УИХ-ын гишүүн асан, АН-ын Нарийн Бичгийн Дарга Б.Гарамгайбаатартай ярилцлаа.

Сайн байна уу? Өнөөдөр Монгол Улсын импортын барааны хамгийн гол гарц үндсэндээ гацсантай адил болж, Замын-Үүд дэхь ариутгалын хаалга барих ажлыг Монгол Улсын Засгийн Газар сар дамнан хийж, бензины үнэ өсөн, улмаар өргөн хэрэглээний барааны үнэ ч бүхэлдээ өсчихлөө. Өнөөгийн эдийн засгийн энэ хямралт байдлын учир шалтгаан, хойшид үүсэх үр дагаварын талаар таны байр суурийг сонсоё?

 

Би ямар нэгэн төрийн алба хашаагүй учраас та бүхэнтэй адилхан л хэвлэлээс мэдээлэл авч байгаа. Гэхдээ миний бодлоор бензин шатахууны үнэ өсөх болоод импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнүүд Замын-Үүд дээр саатаж байгаа асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй байгаа нь нилээн хүнд цаг үе бидний өмнө ирж байгааг маш тодорхой харуулж байна. Энэ бүхэн мэдээж нэг өдөр бий болоогүй, удаан хугацаанд асуудал хуримтлагдаж явсан байж таарна. Ковид-19 гэж айхтар өвчин, энэ өвчинтэй холбоотой төр, засгийн удирдлагуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд биднийг ямар байдал руу оруулж, тухайн арга хэмжээнүүд нь үр дүнгээ хэрхэн яаж өгөв гэдгийг хүмүүс өөрсдийнхөөрөө л дүгнэж байгаа байх. Энэ бол ноцтой асуудал.

 

Миний ойлгож байгаагаар төрийн удирдлагууд коронавирустэй холбоотой асуудлуудыг шийдэх явцдаа дэлхий нийтийг хамарсан энэ өвчнөөс шалтгаалж, Монгол руу орж ирдэг бараа бүтээгдэхүүний болон бензин шатахууны асуудал хүндэрч болзошгүй юм гэдгийг урьдчилан тооцоолж чадаагүйн гай гэж харж байна. Тийм учраас бид ийм хүнд зам туулах шинжтэй болчихлоо. ОХУ-ын тал бензин шатахуун импортоор өгөхгүй гэсэн яриа явж байна лээ. Яг шийдэгдсэн эсэхийг нь би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ийм хүндрэл гарах юм байна гэдэг дохио их эртнээс орж ирсэн. Учир нь хуурамч бензин шатахууны асуудал олон жил яригдаж байхад уг асуудал дээр Засгийн газар, УИХ огт арга хэмжээ аваагүй. Энэ нь өөрөө Монголд ер нь үйлдвэрийн бүтээгдэхүүн ирдэг юм уу, үгүй юм уу? гэдэг эргэлзээ төрөх нөхцлийг бий болгосон. Тийм учраас Монгол шиг газарт өртөг өндөртэй, цэвэр, импортын бүтээгдэхүүн оруулж ирснээс хулхи буюу чанаргүй бүтээгдэхүүн оруулаад борлуулсан нь ашигтай юм байна гэдгийг шатахуун импортолдог тодорхой хүмүүс ашигласны үр дүнд Оросын импорт хаагдаж байгаа болов уу? Учир нь шударга бизнес явагдахгүй болсон учраас Оросууд энэ асуудалд анхаарал тавьсан байж магадгүй. Нэг өнцөг нь энэ гэж харж байгаа. Хоёрдугаарт их гүрний бодлогоор цаанаа ямар учир шалтгаантайгаар хориг тавих гэсэн оролдлого хийгээд эхлэв? Ер нь анхааруулга өгөөд эхэлнэ гэдэг нь ОХУ, Монгол Улс хоорондын харьцаан дээр асуудал байгаа юм биш үү гэсэн хардлага төрүүлэхээр байгаа юм.

