Монголын банкны Холбооны Гүйцэтгэх захирал, Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Амартай ярилцлаа.

-Зээлийн хүү сүүлийн 30 жилийн хугацааны хамгийн доод түвшиндөө хүрч, буураад байна. Ялангуяа сүүлийн дөрвөн жилд зээлийн хүү эрчимтэй буурч, 15 хувьруу буулаа. Тэгэхээр зээлийн хүү ингэж буурахад юу нөлөөлсөн бэ?

-Банкны зээлийн хүү сүүлийн 30-аад жилийн хамгийн доод түвшинд ирлээ. 1990-ээд оны үед жилийн 300 хувьд хүрч байсан зээлийн хүү өнөөдөр 15.6 хувь болж буурсан байна. Зээлийг хүүг өмнө нь сарын 3-4 хувь гэж ярьдаг байсан бол одоо жилийн 15 хувь, 8 хувь гэх мэтээр ярьдаг болсон нь амжилт юм. Ялангуяа сүүлийн дөрвөн жилд зээлийн хүү 20 орчим хувиас 16 орчим хувь руу эрчимтэй буурсан нь үндсэндээ макро тогтвортой орчны л нөлөөлөл юм. Инфляц харьцангуй тогтвортой байлаа. Гадаад валютын нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрлээ. Тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалтыг татаж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлсэн. Төсвийн бодлого хэт тэлэлттэй бус, харьцангуй сайн явж ирсэн дөрвөн жил байлаа. Үүний хүчинд л зээлийн хүү буурч байна. Цаашид энэ эрчээ хэрхэн хадгалж, зээлийн хүүг бууруулах вэ гэдэгт төвлөрч байгаа. Тэгэхээр цаашид зээлийн хүү буурах гол нөхцөл нь ерөөсөө л макро тогвортой орчин байх болно.

 

-Монголд ер нь зээлийн хүү яагаад харьцангуй өндөр тогтож ирсэн бэ. Үүнд зээлийн эх үүсвэрийн зардал ихээхэн жин дардаг нь голлон нөлөөлж байна уу?

 

-Зээлийн хүүг бүтцээр нь авч үзвэл гурван хэсэгт хуваагддаг. Үүний хамгийн их жин дардаг хэсэг нь эх үүсвэр буюу бусдаас татан төвлөрүүлж байгаа хөрөнгө. Энэ нь нийт зардлын 60 хувийг бүрдүүлж байна. Яг энэ эх үүсвэрийн зардлыг бууруулахад банк үндсэндээ ямар ч оролцоо байхгүй. Эдийн засгийн нөхцөл байдал, макро тогтвортой байдлаас хамаарч эх үүсвэр татах зардал буюу хадгаламжийн хүү буурч, гаднаас татаж буй зээл, бонд хямд байх боломжтой байдаг. Тэрний дараа банкны үйл ажиллагааны зардал бий. Үүнийг өрсөлдөөний зарчмаар банкууд бууруулах сонирхолтой байдаг. Хэн нь бага зардал гаргаж, илүү ашигтай ажиллах вэ гэдэг дээр банкууд өрсөлдөж байгаа шүү дээ. Тэгэхээр энд зах зээлийн хууль ажиллаж байгаа юм. Гэхдээ үйл ажиллагааны зардал дотроо зах зээлийн зарчим ажиллахгүй хэсэг бас бий. Түүн дээр Монголын банкны холбоо зангидаад, дундын дэд бүтцүүдийг байгуулах чиглэлээр тодорхой төслүүдийг хэрэгжүүлээд ажиллаж байна. Тухайлбал, бэлэн мөнгөний удирдлагыг нэгтгэж зардлыг бууруулах, АТМ, ПОС машины дундын дэд бүтцийг бий болгох гэх зэргээр ажиллаж байгаа.

Зээлийн хүүнд нөлөөлж байгаа гурав дахь хүчин зүйл нь зээлийн эрсдэлийн сангийн зардал. Чанаргүй зээлийг төлүүлэхийн төлөө нэг банк шүүхээр явлаа гэхэд дунджаар 4.2 жил зарцуулж байна. Тэрнээс дээш 10 гаруй жил болчихсон маргаан ч бий. Шүүхийн энэ процессыг богиносгож, эрх зүйн орчныг сайжруулж, тодорхой болгож өгөх шаардлагатай.

