Монголын ард түмэнд шоронгоос салах заяа байна уу
2014/05/23
Монгол Улсад хүний эрх үнэхээр баталгаагүй байгаа нь харагдах боллоо. Хамгийн сүүлийн жишээ Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан. Гэмт хэрэг хийсэн нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байсан энэ хүн шоронд ямар өрөвдмөөр байдалд байсан нь өнөөдөр ил болж байна.
Толгой нь өдөр шөнөгүй өвдөж, даралт нь 200 хүрч, зүрхний хэмнэл нь байнга алдагдаж байхад түүнийг шоронгийн эмнэлгийн хаалгаар ч шагайлгасангүй. Хорих 461 дүгээр анги буюу шинэ “Ганц худаг” нь агааржуулагч муу гэдгийг хариуцсан дарга нь сая олны өмнө хэллээ. Ийм орчин нөхцөлд аргаа барсан Д.Амарсайхан жаахан ч гэсэн салхи амьсгалж байхын тулд төрсөн ахыгаа “Та өдөр бүхэн над руу ирж байгаач” гэж гуйжээ. Ах нь дүүгийнхээ төлөө очиж байсан байна. Үүнийг анзаарсан шоронгийн хуяг, удирдлагууд уулзалтыг хязгаарлах аястай болоод ирэхээр Д.Амарсайхан агсан өмгөөлөгчийгөө өдөр бүхэн ирж байхыг гуйж, өмгөөлөгч нь боломжоороо очиж байжээ. Тэр хүн агааргүй өрөөнөөсөө гарч хэдэн минут агаар амьсгалахын тулд ямар их чармайж байсныг эндээс харж болно. Энэ бол 1937 оны их аллагын үеийн залхаан цээрлүүлэлтийн нэг хэлбэр гэж хэлж болохоор шахуу зүйл 21 дүгээр зууны ардчилсан Монголд эргээд сэргэчихсэн юм биш үү.
Баривчилгаа үнэндээ зогсохгүй байна. Сүүлийн хоёр жил үргэлжилж байна. Яасан ч барьж дуусдаггүй юм. Даваа гаригийн өглөө ажилдаа ирээд тийм л мэдээ эхлээд сонсдог боллоо. Түрүүчийн долоо хоногт Дундговийн дарга нарыг барьжээ, энэ долоо хоногт нь Төмөр замынхныг, өчигдөр Гашуун сухайтын боомтын дарга нарыг ачсан байна шүү гэх яриа тасралтгүй цувах. 1937 оны их хэлмэгдүүлэлтээр Монгол Улсад тухайн үед байсан 13 аймгийн даргын 11-ийг нь буудан алж, үлдсэн хоёрыг нь 10 жил шоронд хатаасан юм. Баригдаагүй цэргийн дарга, сайд, бусад удирдах албаны хүмүүс байгаагүй. Тэгвэл өнөөдрийн байдлаар албан бус тоогоор төрд алба хашиж байсан, бизнес эрхэлж байсан нийт 1400 орчим хүн Монголын шоронгуудад муугаа үзэж байна. Өнөөдөртөө бол МАН-ын 461 дүгээр үүр гэж нэрлэж болно. Цаашид салхи яаж ч эргэж болно. Ардын хувьсгал хүүхдүүдээ “идэж” эхэллээ гэсэн үг “Нүүдэл суудал” дээр байдаг юм. Ардчилсан хувьсгал арай хүүхдүүдээ “идэх”-гүй байлгүй дээ гэж.
УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаан дээр Лу.Болд гишүүн юу хэлчихэв, харцгаая “... өнөөдөр Монгол Улсад цаазаар авахаас жаахан цааргалчихсан байгаа ч шоронд нь хүний амь нас эрсэдсээр байна. Дээхнэ үед Монголд цаазаар авах ял байсан байгаагүй шоронд орно гэдэг цаазлуулснаас дор гэж яригддаг байсан. ШШГЕГ-ынхан нас барсан тохиолдлыг ноцтой учрал гэж байна. Монгол Улсын хувьд энэ нь эмгэнэл байхгүй юу. Ар гэрийнхэнд нь асуудал яаж тусах нь ойлгомжтой биз дээ. Тэр дундаа гэм буруутай нь тогтоогдоогүй үед ийм үйл явдал болсон нь бид хаашаа яваад байна вэ гэж асуухад хүргэж байна. Тарчлааж, тартагт нь тулгаж байж хэргийг нь хүлээлгэдэг энэ замаасаа хэзээ гарах юм. Миний нэг танилыг хэвтэрт байхад нь АТГ-ынхан дуудсан гэж байгаа. “Би хэвтэрт байна” гэж хариулж дуусаагүй байхад нь шоронд хийнэ гэж сүрдүүлсэн байна билээ. Ийм айдсын төлөө бид 20 гаруй жил ажиллаагүй. НАХЯам дуртай хүндээ дуртай хэрэг тулгадаг байсан. НАХЯамтай ижил байна. Ренчин гуайг “70 настай хүнд даруулга хэрэгтэй” гэж бичээд нийгэмд хэн ч биш болгож байсан. Нас барахад нь оршуулах хүн олдоогүй. Манай аав очиж жинхэнээсээ уйлсан гэдэг шалтгаанаар сэрдэгдэж байсан юм.
Өнөөдөр яаж байна гэхээр хэн нэгнийг хэрэгт тулгахдаа эхлээд хэвлэл мэдээллээр гутаан доромжилж, хэн ч биш болгон нийгэмд муухай харагдуулсныхаа дараа баривчилж, байцааж шүүж байна. Нийгмийн сэтгэл зүйд тухайн хүнийг авлигач хэмээн хүчээр ойлгуулж байгаад дараа нь баривчилдаг аргатай болж. Шинэ НАХЯ-ыг бий болгох гэж байгаа бол хуулийнхан та бүхэн үнэнээ хэл. УИХ-ын гишүүд бид айхгүй шүү. Яаж ч оролдож болно. Биднээс юм гарахгүй л дээ, гэхдээ та нар зохиогоод гаргадаг” гэж хэллээ. “... Эхлээд хэвлэл мэдээллийн байгууллагуудад тухайн хүнийхээ мэдээллийг өгч хар пиар хийлгэдэг, дараа нь барьдаг... УИХ-ын гишүүд бид та нараас айхгүй шүү... биднээс юу ч гарахгүй, гэхдээ та нар гаргадаг”. Эдгээр үгс ноцтой сонсогдож байгаа биз. Сэтгүүлч бид нар гар хөл нь болж, тэдэнд их дэм болж байгааг хэллээ. Сэтгүүлч бидний баян, хөрөнгө чинээтэй хүмүүсийг үзэн яддаг байдал тэдэнд их дэм болж байгаа юм байна. Тэр муу дарга, энэ муу баян хэмээн бичдэг, нэвтрүүлдэг маань эргээд олон хүнийг шоронд хатаах өдөөлт болжээ. Социализмын үед сэтгүүлчид эрх баригчдад таалагдаагүй хүмүүсийг доош нь хийж бичихдээ гаргууд байж, 60, 70-аад оны сэхээтний төөрөгдөл нэртэй хэлмэгдүүлэлтийн гол гар хөл нь болцгоож байсан нь түүхэн үнэн юм. Хүнийг яаж үзэшгүй муухай дайсан болгож харагдуулах, хүний тооноос хасч, нийгмийн илүүдэл болгож, орох байх газаргүй болтол нь сониноор бичиж дарамтлан тухайн үеийн эрх баригчдын “бууны ноход” болж байсныг түүх гэрчилнэ. Зөвхөн Лоохуузын хэргээс харахад л алган дээр байгаа мэт харагддаг. Лоохууз, Сурмаажав, Нямбуу нарын 200 гаруй сэхээтнийг хэлмэгдүүлэн ажлаас нь халж, хөхөө өвлийн хүйтнээр хөдөө буйд сумдад нутаг заан суулгасан.