 

Замын-Үүд дээр арга хэмжээ аваад байгаа гэх боловч нийт дөрвөн мянга гаруй чингэлэг Тяньжинь дээр байна гэдэг. Өөрийн чинь хэлсэнээр Замын-Үүдийн тодорхой албан тушаалтнуудыг солилоо, баривчиллаа гэх мэтээр сенсацитай үйлдэл хийлээ. Олон түмэн тэр талаас нь анхаарсан байж магадгүй. Гэхдээ үр дүн нь юу юм бэ? гэдэг нь сонирхолтой асуудал. Өнөөдрийг хүртэл сайжирсан үр дүн харагдахгүй байна. Энэ бол тулгамдсан асуудал. Иргэдийн амьдрал ахуйтай холбоотой, үйлдвэрлэлийн түүхий эд, барилга, барилгын материал, мөн шууд эдийн засгийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүнүүд орж ирж чадахгүй, нэг улсын хяналтаас гарч чадахгүй байна гэдэг бол  Монгол улсыг олон улсад хэрхэн яаж хүлээн зөвшөөрч байгаа юм бэ гэдэгтэй шууд холбоотой байх гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, БНХАУ бол их гүрэн.

 

 

 

Магадгүй Монголд нөлөөлөл нь тодорхой хэмжээгээр буурах, нөлөөлөл нь алдагдах болзошгүй байдал үүссэн байж магадгүй. Тийм учраас өөрсдийнхөө нөлөөллийг хэвээр нь хадгалахын тулд байж болох бүх нөхцөлөөрөө өнөөдрийн энэ хүнд цаг үед нь тулгалт хийн, өөрсдөдөө ашигтай байдал үүсгэх гэсэн зорилго бас байна гэж  харагдаж байгаа.

 

 

 

Ийм л өнцгүүд харагдаад байна. Харин Засгийн Газар, УИХ-аас гаргаж байгаа шийдвэрүүд бол дандаа хуурсан, зүгээр л цаас төдий болж өнгөрөөд байгаа нь ажиглагдаад байна шүү дээ. Энэ бол харин манай дотоод асуудал.

 

Ардчилсан Нам өнөөдрийн байдлаар хамгийн хүчтэй, бараг цор ганц гэж хэлж болохоор сөрөг хүчин шүү дээ. Энэ утгаараа Засгийн Газарт эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд нь нөлөөлөх, гаргалгааг нь боловсруулах тал дээр  ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

 

Ардчилсан Нам бол өнөөдөр парламентад байгаа хамгийн том сөрөг хүчин. Албан ёсны 11 гишүүнтэй. Албан бусаар хоёр УИХ-ын гишүүн орсон гэж ярьдаг. Гэхдээ энэ нь УИХ-ын тухай хуулиар бол зөрчилтэй юм байна лээ. Гэхдээ яахав, 13 гэж ярьж, хэвшиж байх шиг байна. Эдгээр УИХ-ын гишүүд маань  сөрөг хүчнийхээ ажлыг өөрсдийнхөө зүгээс хийж байгаа юм шиг л ярьдаг. Том утгаар нь, улс төрийн намын үүднээс харах юм бол тэд АН-ын парламентад байгаа сөрөг хүчний хувьд дорвитой арга хэмжээнүүд авч чадаж байна уу? гэвэл үгүй. Яагаад гэвэл намын бодлого, бүлгийн бодлого, баримталж байгаа чиг хандлагууд дандаа зөрчилтэйгөөр өнөөдрийг хүрч байна. Уг нь улс төрийн чиг хандлагаараа Ардчилсан Намын бодлого хэрэгжиж, түүнийг нь тухайн хүмүүс төлөөлж, сөрөг хүчнийхээ байр сууринаас илэрхийлж явах ёстой. Гэтэл өнгөрсөн хугацаанд тэд зөвхөн хувийн үзэл баримтлалаараа яваад байгаа нь харагдаад байна. Энэ нь өөрөө Ардчилсан Намын дотоод зөрчил, маргаануудтай холбоотой гэж харагддаг. Уг нь энэ асуудлыг ойлгоход маш хялбархан юм.