Шүүхийн маргааныг түргэн шуурхай шийдвэрлэх, чанаргүй зээлийг төлүүлэх хөшүүргийг хуулиудад тусгаж өгөх хэрэгтэй. Тэгж байж, чанаргүй зээлдэгчээс болж банкинд бий болсон нэмэлт зардал бусад сайн зээлдэгчдийн зээлийн хүүнд шингэхгүй байх нөхцөл бүрдэнэ. Энэ гурван хүчин зүйлийг шийдэхэд тусгаж болох саналуудаа Банкны холбоо Монголбанкинд тавиад байгаа.

 

-Чанаргүй зээлийг бууруулахтай холбоотой Активын удирдлагын тухай хуулийн төсөл уг нь УИХ-д өргөн баригдсан байдаг шүү дээ. Энэ хуулийг баталж, хэрэгжүүлэх боломж, нөхцөл нь манай улсын хувьд ямар байна вэ?

 

-Муу зээлийг шийдэх олон улсын сайн жишиг бараг улс болгонд бий. Муу зээлийг хямдруулан худалдаж авах, эсвэл барьцаа хөрөнгийг үр бүтээлтэй ашиглах замаар эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлж байгаа. Жишээ нь нэг банкинд тоног төхөөрөмж нь, нөгөө банкинд газар нь барьцаалагдчихсан, ашиглагдахгүй байж байлаа гэхэд Актив удирдлагын компани тэр хоёрыг нийлүүлээд, үйлдвэр болгоод, үйл ажиллагааг нь сайжруулаад, ашиг олж, зээлийн эргэн төлөлтөө хийгээд, дээрээс нь тухайн компаниа томруулж, хөгжүүлэх боломж нь бий. Тэгэхээр энэ бол ингэж ажиллах эрх зүйн орчныг нь нээж өгөх тухай л асуудал юм.

 

-УИХ-аас “Ковид-19” цар тахлын эсрэг авах арга хэмжээний хүрээнд зээлийн хүүг бууруулах стратегийг боловсруулж, хэлэлцүүлэх гэж байна. Энэ стратегийн дагуу сарын хүүг 1 хувь, жилийн 12 хувьд хүргэх зорилт тавьж байна. Ийм боломж байна уу?

 

-Энгийн нөхцөлд өмнөх дөрвөн жилийн оновчтой, зөв бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр дахиад дөрвөн нэгж хувиар бууруулчих боломж бий. Харамсалтай нь “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас болж эдийн засаг удааширч хоёр улирал дараалан агшилттай гарсан гэхээр хямрал руу явж байна. Өөрөөр хэлбэл, яг зах зээлийн суурь зарчмаараа бол зээлийн хүү ирэх нэг жилийн хугацаанд эргээд өсөх нөхцөл бүрдсэн гэсэн үг. Гэхдээ банкинд ногддог захиргааны зардал, зээл төлөх эрсдэлийн зардал, зохицуулагч байгууллагаас авдаг хураамж, шимтгэлээ бууруулах зэргээр хиймлээр нэмэгдсэн зардлыг бууруулснаар “Ковид-19"-ийн хүндрэлтэй үед зээлийн хүүг тогтвортой байлгах боломжтой. Түүний дараа эдийн засаг хэвийн түвшинд очиход зах зээлийнхээ зарчмаар зээлийн хуүг бууруулах зорилтдоо хүрэх боломжтой гэж харж байна.

 

-Үүний хүрээнд тавьсан бас нэг зорилт нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх асуудлыг тавьж байгаа. Мөн банкны төвлөрлийг бууруулах, олон нийтэд нээлттэй болгох чиглэлтэй байгаа. Үүнд банкууд хэр бэлтгэлтэй байна вэ?

 

-Банкуудын хувьцаа эзэмшигчдийн төвлөрөл хэтэрхий өндөр байна. Үүнийг бууруулъя гэж Төв банк зорьж байгаа нь олон улсын жишиг гэж харж байна. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхэд ялангуяа том банкуудад хугацаа шаардлагатай. Миний мэдэхээр нэг том банк дотоодын зах зээл дээр хувьцаагаа гаргах гээд нэлээд удаан хугацаанд бэлтгэл хийгээд, яг гаргах болоход манай хөрөнгийн зах зээлийн хөгжил сул, багтаамж бага учраас төвөгтэй нөхцөл үүссэн. Ийм үед дотоодын гэхээс илүү олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгож ирэх шаардлагатай болж байгаа. Гэтэл гаднаас мөнгө татъя гэхэд зах зээлийн таатай орчин бүрдсэн байх шаардлагатай. “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй хямрал дэлхий даяар үргэлжилж байгаа үед гадаад зах зээлээс хөрөнгө босгоно гэдэг амаргүй бөгөөд зах зээлийн таатай орчин бүрдэхийг хүлээхээс өөр аргагүй юм. Үүнээс гадна гадны зах зээлээс хөрөнгө босгохын тулд маш их бэлтгэл хэрэгтэй. Тэр болтол хугацааг аль болох ахиу тавьж өгч байж, зорилтдоо хүрэх боломжтой. Банкны салбарын нийт актив манай улсны ДНБ-тэй тэнцэх хэмжээнд байна. Энэ том салбарыг олон нийтэд нээлттэй болгоно гэдэг бол нэлээд хугацаа шаардах ажил. Гэхдээ бид сайн жишиг рүүгээ явж байна.