Тэдний дийлэнх нь га¬даадад боловсрол эзэмшсэн, үндэсний сэхээтнүүд байсныг тэр үеийн сэтгүүлчдийн цөөнгүй нь “Муу эсэргүүнүүд” хэмээн цоллож, нэр төр дээр нь дэвслэн бичиж байлаа. Баримт нь тухайн үеийн сонин хэвлэлийн шарласан хуудаснаа үлджээ. Яг үүн лүгээ өнөөдөр хэрэг хийсэн нь огтхон ч тогтоогдоогүй хэдэн зуун сэхээтнийг, баялаг бүтээж буй өчнөөн олон бизнесменүүдийг шоронд хоёр жилээр хорьж, байцаалт авсан нэрээр тамлаж байхад манай сэтгүүлчид юу ч бодохгүйгээр тэднийг авлигач, луйварчнаар дуудан дээрээс нь дэвслэн бичсээр байгаа нь эмгэнэлтэй.
Саяхан Германаас ирсэн нэгэн хөрөнгө оруулагч Монголд байгуулсан бүх гэрээгээ цуцлаад буцлаа. Яасан гэхээр манай улсад 20 саяас дээш гүйлгээг хууль хяналтынхан шалгадаг хуультай болсон. 60 нас хүртлээ бизнес хийж хөл дээрээ зогсохдоо, нэг ч удаа хуулийн байгууллагын хаалга татаж үзээгүй герман нөхөр Монголд хөрөнгө оруулах гэсэн биш хүчний байгууллагынханд дуудагдаж, байцаалт өгсөн нь нэр төрд нь бүдүүлгээр халдсан, байж болшгүй үйлдэл болжээ. Ийм дайсагнасан, хүмүүсийн ул шагайсан хуультай байж элэнцгийнх нь гадны хөрөнгө оруулалт татах вэ. Монголчуудаасаа халиад хуулийн хүрээнд бизнесээ явуулах гэсэн гадныхныг хүртэл өнөө шорондоо хийх нь байна шүү дээ.
Лу.Болд гишүүний “УИХ-ын ги¬шүүд бид айхгүй шүү. Яаж ч оролдож болно. Биднээс юм гарахгүй л дээ, гэхдээ та нар гаргадаг” гэсэн үгийн цаана юу агуулна вэ. Монгол хүмүүс чинь том жижиггүй, нийтээрээ айдас хүйдэст автчихсан байгаа юм биш үү. Энэ чинь 1937 оны аймшигт үзэгдэл биш үү.
Монголд өнөөдөр шо¬ронгоос их юм алга. Уламжилж ирсэн айхавтар “юм” монголчуудаас салахгүй байна. Манжийн үед ч манайх “Батцагаан” гэх мэт том шорон гяндантай байж иргэдээ дүүргэж байсан. Хаа байсан Манжийн үеэс ийнхүү эхтэй 200, 300 жилийн түүхтэй аймшигт харанхуй шоронгуудаас монголчууд бага ч болтугай салах боломж нь өнөөдөр ид яригдаж буй Гэмт хэргийн тухай хууль юм. Энэ хууль жаахан найдвар төрүүлж, гэрэл гэгээ болж мэдэх нь. Энэ хууль батлагдсанаар 3000 орчим хүн суллагдана гэж байгаа. Угаасаа хуучин Эрүүгийн тухай хууль нь мөн чанараараа социалист нийгэмд зориулагдсан хууль юм. Нийгэм нь өөрчлөгдчихөөд байхад хуулийн зарчим нь хуучин нийгмийнхээрээ явж ирсэн нь мөн ч их гай тарилаа. Дэлхийн ертөнц тэр чигээрээ хөгжил өөд явж байна. Манайх ч мөн адил. Ийм цаг үед ирээдүйд халагдаж үгүй болох дэлхийн 10 технологийн нэгд шорон гяндан орсон. Ийм байхад Монгол Улс шорон гяндан шинээр барьж, түүндээ тэрбумаар хөрөнгө зарцуулдаг.