УИХ-ын гишүүд өөрсдийгөө ард түмний төлөөлөл гэж ойлгоод, ард түмний төлөөлөл учраас би юу ч ярьж байсан яадаг юм гэсэн  ойлголт нь давамгайлаад, энд улс төр явагддаг юм, улс төрийн нам гэж байдаг юм, би улс төрийн намын төлөөлөл юм шүү гэдэг ойлголтоо хаяснаас болж дураараа дургидаг, дур дураараа янз бүрийн поп санаа ярьдаг, “Би” гэсэн тодотгол хийх гэсэн оролдлогууд их явдаг боллоо. Ийм учраас Ардчилсан Намын сөрөг хүчний, бүлгийн байр суурь олон түмэнд учир дутагдалтай,доголдолтой харагдаад байгаа. Үүнийг УИХ-ын эрхэм гишүүд тунгаан бодож байгаа байх. Түүнээс албан тушаал, эрх мэдлээрээ далайлгаад, зөвхөн би гэж тоглолт хийгээд явах байх юм бол энэ нь улс төрийн том намын үйлдэл биш болно шүү гэдгийг хэлье.

 

Та УИХ-д Хэнтий аймгаас сонгогдож, гишүүнээр ажиллаж байсан. 2016 оноос хойш Хэнтий аймгийн УИХ-ын мандат гурвуулаа МАН-аас болчихлоо. Нэг нь Ерөнхий сайд, нэг нь Ерөнхийлөгч боллоо. Мөн Хэнтий аймагт маш олон тэрбум төгрөгийг төсөвлөж зарцуулж байна. Тэр олон тэрбум төгрөгөөр гүйцэтгэсэн бүтээн байгуулалтууд нь маш их шүүмжлэл дагуулж байна. Таны хувьд нутагтаа очиж ажиллаж байна уу? Эдгээр олон тэрбум төгрөгийн үр өгөөж нь ард иргэдэд хүрч байгаа зүйл ажиглагдаж байна уу? Хүмүүс ямар байдлаар хандаж байх шиг байна?

 

Би 2016 оны сонгуульд УИХ-ын гишүүн байхдаа дахин өрсөлдсөн. Харамсалтай нь иргэд сонголтоо өөрөөр хийсэн. Хэнтий аймаг  УИХ-ын  хоёр тойрогтой байхад гурван тойрогтой болгосон, тухайн үед Хэнтий аймагт урьд өмнө нь хийгдэж байгаагүй хөрөнгө оруулалт буюу 280 орчим тэрбум төгрөгийг би УИХ-ын гишүүн байхдаа, АН олонхийг бүрдүүлж байсан Засгийн Газар, УИХ-аар шийдвэрлүүлж өгсөн. Түүний хүчинд Хэнтий аймгийн бүтээн байгуулалтад эрс өөрчлөлт авчирсан гэдэгтэй хүн болгон санал нийлэх байх. 

Үүнийг буруугаар ашиглаж, олон түмнийг төөрөгдүүлсэн үйл ажиллагаа хийсний үр дүнд АН УИХ-ын 2016 оны сонгуульд ялагдал хүлээсэн. Одоо Хэнтийн гурван тойрог дээр МАН-ын төлөөлөл хоёр дахь дөрвөн жилдээ ажиллаж байна. Миний хувьд Хэнтий аймгаар сүүлийн жилүүдэд нэг их яваагүй. Учир нь нэгэнт иргэд надад итгэл хүлээлгээгүй учраас би тэдэнд өөрийгөө харуулж бухимдал төрүүлээд яах вэ? Иргэд өөрсдөө дотроо дүгнэлтээ хийнэ биз гэсэн байдлаар зайтай байсан. Гэхдээ миний төрсөн нутаг учраас байнга ажигладаг. Хөрөнгө оруулалтын тухайд бол мэдээж их хэмжээний тоо, дүн явж байгаа. Бусад аймаг, бусад УИХ-ын гишүүд үүнийг шүүмжилдэг. Шүүмжлэх нь тэр хүмүүсийн эрхийн асуудал. Харин хөрөнгө оруулалт нь үр өгөөжөө яаж өгч байгаа юм бэ гэдэг бол өөр асуудал юм. Монгол Улсын Ерөнхийлөгч болчихсон учраас У.Хүрэлсүхтэй юу ярих вэ дээ? Бүх ард түмнийг төлөөлж, нам бус болсон хүн.