 

-Та өмнө нь эх үүсвэрийн зардлыг бууруулахад банк ямар ч оролцоогүй гэжхэлсэн. Үүнийг тайлбарлахгүй юу?

 

-Жишээ нь талхны үнэ жилд 10 хувиар нэмэгдэж байхад хэн нэгэн таньд мөнгийг чинь зургаан хувиар хадгалаад өгье гэвэл, мэдээж талхаа түрүүлээд авчихсан нь дээр шүү дээ. Тэгэхээр инфляци өндөр байхад хадгаламжийн хүү бага байх боломжгүй. Нөгөөтэйгүүр валютын ханш жилд дунджаар зургаан хувиар унаж байхад хоёр хувиар хадгаламж санал болговол валютын хувьд хөрвөх чадвар өндөр учраас өөр идэвхтэй зүйлд хөрөнгө оруулах нь ашигтай болж хувирна. Магадгүй Америкийн Apple компанийн хувьцаа жилд зургаан хувиар өсч байвал, энд хоёр хувиар хадгалуулахаас илүү ашигтай хувилбар болж таарна. Тэгэхээр хэт зөрүүтэй хадгаламжийн хүү санал болгох нь мөнгө гадагшлах урсгалыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Гэтэл тэр валютыг Монголд үлдээж, тэр мөнгөөр хүмүүс бизнес хийж байж, улс орон хөгжинө шүү дээ.

Монголд байгаа мөнгөний үнэ цэнийг нэмэгдүүлэх нь чухал, үүнтэй уялдаж хүү тогтож байгаа юм. Ийм нөхцөлд Монголд итгээд, хямдхан мөнгө өгье гэх газрыг олохын тулд валютын ханш тогтвортой, валютын нөөц хангалттай байх, гадны хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, улсынхаа зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх шаардлагатай.

Жишээлбэл, улс нь өөрөө жилийн 13 хувиар мөнгө татаж байсан түүх бий шүү дээ. Гэтэл банк тэрнээс бага хүүгээр мөнгө татна гэдэг хэцүү. Тэгэхээр улс нь өөрөө зээлжих зэрэглэлээ сайжруулж, саарал жагсаалтаас гарч байж, хүмүүс илүү их мөнгө итгэж өгнө. Үндсэндээ мөнгөний олдоц энэ зах зээл дээр хэр их байна, тэр хэрээр хүү буурна. Тэгэхээр Монгол Улс хэр их хэмжээний мөнгө гаднаас татах чадвартай байна, тэр хэмжээгээр л хүү доошилно. Одоо хүү өндөр байна гэдэг маань мөнгө хангалттай биш байна л гэсэн үг. Тиймээс хангалттай мөнгө олох алхмуудаа л сайн хэрэгжүүлэх ёстой юм. Үүний тулд Засгийн газрын хийх ажил маш их бий.

 

-Зээлийн хүүг бууруулахын тулд хадгаламжийн хүүг бууруулах шаардлагатай болж байгаа. Хадгаламжийн хүүг бууруулъя гэхээр зарим талаар сөргөөр хүлээж авах тал байна?

 

-Нэг зүйлийн хоёр тал шүү дээ. Зээлийн хүүг бууруулъя гэвэл эх үүсвэрийн зардлаа бууруулах л шаардлагатай. Нийт иргэд маань зээлийн хүүгээ бууруулмаар байна гэж шаардаж байгаа бол нөгөө талдаа хадгаламжийн хүү буурахыгхүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Тэгж байж, банк зах зээлийн зарчмаараа санхүүгийн зуучлалын үүргээ гүйцэтгэнэ шүү дээ.

 

-Ярилцсанд баярлалаа.