Xууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг “Эзнээ харчихаад үхмээр байна” гэж бухимдуулсан хүн бол Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой хэрэгт яллагдагчаар татагдсан тэрбээр ХААН банкийг хаанчлав. Харин хам хэрэг нь замхрав. Төрийн ордон тойрсон улстөржилт, баривчилгаа тийш олны анхаарал чиглэх зуур Монголын аймаг, сум бүрт салбартай, 2.7 сая харилцагчтай ХААН банкинд хаанчлах “хор”-ыг Д.Эрдэнэбилэг найруулсан нь энэ. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдаж авахдаа УИХ-д ч мэдэгдэлгүйгээр Засгийн газраар зарц хийн хэрэгжүүлсэн хар технологио энэ удаад давтлаа. Ц.Нямдоржийн 2016 онд хэлсэн үгнээс иш татахад, “Эрдэнэт үйлдвэр”, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг яаж авсныг нь шалгах хэрэгтэй”  Д.Эрдэнэбилэг ийнхүү “Банк дээрэмдэх” ажиллагаа явуулав. Хэрэг явдал ч ингэж эхэлсэн аж...

 

Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг хууль хяналтынхан 2019 оны хавар саатуулаад хэдхэн сарын дараа батлан даалтад гаргасан. Яг л нөгөө барилаа, харууллаа, тавилаа гэдэг спорт загаслал шиг! “Хилийн хоригтой, хүмүүстэй уулзах нь ч хязгаартай” гэгдэж байсан Д.Эрдэнэбилэг суллагдсаныхаа дараахан “ХААН БАНК” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Хидэо Савадатай уулзсан тухай мэдээлэл тухайн үед хэвлэлүүдэд гарч байв. Тодруулбал, Д.Эрдэнэбилэг Савада санг хувьцаагаа худалдахыг ятгасан. Гэвч хашир япон өвгөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдэд хувьцаагаа худалдахаас эрс татгалзсан. Хэвлэлүүдэд бичсэнчлэн Д.Эрдэнэбилэгийн хувьд Савада сантай хийсэн эхний уулзалт ийн бүтэлгүйтсэн гэдэг.

 

Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгтэй холбоотой дээрх мэдээлэл гарснаас хойш хэдхэн сарын дараа буюу 2020 оны хоёрдугаар сарын 20-нд нэгэн хачирхалтай явдал болов. ХААН банкны хувьцааны 60 хувийг эзэмшдэг Япон улсын “Савада Холдингс” компанийн хувьцааг худалдан авах тендерийг Японы “Мета капитал” компанийн хөрөнгө оруулалттай “Упсилон” гэдэг нөхөрлөл Монголбанкны зөвшөөрөлгүйгээр зарлажээ.

 

Ёстой л “Монголын хууль хуц” гэсэн мэт дээрэнгүй загнах нь тэр. Хамгийн сонирхолтой нь “Упсилон” нөхөрлөлөөс энэхүү тендерийг зарлахын өмнөхөн хотын мэр Д.Сумъяабазар “Мета капитал”-ын гүйцэтгэх захирал Ацуши Сайшог Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзуулсан. Ацуши Сайшо хэмээх энэ овжин япон эрийг Асашёорюү Д.Дагвадорж ах Д.Сумъяабазартайгаа холбож, Д.Сумъяабазар нь Сайшог Б.Лхагвасүрэнтэй уулзахад зуучилсан нь энэ. Ах, дүү хоёроор зуучлуулсан энэхүү уулзалтын үеэр “Мета капитал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ацуши Сайшо “Савада Холдингс” компанийн хувьцааг худалдаж авах мөнгөний зарим хэсгийг Хонконг, Хятадын сангуудаас зээлэх талаар хэлж байсан аж. Гэвч “Упсилон” нөхөрлөлөөс хууль зөрчиж зарласан тендерийг 2,7 удаа сунгаж, энэ хугацаанд Хуулийн шаардлага хангахуйц материал, нотолгоо ирүүлээгүй тул Монголбанк зөвшөөрөл олгоогүй. Ингээд тендер шалгаруулалт 2021 оны долдугаар сарын 16-нд амжилтгүй дуусчээ.

Б.Лхагвасүрэн сандарч эхлэв. Эрх баригч МАН-ын үед тэрбээр Монголбанкны Ерөнхийлөгчийн суудалд заларч, хүү нь Хөгжлийн банкны газрын захирал хийж байгаа. Аав, хүү хоёр албан тушаалын “од”-той байгаа биз! Тэгэхээр Б.Лхагвасүрэнгийн хувьд МАН-ын нөлөө бүхий албан тушаалтнуудын “үүрэг даалгавар”-ыг биелүүлж чадаагүйдээ сандрах нь аргагүй. Суудал нь дэнжигнэнэ шүү дээ. Б.Лхагвасүрэнгийн эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, бас эрх мэдэлтнүүдэд “тал засч” олгосон зөвшөөрлийнх нь уршгаар Монголын банкны системд ихээхэн эрсдэл үүсч мэдэхээр байна. Тэр төв банкны Ерөнхийлөгчөөс огцрох ч энүүхэнд!

 

Учир нь ХААН банкны томоохон хувьцаа эзэмшигч Савада сан Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн зөвшөөрлийг үндэслэж, энэ оны арваннэгдүгээр сарын 01-нд буюу өнгөрсөн даваа гарагт “Мета капитал” компанийн хөрөнгө оруулалттай “Упсилон инвестмент" хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлд хувьцаагаа худалджээ.