 

Б.Бат-Эрдэнэ гишүүн нийт таван удаа УИХ-д сонгогдож байна. Монголын сайхан аварга, бөх учраас, ард түмэн хайртай учраас сонгодог юм. Түүнээс УИХ- д хийж бүтээсэн гавьтай ажил байгаа эсэхийг нь би сайн хэлж мэдэхгүй байна. Бодвол байгаа л байх. Шороон ордтой холбоотой ч гэдэг юм уу, байгаль орчинтой холбоотой юм бишгүй л ярьдаг. Тэр нь үр дүнтэй болж байгаа эсэхийг  би мэдэхгүй.

 

Л.Оюун-Эрдэнэ бол залуу хүн, эрч хүчтэй. УИХ-ын гишүүн болоод, шударга тавын нэг гэгдэж олон ч зүйлийг амлаж, түүнийгээ хийж хэрэгжүүлнэ гэж ярьж байсан.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хийж хэрэгжүүлж байгаа зарим нэг бүтээн байгуулалтуудыг мэднэ. Тухайн үед энэ бүтээн байгуулалтуудын тодорхой хэсгийг нь дэмжинэ, тодорхой хэсгийнх нь таны  хийж хэрэгжүүлэх гэж байгаа арга зам чинь буруу байна аа гэдгийг би шүүмжилж байсан. Одоо ч хэвээрээ . Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг гэж онцлоод, хөрөнгө оруулалтуудыг их хэмжээгээр татаж байгаа нь сайн боловч яг түүхэн аялал жуулчлал гэдэг утгаараа хэрэгжиж байна уу гэвэл үгүй. Учир нь түүхийг, маш ноцтойгоор гуйвуулж байгаа. Монголын нууц товчоо гэж алдартай бүтээлээр л бид нар Монголын түүхийг ойлгож мэдэрч, хардаг шүү дээ. Монголын нууц товчоо, бусад эртний судар бичгүүдэд гардаг газар нутаг бол яах аргагүй Хэнтий аймаг мөн. Нэр заагаад байгаа газрууд яах аргагүй мөн. Гэхдээ дэлхийн түүхчид, Монгол судлаачид өнөөдрийг хүртэл Чингис Хааны төрсөн нутгийг энэ гээд нэгдмэл нэг саналд хүрээгүй байгаа. Яагаад гэвэл зөрчилтэй. Хэнтий аймгаас төрөн гарсан томоохон түүхч, эрдэмтэд хүртэл энэ асуудал дээр зөрчилддөг. Ийм зөрчилтэй асуудлыг хүчээр нэг газарт өөрсдийнхөө  зорилгоор бий болгож байгаа нь маш ноцтой түүхийн гуйвуулга болж байгаа гэж би хардаг. Ардын хувьсгалаас хойш өнөөдрийг хүртэл маш олон түүхийг гуйвуулсан баримт бичгүүдийг бид засаж залруулж, гажуудлыг нь арилгах ажлуудыг хийсээр л яваа шүү дээ. Магадгүй хэзээ нэгэн цагт энэ гажуудлыг засах боломж ирж ч магадгүй. Тэгэхээр энэ бол ноцтой үйлдэл.

 

Мөн хөрөнгө оруулалтуудыг хийж байгаа нь сайн боловч тухайн хөрөнгө оруулалтуудын үр дүн хэзээ, хэдийд, яаж гарах юм бэ гэдгийг бас л тооцоолоогүй. Жишээлбэл: Онон гол дээр гурван гүүр барилаа. Дөрөв дэх гүүрээ барина гэсэн яриатай байгаа. Миний сонссоноор, мэргэжлийн хүмүүсийн хэлснээр 60 километрийн тойрогт нэг гүүр байх нь эдийн засгийн ач холбогдолтой гэдэг. Гэтэл 30 километрийн тойрогт хоёр гурваар нь гүүр барьж байгаа нь улсын төсвийн мөнгийг үрэлгэн зарж байгаа нэг хэлбэр шүү дээ. Энэ нь хэнд хэрэгтэй юм гээд тооцоод үзэхэд өөр дүн гарна. Үүнийг би шүүмжлээд яах вэ? Нутгийн иргэдэд, бас тодорхой хэсэг хүмүүст таалагддаг учраас их шүүмжилмээргүй байна. Ардчилсан Нам Хэнтий аймагт засаг барьж байхад хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтуудыг дараагийн дарга нар нь ихээхэн үгүйсгэсэн. Янз бүрээр л ярьсан. Гэхдээ үнэн юм гэж байдаг гэдгийг иргэд ойлгоод эхэлчихсэн. Түүнээс хойш үргэлжлүүлээд шинээр хийж бүтээсэн ажил, яг нүдэнд харагдсан ийм ажил байна гэж  би бол хэлж чадахгүй байгаа юм. Хэнтий аймаг бол хөгжиж болох ирээдүйтэй аймаг мөн. Газар зүйн байршлаараа ч тэр, түүхэн ач холбогдлоороо ч тэр Улаанбаатар хотын бас нэг хаяа дэрлэсэн том хот болох боломжтой. Энэ асуудлыг тооцоолох Ерөнхий сайдтай болсон, Ерөнхийлөгчтэй болсон аймаг. Гэхдээ өнөөдөр харамсалтай нь тийм таатайгаар хүлээж авах боломж байхгүй байна.