Сүүлийн үеийн үйл явдлаас харж байхад шүүх засаглал байх шаардлага байгаа юм уу гэж бодогдохоор байна. Уг нь бол шүүхээр л гэмт хэрэгтэн гэж тогтоогддог, тэгээд ял аваад шоронд явдаг. Гэтэл өнөөдөр Монголд шүүхтэй, шүүхгүй сэжигтэн гэсэн нэрээр хоёр жил хорьчихдог хууль үйлчилж байна. Шүүхийн хэрэгцээ огтхон ч байхгүй байгаа биз дээ. Шүүхийн тогтоолгүйгээр хоёр жил шоронд суусан тэр хүн бүх бизнесээ дуусгаад, эрүүл мэндээрээ бүрэн хохирч, өвчний үүр уурхай болоод, нэр төрөө шороонд хутгаж, сэтгэл санаагаар бүрэн унадаг нь 20 жил шоронд суусан хүнтэй ав адилхан болж байгаа юм.
Шүүгч, прокурор, цагдаа гэсэн хүний адаг, шаарууд шавчихсан болоод ингэж байгаа юм гэхэд бас хаашаа ч юм. Ерөөсөө хууль нь ийм хөгийн, цаг үеэсээ хоцорсон, соц үеийн шинж чанараа хадгалсан хэвээр байгаад юм. Ард түмнээ шоронгоор дүүргэх зориулалт бүхий хуультай, хүний эрхийг асар их зөрчиж, уландаа гишгэсэн, соц нийгмийн үеийн хууль үйлчилж байхад ямарч хөгжил, шинэчлэл яриад хэрэггүй. Тийм болохоор энэ хуулийг солих цаг нь нэгэнт болжээ. Гэтэл бас энэ хуулийг хамгаалж, хуулийн шинэчлэлийг сөрж байгаа хүмүүс харагдаж байна. Энэ нь яах вэ, өөрийнх нь хийсэн ажил үр дүнгүй болохыг хараад дургүйцдэг нь хүн төрөлхтөнд байдаг ойрын зайн зан чанар мөн юм. Ямарч цаг үед байсан хүний богинохон бодол. Яваандаа гайгүй болчихно. Юуны өмнө социалист үеийн энэхүү аймшигтай хуулиасаа даруй салцгаая. Ингэж чадвал их л олон үйл хэрэг зөв голдиролоороо явна даа.
Зочин · 2014/05/26
mongoliin zaluuchuud shorongoor dvvren hairan bna gemtei gemgui ikh l hvn bgaa tsaaziin ylaa sergeej ene shorong zob golidrold ni oruulie mongolchuud mini dee elbegdorj bhgui bol bvh zuil gorimondoo orno hudalch eronhiilogchtei mongolchuud elbegdorj aluurchin
Зочин · 2014/05/24
Horchinguudiig ***lgahgvi yaadiin. Gemgvi bol yunaas n aigaad hel am tatlaad bdiin. Uls eh oron chin iim bolchood bn gemgvi darga hobor bolj. yaagad ter yaltai suudalruu vhelden temtseed bgaan tegbel.Tesehee boliod buu barisaniig n horison yaagad buu barihda hvreb gj.
Зочин · 2014/05/24
Yun shoron eruuljuulehed ni hurtel huntei nohoi shig haritsadag iim uls uhsen ****niihaa ardchilal yarih ve Iemerhuu orchind ardchilal bn gej yarisan hun neg bol ***** neg bol hudalch ***** darui mun
Зочин · 2014/05/24
tsaaziin ylgui bolson odoo shorongui bolchih tegeed hen durtai ni hun alaad yav mongol udahgui duusah bailgui