“Орон сууц” -ны үнэ 2008 оноос эрчимтэй нэмэгджээ
2014/05/07
Монгол улсын эдийн засаг элэгээрээ уналаа гэхийг сүүлийн жилүүдэд их хэрэглэх болсон. Энэхүү үгийг хэлж буй хүмүүсийг муу ёрлоод гэж шүүмжлэгчид ч бий. Гэтэл сүүлийн 3-4 жилийн хугацаанд орон сууц, барилгын материалын үнэ тэнгэрт хадаж урин дулааны улиралд үнэ нь өссөөр байгаа.
Монгол Улсын эдийн засгийн (2014 оны 3 дугаар сарын байдлаар) байдалд хийсэн судалгаагаар бүх бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үзүүлттэй гарчээ.
Орон сууцны үнэ: Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт орон сууцны үнийн индекс 2014 оны 1 дүгээр улиралд 2010 оны эцсийнхээс 2.2 дахин, өмнөх оны мөн үеийнхээс 34.9 хувь, өмнөх улирлынхаас 2.3 хувиар өсчээ. Энэ оны 1 дүгээр улиралд өмнөх оны мөн үеийнхээс Сонгинохайрхан дүүрэгт 38.9 хувь, Хан-Уул дүүрэгт 36.5 хувь, Баянзүрх дүүрэгт 35.4 хувь, Сүхбаатар дүүрэгт 34.8 хувь, Баянгол дүүрэгт 32.9 хувь, Чингэлтэй дүүрэгт 32.3 хувиар өсч, өмнөх улирлынхаас Сонгинохайрхан дүүрэгт 4.3 хувь, Хан-уул дүүрэгт 2.6 хувь, Баянгол, Баянзүрх дүүрэгт тус бүр 2.0 хувь, Сүхбаатар дүүрэгт 1.9 хувь, Чингэлтэй дүүрэгт 0.9 хувиар өсчээ.
Ашиглалтад 1970 оноос өмнө орсон орон сууцны үнэ: 2014 оны 1 дүгээр улиралд өмнөх оны мөн үеийнхээс 24.8-34.9 хувиар нэмэгдсэн бөгөөд 1970-2001 оны орон сууцных 31.9- 38.9 хувиар өсч түүнчлэн 2002 оноос хойш ашиглалтад орсон орон сууцны үнэ 33.5-43.4 хувиар нэмэгдсэн байна.
Ашиглалтад 1970 оноос өмнө орсон орон сууцны үнэ 2014 оны 1 дүгээр улиралд өмнөх улирлынхаас 0.6-1.5 хувиар, 1970-2001 оны орон сууцных 1.0-4.3 хувиар, 2002 оноос хойших орон сууцны үнэ 1.4-5.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
Улаанбаатар хотод худалдаалагдсан барилгын гол нэрийн материалын дундаж үнэ: Улаанбаатар хотод 2014 оны 3 дугаар сард худалдаалагдсан эх орны үйлдвэрийн болон ОХУ, БНХАУ, БНСУ-д үйлдвэрлэсэн барилгын үндсэн 24 нэр төрлийн материалын дундаж үнийг судалжээ.
Өмнөх оны мөн үеийнхээс 2014 оны 3 дугаар сард эх орны үйлдвэрийн нэг м3 шалны банзны үнэ 40.0 мян.төг буюу 20.0 хувь, захалсан банзных 5.0 мян.төг буюу 14.3 хувь, нэг м2 вакуум цонхных 8.0 мян. төг буюу 8.9 хувиар өсчээ.
Улаан тоосгоны ширхэгийн үнэ 66 төг буюу 21.4 хувь, нэг м3 хөнгөн бетоных 13.2 мян.төг буюу 8.8 хувиар буурчээ. БНХАУ-д үйлдвэрлэсэн нэг ширхэг шалны хавтангийн үнэ 650 төг буюу 76.5 хувь, уян шүршүүрийнх 12.5 мян.төг буюу 41.7 хувь, шаазан суултуурынх 22.5 мян.төг буюу 20.5 хувь, тосон будгийнх 500 төг буюу 20.0 хувь, крантных 11.5 мян.төг буюу 19.2 хувь, шаазан угаагуурынх 15.0 мян.төг буюу 18.8 хувь, тараган цавууных 500 төг буюу 14.3 хувь, төмөр хаалгынх 22.5 мян.төг буюу 14.1 хувь , дүүжин таазных 100 төг буюу 1.8 хувиар өсч, нэг килограмм хадаасны үнэ 500 төг буюу 17.9 хувь, гадна эмульсийнх 3.0 мян.төг буюу 16.7 хувь, цементийнх 1.4 мян.төг буюу 14.3 хувь, нэг м2 цонхны нөлөөгүй шилний үнэ 1.0 мян.төг буюу 7.7 хувиар буурчээ. БНСУ-д үйлдвэрлэсэн ханын цаасны үнэ 1.8 мян.төг буюу 32.7 хувь, ОХУ-д үйлдвэрлэсэн боодол чулуутай, хар цаасны үнэ 2.0 мян.төг буюу 10.0 хувиар өссөн байна.
Өмнөх сарынхаас эх орны үйлдвэрийн нэг метр квадрат вакуум цонхны үнэ 8.0 мян.төг буюу 8.9 хувиар өсчээ.
Дээрх судалгаанаас харахад орон сууцны үнэ 2008 оноос хойш эрчимтэй нэмэгдсэн ажиглагдаж байгаа юм. Уул нь орон сууцны үнийг барих талаар арга хэмжээ авна гэсэн нь үлгэр болж, иргэд хямд үнээр байр худалдаж авахыг хүсэн хүлээсээр. Энэ хүлээлт биелэлээ олохгүй нь бололтой. Учир нь өнөөдрийн байдлаар нэг ам.долларын үнэ 1811 төгрөгтэй тэнцэж байна.
Манай улсад бичигдээгүй нэг хууль эдийн засагт үйлчлээд буй энэ нь ам.доллар, юань, шатахууны үнэ нэмэгдэхээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үнэ нэмэгддэг. Харин доллар, шатахууны үнэ буурахад харин өнөөх нэмэгдсэн бараа бүтээгдэхүүний үнэ буурдаггүй.
Х.Даваа