Монголчууд аливаа зүйлд дасах зохицохдоо хурдан юм уу даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрлөө. Ийн хэлэхийн учир нь өдгөө ам.долларын ханш 1805 төгрөгтэй тэнцээд байна. Долларын ханш чангарахад нийтээрээ "ноён доллар" арай л галзуурч байна аа гэдэгсэн. Гэтэл өдгөө ийн өсч хүчээ авахад өнөөх үгээ хэлж байгаа хүн ер алга. Бодвол дасан зохицож, хүлээн зөвшөөрнө гэдэг нь энэ байх даа гэлтэй.

Монголбанк ам.долларын төгрөгтэй тэнцэх ханшийг 1798 төгрөг гэж зарлажээ. Арилжааны банкуудад дунджаар ам.доллар авах ханш 1783 төгрөг, зарах ханш 1805 төгрөг байна. Харин “Найман шарга” захын хувьд үүнээс арай хямдаар тогтоосон байсан ч 1803 төгрөгийн ханштай худалдаалагдаж байх юм.

Уул нь "шинэчлэл-ийн" Засгийн газраас энэ оны төсвийг батлахад ам.долларын ханш 1384 төг­рөг байна гэж эрх баригчид тайл­бар хийж байсан ч тэд өнөөдрийг хүртэл ам гарсан, хэлсэн үгэндээ эзэн болоогүй л сууж байгаа эрх ямбатнууд.

Үүнээс гадна 2013 оны төсвийг батлахдаа нүүрсний үнийг хэт өндөр баталж тэр хэмжээндээ хүрч чадаагүй тул төсөвт тодотгол хүртэл хийгдсэн.

Дээрх хоёр шалтгааны улмаас бараа бүтээгдэхүүний үнэ өдөр ирэх тусам өссөөр байгаа. Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ долоо хоног тутамд өссөн үзүүлэлтэй гарчээ.

2014 оны 4-р сарын 5-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7865 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8610 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.6 хувиар буюу 380 төгрөгөөр, үхрийн цул мах 1.6 хувиар буюу 170 төгрөгөөр өсчээ. Өнгөрсөн долоо хоногт үхрийн мах “Макс” хүнсний захад хамгийн хямд буюу 7600 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10000 төгрөг байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.0 хувиар буюу 300 төгрөг, хонины цул махны үнэ 3.2 хувиар буюу 250 төгрөгөөр тус тус өссөн байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Макс” хүнсний захад хамгийн хямд буюу 6400 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ  2014 оны 4-р сарын 5-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1049-1500 төгрөг, 1-р зэргийнх 780-1000 төгрөг, 2-р зэргийнх 550-800 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1000-аас 1200 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 850 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 800-900 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Хар Хорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 900 төгрөгөөр худалдаалж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар ам.доллар 1805 төгрөгтэй тэнцэж байгаа нь ахин бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхгүй гэсэн баталгаа алга. Ноён ам.доллар нэг жилийн өмнө 1440 орчим төгрөгтэй тэнцэж байсныг санах хэрэгтэй. Гэтэл ганцхан жилийн дотор нэг ам.долларын  340 орчим төгрөгөөр нэмэгдэж байгаа нь монгол улсын эдийн засагт аюулын харанга дэлдэж буй хэрэг юм.  Энэ байдлаараа бараа, бүтээгдэхүүний үнэ, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд байвал дундаж амьдралтай ард иргэд чинь юугаа идэх болж байна аа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг өндөгний үнэ өсөхөд "битгий өндөг ид" гэж нэгэнтээ хэлсэн. Мөн будааны үнэ нэмэгдэхэд "гурилаа ид" хэмээсэн өнөөдрийн байдлаар гурилын үнэ ч нэмэгджээ.

"Үнэ тогтворжуулах хөтөлбөр" биш өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөөд байна. Эдийн засгийн жамаараа явсан бол ингэж их огцом нэмэгдэхгүй л байсан. Түүнчлэн ганцхан жилийн дотор ам.долларын ханш галзууртлаа нэмэгдэхгүй. Өмнө нь өсөөд, буудаг. Гэтэл өдгөө өссөн ч буцаад дорвитой бууж байгаа зүйл алга. Манай улс шиг гадны мөнгөн тэмдэгтээс хамааралтай улс хаа ч алга гээд хэлчихэд буруутан болохгүй биз ээ.  Ард түмэн чинь энэ эрчээрээ явах юм бол элгээрээ газар мөлхөхөөс өөр замгүй үлдлээ.

 

 Х.Даваа