Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут аймгийн Засаг даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. Аймгийн Засаг даргын үүрэгт ажлыг хүлээлгэн өгөх, Орхон аймгийн Засаг даргын тамгыг гардуулан өгөх арга хэмжээ Нутгийн Удирдлагын Ордны их танхимд боллоо. Арга хэмжээнд Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Төлөөлөгчид болон бусад албаны хүмүүс оролцлоо.

 Монгол улсын Ерөнхий сайдын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 97 дугаар захирамжаар Улсын их хурлын гишүүнээр сонгогдсон Д.Батлутыг Орхон аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.7-д “Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ” гэж заасныг үндэслэн Орхон аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэл хугацаанд Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч Сэмжидийн Батжаргалд даалгасан.

Монгол Улсын Ерөнхий сайдын 97 дугаар захирамжийн дагуу Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут Орхон аймгийн Засаг даргын тамгыг аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргалд гардуулан өгч баяр хүргэн, ажилд нь амжилт хүслээ.