 

О.Цогтгэрэл даргатай гэх АН-ын Хэрэг Эрхлэх Газрын Дарга Б.Ган-Очир та бүхнийг: “С.Эрдэнэ даргатай гэх АН бол ард түмний 5-хан хувийн дэмжлэгтэй бүлэг хүмүүс. МАН-ынхан тэднийг тэжээж, тэтгэж байна” гэж ярьсан. АН-ын Нарийн Бичгийн Даргын хувьд та энэ тухай ямар тайлбар өгөх вэ?

 

Би  1990 оноос хойш АН гэдэг том намын гишүүн болж явсаар өнөөдрийг хүрч байна. Өнөөдөр ч хэвээрээ байгаа. Дарга гэхээсээ өмнө гишүүнээр нь гуч гаруй жил явлаа. Мэдээж Ардчилсан Намд алдаа оноо байдаг. Гэхдээ алдсанаасаа оносон нь их байдаг юм. Харамсалтай нь сүүлийн үеийн төлөөллүүд маань намаа он оноор нь зааглах ажлыг хийж байгаа л даа. Тэр нь үр дүнд хүрдэггүй юм аа гэдгийг ч бас алхам алхмаар нотолж байх шиг байна.

Би Б.Ган-Очирыг сайн мэднэ. Б.Ган-Очир ХЭГ-ын дарга болчихоод хэвлэлийн хурал хийж байхыг нь харсан. Уг нь ХЭГ-ын дарга гэдэг ажиллах хүрээ нь өөрөө хязгаартай юм. Аливаа намд улс төрийн тайлбар хийдэг, улс төрийн өнцгөөс ярьдаг хүмүүс нь өөр хүмүүс байдаг. Үүнийг мэдэх хүний нэг л дээ. Эхлээд хэвлэлийн хурал хийхдээ өөрийгөө ийм ажлыг хүлээж аваад, би бол ийм ажил хийнэ гээд эрүүл, зөв ярьж байсан боловч сүүлд ярьсан яриаг нь харахад нөгөө ярьж хэлж байснаасаа 180 градус эргэчихсэн, ямар нэгэн бухимдал илэрхийлээд байна лээ. Энэ нь ч Б.Ган-Очир гэдэг хүнд таагүй л байгаа байх. О.Цогтгэрэлийг УИХ-ын гишүүнийх нь хувьд мэднэ. О.Цогтгэрэл яагаад АН ийм болсон юм. Яагаад АН хоёр дарга, гурван ч даргатай гэж яриад байгаа вэ? гэдгийг маш сайн мэдэж байгаа. Өөрөө түүнийг бүтээж бий болгосон хүмүүсийн төлөөлөл шүү дээ. Тэр утгаараа тэр хүмүүс өөрсдөө тайлбарлах байх. Таван хувь гэж Ерөнхийлөгчийн сонгуульд үзүүлсэн амжилтыг ярьж байгаа юм. Ардчилсан нам, Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа хүнийхээ төлөө ажиллах нь Ардчилсан Намын үзэл баримтлалыг өөрийнхөө үзэл баримтлал гэж ойлгодог, Ардчилсан Нам гэж улс төрийн хүчний төлөө, энэ улс төрийн хүчнийг миний байх ёстой газар гэж боддог хүмүүс сонголтоо хийсэн. Тэр нь 70 мянга орчим хүн болсон байх.

