“Хүй Мандал” галаас дөрвөн уяач цол авлаа
2021/06/04
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.6, 8.8-д заасан болзол хангасан уяачдад Монгол Улсын цол хүртээх тухай 148 дугаар зарлигийг 2021 оны зургаадугаар сарын 2-ны өдөр гаргасан. Зарлигийн дагуу цол хүртээх ёслол өнөөдөр Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 148 дугаар зарлигаар Монгол Улсын Тод манлай 5 уяач, Монгол Улсын Манлай 22 уяач, Монгол Улсын Алдарт 26 уяач төрлөө.
Тухайлбал, “Хүй мандал” галаас Тод манлай уяач нэг, Манлай уяач хоёр, Алдарт уяач нэг төрлөө. Тодруулбал,
1. Түмэндэлгэрийн Ихбаяр Тод манлай уяач
2. “MGL Сorporation”-ын Ерөнхий Захирал Баасансүрэнгийн Нямжав Манлай уяач
3. Заабар ххк Ерөнхий захирал Занабазарын Батбаяр Манлай уяач
4. Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг Алдарт уяач цол хүртлээ.
Уяачдад цол хүртээх үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга: "Дэлхий нийтэд тархсан цар тахлаас шалтгаалан сүүлийн хоёр жил уяачдын цол олголгүй өнжсөн учраас Үндэсний баяр наадмын тухай хуульд заасан болзлыг хангаж, 2019, 2020 оны улс, аймаг, бүсийн наадамд амжилттай оролцсон уяачдад Тулгар төр, Их Монгол Улс, Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Ардын хувьсгалын тэгш ойн босгон дээр Монгол Улсын цол хүртээлээ. Бүгдэд нь баяр хүргэе. Монгол наадмын салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон хурдан морины уралдаан бол үндэсний өв их соёл, монгол үндэстний ижилсэл бас ялгарал билээ. Биднийг морьтон монгол хэмээн таньдаг, бид мориороо бахархаж, морио дээдэлдэг ард түмэн. Морин уралдааныг спортын зэрэгт хүргэж, уяачдын амжилтыг бодитоор биежүүлж, хэрэгжүүлж байдаг унаач хүүхдийн асуудал нийгмийн хурц хэлэлцүүлгийн сэдэв болоод удаж байна. Нэг талаас уламжлал, морин уралдааны нөхцөл, боломжийн асуудал, нөгөө талаас хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн болон санхүүгийн асуудал энд мөргөлддөг юм. Олон жил яригдаж, тодорхой шийдлүүд олж байгаа ч асуудал зүгшрээгүй, нэг мөр шийдэгдээгүй л байгааг уяачид анхааралдаа аваарай.” Гэв.