Товчхондоо, Д.Эрдэнэбилэг “хөшиг”-ний цаанаас удирдаж, Д.Сумъяабазар, Асашёорюү Д.Дагвадорж нар Монгол, Японы тал хооронд зуучлах үүрэг гүйцэтгэж, Б.Лхагвасүрэн МАН-ын дарга нарын шахалт дор ХААН банкны 60 хувийг Худалдаа, хөгжлийн банкинд “бэлэглэх" ажиллагааг хамтран гүйцэтгэв. 

 

“Сахал” Д.Эрдэнэбилэг ХААН банкны хувьцааг төрийн оролцоотойгоор “дээрэмдэх” хорыг найруулж, жорыг тааруулсан нь тэр. Яг л “Эрдэнэт”-ийн 49 хувь шиг! “49 хувийнхан"-ы толгойлогч ийнхүү толгой дээр нь тонгочиж, ХААН банкин дээр хууль бус ажиллагаа явуулж байгааг “Эрдэнэт”-ийн луйврын эсрэг сүүлчийн цамцаа урагдтал тэмцэх"-ээ УИХ-ын чуулганы танхимд тэр жил мэдэгдсэн Ц.Нямдорж сайд харж л, мэдэж л суудаг байгаа даа! Худалдаа, хөгжлийн банкны харилцагчид, хамтран ажилладаг байгууллагууд “Сахал” Д.Эрдэнэбилэгийн хууль бус үйлдлүүдийн талаар анхаарал, сэрэмж авч л байдаг биз. Ингэхэд энэ хүний хавтаст хэрэг хаана очоод замхрав. Нөгөө сүр дуулиантай баривчилгаа, “Эрдэнэт”-ийн 49 хувийнхантай сүүлчийн цамцаа урагдтал тэмцэх Ц.Нямдорж нарын тэмцэл ингээд конец уу?!

 

Монголын өнцөг булан бүрт салбартай, 2.7 сая харилцагчтай банкны тухай мэдээлэл улс төрийн хүрээнд доргилт өгөх зуур Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ХААН банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяагийн нэр дээр өнгөрсөн сарын 29-нд Н/71 тоот нууцын зэрэглэлтэй мэдэгдэл хүргүүлжээ. Тэрхүү мэдэгдэлд “Монголбанкны 2021 оны долдугаар сарын 26-ны өдрийн А-1/761 тоот албан бичгээр ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Савада Холдингс” ХК-ийн хувьцааг худалдан авах тендерийн саналыг ирүүлсэн баримт материалын хүрээнд шалгаж, татгалзах зүйлгүй болохыг мэдэгдсэн. Олон улсын магадлан баталгаажуулах, хяналт шалгалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Кролл” байгууллагын Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан салбараас Япон улсын хуулийн этгээд “Мета капитал” ХХК нь 2014 онд Худалдаа, хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох “Юнайтед бэнкинг корпорэшн" ХХК (11ВС)-ийн хувьцааг худалдан авч, тус банкны хувьцаа эзэмшигч болсон тухай мэдээллийн дагуу Монголбанкнаас 2021 оны аравдугаар сарын 26-ны өдрийн Н/69 тоот Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай албан бичгийг ХААН банкинд хүргүүлсэн болно" гэж дурджээ. 

 

Гэвч Б.Лхагвасүрэн МАН-ын зарим удирдлагын шахалтанд орж, албан тушаалдаа хэвээр үлдэхийн тулд энэ сарын 01-нд буюу өнгөрсөн даваа гарагт Монголын банкны салбарт сүйрэл авчрах алхмыг хийлээ. Шуудхан хэлэхэд, тэрбээр Д.Эрдэнэбилэг нарын зүгээс ХААН банкны хувьцааг луйвардах ажиллагаанд “Утсан хүүхэлдэй"-н үүрэг гүйцэтгэв.

 

Хамгийн ноцтой нь “Савада Холдингс’’-ийн хувьцааг худалдан авах талаар Худалдаа, хөгжлийн банк, “Мета капитал" ХХК хооронд 2019 оны дөрөвдүгээр сард хийсэн гэрээнд “Сахал” Д.Эрдэнэбилэгийн гарын үсэг байдаг. Харин Д.Сумъяабазар, Асашёорюү Д.Дагвадорж нар “Банк дээрэмдэх" ажиллагаанд юуны учир оролцсон байж таарах вэ? Үүнийг ойлгож ядах зүйлгүй. Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар өнгөрсөн сарын 28-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр “Засгийн газар “Чингис хаан", Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас сүүлийн гурван жил мөнгөө авч чадахгүй байгаа. Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 44 тэрбум төгрөг бий. Авч чадахгүй л байна” гэх ноцтой мэдэгдлийг хийсэн юм. Ч.Хүрэлбаатарын хэлсэн үгнээс уншигч та нэгийг ойлгоно биз. Харин Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хувьд “Гэмт хүн гэлбэлзэнэ" гэгчээр хууль бус шийдвэр гаргасандаа бантаж “МАН-ын тэр даргын өгсөн үүрэг, энэ ч даргын шахаас” хэмээн нүүрээ улалзуулж явна. Хаана очиж хад мөргөх шийдвэрийг ХААН банкин дээр гаргачихав даа, Б.Лхагвасүрэн Ерөнхийлөгч өө.  

 

н.Долгион
Sonin.mn