 

 

 

Бусад хүмүүс үндсэндээ С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүс МАН-д үйлчилсэн гэж яриад байгаа боловч үнэн чанартаа өөрсдөө МАН-д үйлчилсэн. Учир нь цагаан сонголтыг хэн уриалсан нь маш тодорхой, өнөөдөр би тэр гэж нэр заагаад ч хэрэггүй. ХҮНамд хэн оноо нэмсэн нь маш тодорхой.

 

 

 

МАН-д нэмээгүй байх магадлалтай. Энэ асуудал өөрөө асар тодорхой учраас тэр хүмүүс өөрсдөө хариулсан нь зөв байх гэж бодож байна. 

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Х.Тэмүүжин, З.Нарантуяа нар АН-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж, АН-ын Их хурлыг дахин хийх ёстой гэсэн санаачилга гаргасан. Гэтэл Д.Сосорбарам тэргүүтэй АН-ын лидерүүд “АН хоёр хуваагдсан нь сайн хэрэг. Тос усаараа ялгарлаа. Баруун зүүнээрээ салаад 2 нам болчих хэрэгтэй” гэж ярьсан. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

 

Д.Сосорбарамаас нь эхэлье. Д.Сосорбарамын ярьж хэлж байгаатай би санал нэг байдаг. Ардчилсан Нам саяхан зөвлөхүүдийн танхим байгуулсан. Зөвлөхүүдийн танхимд Монгол оронд ардчиллыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан,  ардчиллыг үүсгэж, түүний төлөө сэтгэл зүрхээрээ тэмцэж явсан ахмадууд багтсан. Д.Сосорбарам ч байгаа, С.Эрдэнэ ч байгаа. Ардчилсан Намын туулсан энэ гучин нэгэн жилийг үгүйсгэх ажил маш эрчимтэй явж байна. Ардчилсан Нам л буруутан юм шиг, Ардчилсан Намын гишүүд л Монгол Улсад гай авчирсан юм шиг. Харамсалтай нь үүнийг МАН-аас гадна манай гишүүд асар их хүчтэйгээр сэвж дэвэргэж байгаа. Монголын улстөрийн хүчтэй хоёр баганынх нь нэг болохын тулд гучин нэгэн жил гэдэг богинохон хугацаа байж магад. Эсвэл урт хугацаа ч байж магадгүй. Гэхдээ үзэл баримтлал гэдэг зүйлийг Улсын Дээд Шүүхээр батлуулаад, албан ёсоор тунхаглал болгон Үндсэн хууль шиг ширээн дээрээ залсан нам бол ганцхан Ардчилсан нам. МАН-д ч ийм үзэл баримтлал байхгүй. МАН зүүн төвийн нам гэдэг учраас социалдемократ чиг хандлагатай байж таарна. Гэтэл МАН-ын үйлдэл болгон социалдемократ үзэл баримтлалаар нүүрээ халхавчилсан коммунист нам гэдгээ харуулдаг. ХҮНам бол социал демократ нам. Бас л зүүн төвийн нам. ХҮНамын залуучууд харьцангуй орчин үеийн социалдемократ буюу зүүн төвийн чиг хандлагыг Монголд хэрэгжүүлэх гэж оролдож байгаа хүмүүс. МАН-аас ялгаатай байгаа биз? Энэ хоёр нам үзэл баримтлал нь зүүн төвийн, социалдемократ юм бол бие биеэ шүүмжлэх ёс байхгүй шүү дээ. Хэрэгжүүлж, хийж байгаа болгон нь ижилхэн байх ёстой. Гэтэл зөрчил байгаад байдаг нь МАН социалдемократ нам биш юм байна гэдгийг баталж байгаа нэг хэлбэр юм.

 

 

 

Ардчилсан Нам бол баруун төвийн, либерал, консерватив чиг хандлага дээр суурилагдсан. Гуч гаруй жилийн туршид Ардчилсан Нам дээр болсон бүх үйл явц бол энэ чиг хандлагаа л олж авахын тулд, чиг хандлагыг итгэл үнэмшлээрээ дагах тэр  хүчээ хайж явсны илрэл.

