Төрийн мэдэлд харьяалагддаг атлаа түмний өмнө зодуулж, цохиулж, амиа алдаж байгаа цагдаа нараа хамгаалъя. Би цагдаа биш. Гэхдээ цагдаагийн үүрэгт ажил, өдөр тутмын амьдралын хэвшлийг гадарлах иргэн хүн.

Нийгмийн бусармаг бүхэнтэй улаан гараараа тэмцэж, ард түмнийхээ төлөө амиа өгөхөөс ч буцахгүй зүтгэх хэдэн бор цагдаагаа төр нь ивээлдээ авмаарсан. Гавнаас өөр “зэвсэг”-гүй цагдаа нар гэмт этгээдүүдийн өмнө хүчгүйдэж байна.

Хэдхэн хоногийн өмнө Ховд аймгийн Булган суманд ажил үүргээ гүйцэтгэж явсан дэд ахлагч Б.Төмөрчөдөр зэвсэглэсэн этгээдүүдийн гарт амиа алдаж олныг сэртхийлгэв.

Төрийн өмнөөс буу шагайж, цагдааг хөнөөсөн этгээдүүд хэн байв. Хэрэг гарсан даруйд цагдаагийнхан хурдан шуурхай ажиллаж сэжигтнүүдийг энэ сарын 4-5-нд шилжих шөнө сумын төвөөс олж саатууллаа.

Эл хэргийг 17-19 насны хүүхдүүд үйлджээ. Тэд 8-11 ангийн сурагчид аж. Сэжигтнүүд Х.Саягас, Х.Сапаргали, Х.Хапар нар болохыг нотлох баримтаар тогтоожээ. Тэдний хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгахаар энэ сарын 5-нд Улаанбаатар хотод авчирсан байна.

Амиа алдсан албан хаагч Б.Төмөрчөдөр нь цагдаагийн байгууллагад ороод удаагүй байсан. Хийж бүтээх ид насандаа хэрэгтнүүдийн гарт амиа алдчих юм гэж хэн санах билээ.

Түүнд нөхөн төлбөр өгөх хэдий ч ажилласан жилээс шалтгаалж 1-2 сая төгрөг л ар гэрт нь олгогдох аж. Хүний амь тэр дундаа цагдаагийн амь ийм хямдхан гэж үү. Хэрэгтнүүд нь зэвсэглэсэн байхад цагдаа нар гавнаас өөр зүйлгүй хөдөө хөхөрч, гадаа гандан ажиллаж байгааг эрх мэдэлтнүүд ивээлдээ авч хүчнийхэндээ хүнлэг хандвал ямар вэ.

Аливаа улс оронд хамгийн өндөр цалин хангамж, шилдэг техник хэрэгсэлтэй байх субьект нь цагдаагийн байгууллага байдаг. Гэтэл манай улсад эсрэгээрээ эвдэрхий машин, эвхэгдэхгүй шахам хуучирсан гав, хугархай бороохойноос өөр хэрэгсэл алга. Адаглаад амь насанд нь аюул ирлээ гэхэд гаргаад цацах нулимс асгаруулагч ч алга. Ямар сайндаа л хэрэгтнүүдийнхээ хойноос хөөх гэсэн машин нь гүйцэхгүй “онигоо” болсон гэх хошигнол байх вэ дээ.

Төрийн цагдаа гэдэг. Тэгвэл төрдөө хаягдаж, түмэндээ адлуулсан цагдаатай орон манайхаас өөр хаана ч байхгүй биз. Төрийн цагдааг хэн дуртай нь хөнөөж, хэл амаар доромжилж болдог хэрэг үү.

Дүрэмт хувцас өмссөн л болохоос биш тэд бусадтай л адилхан хүн гэдгийг сануулъя. 2008 оны долдугаар сарын нэгэн. Эл өдрөөс хойш цагдаагийн нэр хүнд сэвтэж, сэхэл авахгүй болтлоо унасан. Үймээн самууны үеэр цагдаагийн байгууллагыг галт зэвсэг хэрэглэсэн хэмээдэг. Бодит байдал дээр хэн гэдэг цагдаа, ямар буугаар буудсан нь тодорхойгүй.

Байлдааны буу хэрэглэсэн нь цагдаагийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж баллуурдаад ч арилахгүй толбо үлдсэн. Үүнээс болж цагдаагийн нэр хүнд унаж, эргүүлд ганц нэгээрээ явж байгаа цагдааг зодох, дээрэлхэх явдал гаарсан юм. Үүний нэг нотолгоо бол өнгөрсөн зургадугаар сард албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагч архичин нөхөрт хутгалуулж амиа алдах шахсан. Дуудлагаар ажилласан цагдааг хэл амаар доромжлох, мөрдэсийг нь урж тасдах энүүхэнд болов.

Энэ мэтээр цагдаагийн эрх чөлөөнд халдсан ичгэвтэр үйлдэл олон. Үймээн самуун, гэмт халдлага болохоор цагдааг урдаа барьчихаад, эцэст нь эрийн муу цагдаа гээд хаячих нь зөв үү. Цагдаа гэх зургаахан үсэгний цаана төрийн нэр хүнд бий. Тэгвэл цагдаагаа нохойд барьдаг мод шиг ашиглачихаад хаядаг төр гэж байх уу. Цаг наргүй ажилладаг цагдаа нартаа цалин хангамжаас авахуулаад техник хэрэгсэлээр нь хангах цаг болжээ.

А.Лхагва