйтэй адил” гэсэн нь дээрхийг давхар батална.
Улсын хэмжээнд ажилгүйдэл нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар сүүлийн үед эрс буурчээ. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр ажилгүйдлийн түвшин огцом өсөж, дотоодын хөрөнгийн зах зээл 300 тэрбум орчим төгрөгөөр агшсан байна. Бизнес ганхаж, бараа бүтээгдэхүүний борлуулалт хумигдах болов. Аж ахуйн нэгжүүд эргэлтийн хөрөнгөгүй болж, импортын худалдаанд тасалдал үүсжээ. Оны эхэн үетэй харьцуулахад, эдийн засаг ташраараа унаж, ажлын байр хэдийн хүндэрч эхэллээ. Бизнесийн салбарыг төлөөлдөг МҮХАҮТ-ын судалгаа ч үүнийг батална. Хувиараа бизнес эрхлэгч арван хүн тутмын есийнх нь үйл ажиллагаа доголдож, орлого нь буурчээ. Тодруулбал, нэг сая хүн амьдралаа залгуулдаг хувийн хэвшил урьд өмнө учирч байгаагүй гүн хямралтай нүүр тулаад байна.
Дэлхийн банк манай улсын эдийн засгийг энэ онд агшина гэж таамагласан. Азийн хөгжлийн банк өмнөх төсөөллөөсөө бууруулсан дүнг танилцуулж байгаа. Эдийн засаг уналтад орсон гэдгийг энэ мэт олон тоо харуулж буй. 2020 оны эхний таван сард ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авагчид өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 5.5 хувиар өсөж, 9.4 мянга болжээ. Ажилгүйдлийн тэтгэмж нэмэгдэнэ гэдэг ажилгүйдлийн эгнээ тэлж буйн бодит жишээ. Коронавирусийн уршгаар өөрөө өөртөө ажлын байр бий болгож ирсэн бага орлоготой иргэд хамгийн их хохирол амсаж, зарим нь ажилгүй, орлогогүй болсон.
Энэ оны эхний улиралд өрхийн тэтгэвэр, тэтгэмж, цалингийн орлого үл ялиг нэмэгдсэн ч хөдөө аж ахуйн орлого 2019 онтой харьцуулахад хамгийн их буурчээ. Тодруулбал, ноолуурын үнэ урьд жилүүдтэй харьцуулахын аргагүй хямд байсан нь малчдын орлогод шууд нөлөөлөв. Нэг удаагийн халамжаар аргацаах төдий бус тэгш бус байдлыг онилсон эдийн засгийн зөв бодлого үгүйлэгдэж байна. Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин 30 хувь болсон бөгөөд 100 хүн тутмын 30 нь зайлшгүй шаардлагатай хүнсний болон наад захын хэрэгцээгээ худалдан авах чадваргүй болжээ.
Тун удахгүй парламентын сонгууль болно. Эрх баригчид сонгуульд бүх анхаарлаа хандуулан, санал авахын төлөө улайрч буйгаас улсын төсөв, иргэдийн амьдралд төдийлөн анхаарал хандуулахгүй байнаа. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “2020 оны төсөв өнгөрсөн онтой харьцуулахад орлого, зарлага нь 20 гаруй хувиар өссөн. 2020 он сонгуулийн жил учраас тэр” хэмээн хэвлэлд ярьсан. Засгийн газар шаардлагагүй хөрөнгө оруулалтаа энэ хямралын үед зогсоохгүй бол цаашид ч нөхцөл байдал хүндэрнэ. “Эргээд хөрөнгө болгож чадахгүй зардлыг танаад, ажлын байрыг хадгалахад зориулсан нэн хөнгөлөлттэй зээлийг аж ахуйн нэгжүүдэд өгч, ажлын байрыг хадгалж, авч үлдэх нь эдийн засгаа хамгийн бага эрсдэлтэй давах чухал зүйл” хэмээн судлаачид онцолж байна.
Сонгууль болдгоороо болоод өнгөрн. Сонгуулийн дараа бидний амьдрал үргэжилдгээрээ үргэлжилнэ. Гэтэл энэ оны төсвийн алдагдал хоёр их наяд төгрөгт хүрээд байна. Улсын гадаад болон дотоодын өрийн хэмжээ улам нэмэгдсээр. Манай улс ирэх 4-5 жилд нийт 15 тэрбум ам.долларын гадаад өр болон түүний хүү төлөх ёстой гэх мэдээлэл бий. Энэ нь гадаад валютын албан нөөцийн одоогийн хэмжээнээс гурав дахин давсан өндөр үзүүлэлт аж. Өөрөөр хэлбэл, бидний байгаа нөөц боломж энэ их өрийн хаана нь ч хүрэхээргүй бага гэсэн үг.
Сангийн сайд гадаад өрийн дарамт буурсан гэх боловч бодит байдал дээр нөхцөл байдал эсрэгээрээ, Монголын эдийн засаг элгээрээ хэвтэхэд хүрээд байна. Улстөрчид харин эсэн шидийн амлалтаа өгч, сайн сайхан зүйл амласаар, сонгууль дуусахгүй мэт аяглана. Харин сонгуулийн маргаашнаас тэдний сураг алдарна. Улайссан улсын төсвийг хэрхэн шийдэж, бид юу идэж, яаж, хэрхэн амьдрах вэ.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
Зочин · 2020/06/18