 

 

 

Манай нам дотор олон нам, олон үзэл баримтлалтай олон бүлэг хүмүүс орж байсан. Энэ нь зөвхөн энэ удаагийн сонгуульд ялахын тулд юутай ч хамаагүй нийлээд ялж л байвал бусад нь хамаагүй гэдэг зорилго хадгалагдаж байсан гэдгийнх. Одоо цаг үе өөр болсон. Одоо Ардчилсан Нам өөрийнхөө байх ёстой газарт, өөрийнхөө үзэл баримтлал дээр хатуу чиг хандлагаа барьж зогсох ёстой. Тэр утгаар нь Д.Сосорбарамын хэлсэн үзэл санааны ялгарал гэдэг зүйл зайлшгүй болсон цаг үе. Би ч тэгж ойлгож явдаг. Ардчилсан Нам дотор социалдемократ буюу зүүн төвийн үзэл баримтлалтай хүмүүс байгаа. Коммунист гэдэг юм уу, пролетари үзэл бодлыг дэмждэг улсууд ч бий. Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг хүмүүс ч байна. Одоо энэ бүгдээс бид салах цаг болсон. Тийм учраас Ардчилсан Нам өөрийнхөө үнэт зүйл болсон үзэл баримтлал дээр тулгуурласан үйл ажиллагааг явуулдаг, түүнийгээ хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө батлуулдаг, түүнийгээ дэмжиж ажилладаг парламенттай байх ёстой.

 

МАН олонх болоод байгаа  одоогийн нөхцөл байдлыг харахад Монгол тусгаар тогтносон улсаа Үндсэн хуулиараа баталгаажуулчихсан, Үндсэн хуулийн заалт дотор парламентын засаглалтай байна гээд баталсан хуультай улс хэдий ч ар талд нь нэг намын дарангуйлал, коммунист чиг хандлага маш эрчимтэйгээр явж байна. Сонгуулийг нь харахад парламентын ардчилсан сонгууль болоод байдаг. Олон нам ороод байдаг. Парламент нь байгаад байдаг, дотор нь янз бүрийн намын төлөөлөл байгаад байдаг. Гэхдээ гадна талаас нь харахад төр барьж байгаа намын барьж байгаа, хэрэгжүүлж байгаа бодлогыг нь харах юм бол нэг нам Монголд засаглах зорилготойгоор, түүнийгээ маш эрчимтэйгээр хэрэгжүүлэх чиг хандлагатайгаар ажиллаж байна. Хүмүүсийг мөнхөд айдастай, үг хэлэх эрхгүй, өмчийг аль болох хязгаарласан, хураасан чиг хандлагуудыг түлхүү барих ийм  нам төрийн толгой дээр гарч ирчихээд 100 жил болсон юм гээд дахиад 100 жил энэ жишгээр явах зорилтынхоо суурийг тавиад эхэлж байна шүү дээ. Ийм учраас л Ардчилсан Нам энэ удаагийн нөхөн сонгуульд маш их ач холбогдол өгөх ёстой.

 

 Таны ярианаас анзаарахад Ардчилсан Намын хуваагдалд зөвхөн удирдлагуудын ч биш үзэл баримтлалын зөрчил ч давхар нөлөөлсөн байх нь ээ?

 

Зүй ёсны хуваагдал явж байгаа юм. Өмнө нь  бид  сэтгэлийн хөөрлөөр юм уу, ямар ч үнээр хамаагүй ялаад эрх мэдэлтэй болъё гэсэн зохиомол нэгдэл байсан. Одоо бол үгүй. Одоо бид үзэл санааны зөрчлүүдээ ялгаж салгаад, чиг хандлагаа маш тодорхой болгох хэрэгтэй. Энэ чинь хүмүүсийн өөрийнх нь сонголт болохоос хэн нэг хүмүүсийг авчраад бөөнөөр нь хашиж байгаа асуудал биш шүү дээ. Нэгэнт улс төр гэж байгаа бол, аль нэг намаар улс төр хийгдэнэ. Тэр намыг сонгох гэж байгаа бол миний дотор хүн юу гэж надад зөвлөөд байна вэ гэдгийг л сонсож явах ёстой болохоос өөр хэн нэгийг дагаад юм уу, сэтгэлийн хөөрлөөр  явдаг цаг үе дууссан. Тийм учраас энэ салж нийлж байгаа, зөрчил гээд яриад байгаа асуудлууд зүй ёсны асуудал явж байгаа гэж би ойлгодог.

