Сурагчдаас биеийн тамирын талбайг нь булаасан “Дээрэмчид” хэн байв
2013/04/16
Сүүлийн жилүүдэд нийслэлийн хэмжээнд 54 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага сургуулийн эзэмшлийн газраас 7.41 га-г өөрсдийн мэдэлд шилжүүлэн авч хүүхдүүдийн биеийн тамирын талбайн газраас дээрэмдсэн байна.
Тухайлбал Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг 52 дугаар сургуулийн хашаанд “Баярс Констракшн” ХХК 714 метр квадрат газар эзэмшиж байв. Уг нь энэ газар 52 дугаар сургуулийн эзэмшлийн газар боловч 2008 оны зургаадугаар сард нийслэлийн ИТХ-ын дарга асан Т.Билэгтийн шийдвэрээр хүүхдүүдийн биеийн тамирын талбайн газрыг “Баярс Констракшн” ХХК-ийн мэдэлд өгчээ. Цаашилбал “Баярс Констракшн” гэх энэ компани Хан-Уул дүүргийн 18 дугаар дунд сургуулийн хашааны газарт 300 метр квадрат газар эзэмшиж байсныг тогтоожээ. Тус сургуулийн хашаанд газар олгох шийдвэрийг мөн л нийслэлийн ИТХ-ын дарга асан Т.Билэгт 2008 оны зургаадугаар сард гаргасан байна. Ингэж Т.Билэгт, “Баярс Констракшн” хамтран хоёр ч сургуулийн биеийн тамирын талбайг хууль бусаар эзэмшсэн байна.
Төрийн байгууллага газар эзэмших эрхээ бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад шилжүүлэх эрхгүй байдаг атал хууль зөрчиж зарим сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газрыг бусдад шилжүүлжээ. Нийслэл хотын ерөнхий боловсролын сургуулиуд дунд биеийн тамирын талбайтай сургууль тун цөөн байдаг. Цөөн хэдэн сургуулийн овсгоотой захирлууд биеийн тамирын талбайн газраа тохижуулж, эрх мэдэлтэй, мөнгөтэй нөхөдтэй үзэлцэн байж авч үлддэг. Гэтэл зарим сургуулийн захирал хувийн компаниудтай нийлж сургуулийнхаа газрыг “тавиад туучихсан” олон баримт бий. Зарим сургууль биеийн тамирын талбайгаа тохижуулж хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай барьж хүүхдүүдэд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг олгож байхад зарим нь гаднах талбайгаа баячуудад алдчихаад хүүхдүүдээ биеийн тамирын хичээлийнх нь үеэр машин замын хажуугаар эсвэл, ус зайлуулах далангийн шороон дээгүүр гүйлгэж аргацаадаг. Үүнээс болж сургуулийн сурагчид хичээлийнхээ үеэр гэмтэл бэртэл авч байсан тохиолдол цөөнгүй бий. Сургууль нь зориулалтын гүйлтийн талбайгүйгээс болж хүүхдүүд явган хүний замаар гүйж байгаад машинд шүргүүлж байсан тохиолдол ч гарч л байсан. Нийслэл, дүүргийн үе, үеийн Засаг дарга нар хүүхдүүдийнхээ ирээдүйд ийм л “хөрөнгө оруулалт” хийж байсан байна. Харин одоо бол биеийн тамирын талбайгаа авч үлдэж чадсан сургуулиудын сурагчид хэн талбайг нь булаачих бол гэж эмээхээргүй болж байх шиг байна.
Ерөнхий боловсролын сургуулиас гадна эмнэлэг, цэцэрлэгийн эзэмшлийн газраас хууль бусаар шилжүүлэн авсан тохиолдол цөөнгүй гарсан. Тухайлбал 15 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага цэцэрлэгийн эзэмшлийн газраас 2.2 га газрыг хууль бусаар эзэмшиж байгаа бол 46 иргэн, аж ахуйн нэгж байгууллага, 9.72 га-г эмнэлгийн эзэмшлээс салгасан байна.
ХУУЛЬ ЗӨРЧИГЧДӨД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЕ
Одоогоос гурван жилийн өмнө нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв өргөөний газрыг “Лүминари” ХХК-д эзэмшүүлэх хууль бус нэгэн захирамж гаргажээ. Энэ дагуу ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн талбайд 1770 метр квадрат газрыг тус компани эзэмшихээр болсон бөгөөд тухайн үед нь үйлдвэрчний эвлэлийн соёлын төв өргөөний удирдлагууд эсэргүүцэж Нийслэлийн өмчийн харилцааны газар болоод, нийслэлийн удирдлагуудад удаа дараа хандан өргөдөл гомдол болж байсан аж. Гэвч тэдний “Лүминари” ХХК-ийн хууль бус газрын зөвшөөрлийг хүчингүй болгуулах талаарх өргөдлийг хотын дарга нар хэлэлцэлгүй өнгөрсөн байна.
Дээр дурьдсан газруудад нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжийн ачаар тохижилт хийж нийслэлийн иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой боллоо. Газрын тухай хуульд нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна гэж заасан байдаг аж. Нэгэнт л хуульд газар нийтийн эдэлбэрийн талбайд газар эзэмшүүлж болохгүй гэж заасан байдаг учраас хотын дарга, сайд ер нь хэнбэгуай ч зөрчих ёсгүй юм. Хуульд зааснаар газрын тухай хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох захиргааны хариуцлага хүлээлгэдэг аж. Харин чухам ямар шийтгэл ногдуулахыг тодорхой заагаагүй болохоор хууль зөрчсөн албан тушаалтнууд одоог хүртэл ямар нэг хариуцлага хүлээлгүй явсаар байна.
Н.Санжаасүрэн