 

Тэгэхээр нөгөө талд байгаа хүмүүс Ардчилсан Намд эргэж нэгдэх асуудлыг ярьснаас өөр нам байгуулаад явчихсан нь дээр гэж харж байна уу?

 

Тэр хүмүүст бүх боломж нь нээлттэй байгаа. Хэрвээ тэр хүмүүс сэтгэл санаа, үзэл баримтлаараа ойрхон хүмүүс ярилцаад, хоорондоо шүүгээд, чиг хандлага үүнтэй нь ижилхэн юм байна, үүнийг нь  бид тууштай дэмжих нь зөв юм байна гээд, тэр нь Ардчилса Нам юм байна гэсэн сонголт хийгээд ороод ирвэл үүд нээлттэй. Гэхдээ  “Өө,чи ашгүй хүрээд ирэв үү” гэж хүлээж авахгүй шүү дээ. Яагаад гэвэл энэ нам өөрийн үзэл баримтлал дээр тулгуурласан дүрэмтэй. Тэр дүрэм нь өнөөдөр хүчин төгөлдөр. Дээд Шүүхээр батлагдсан дүрэм үйлчилж байгаа тохиолдолд тэр дүрмийн заалтууд дээр орж ирж байгаа хүний үүрэг хариуцлага нь ямар  юм бэ? гэдгийг, шалгуур үзүүлэлтүүдийг хангасан эсэхээр асуудал шийдэгдэнэ.

 

Намын гишүүн болно гэдэг тэр дүрмийг хүлээн зөвшөөрч байж л орж ирж байгаа хэрэг. Дүрэм хатуу биш шүү дээ. Явцын дунд, цаг хугацааны хувьд дүрэм өөрөө өөрчлөгдөнө. Тэр өөрчлөлтүүд хэзээ, хэдийд яаж үйлчилдэг болох юм? гэдгийг төлөөллийн төв байгууллага болсон Үндэсний бодлогын хороо шийдээд Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх л асуудал. Үүнийг хоёр хэсэг гээд байгаа, өөрийн чинь асуугаад байгаа О.Цогтгэрэл гээд байгаа тал бүгд маш сайн мэдэж байгаа. Яагаад энэ зөрчлийг хурцатгаад, нийгэмд үүнийг улам хурц хэлбэр лүү нь харуулах гээд, хэн нэг хүн рүү дайраад байгаа нь  өөрсдийнх нь хувийн сонирхол. С.Эрдэнэ гэдэг хүнийг юу ч гэж ярьж болно, юу ч гэж хэлж болно. Гэхдээ С.Эрдэнэ рүү дайраад байх тусам С.Эрдэнэ гэдэг хүн амьд организм учраас өөрийгөө хамгаалах үйлдлийг хүссэн ч, эс хүссэн ч хийнэ шүү дээ. Улс төрийн нам гэдэг бол багийн тоглолт. Баг гэдэг дүрэм журамтай. Дүрэм журмын хүрээнд асуудлаа шийдэх нь С.Эрдэнэ гэдэг хүний асуудал биш байхгүй юу. Ийм асуудлуудыг  мэдсээр байж мэдэн будилж тоглоод байгаа нь өөрөө хувь хүмүүсийн хувийн сонирхол нь давамгайлсан үйлдлүүд гэдгийг харуулж байна. Үүнийг эдийн засагтай холбочих юм бол хүмүүсийн өнөөдөр амьдарч байгаа цаг үе нь хүнд байгаа учраас жижиг сажиг юманд хууртагдах нь элбэг байна  шүү дээ. Түүнээс  жинхэнэ үзэл санаа, үнэт зүйлс дээрээ зогсох нь цөөдөөд байна.

 

Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

 

Ярилцсан: М.Чойжал

сонин.мн