Сангийн сайд Б.Жавхлан “Eagle news” телевизийн зочны цагт оролцож, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Сүүлийн үед Монгол Улс Шри Ланк улсын араас дефолт зарлахад ойрхон байна гэсэн мэдээлэл ихээр гарах боллоо. Монгол Улс дефолт зарлахад үнэхээр ойрхон байгаа юм уу гэдэгт Сангийн сайдын хувьд хариулт өгнө үү?

-Энэ тухай мэдээллийг сүүлийн хэд хоногт зохион байгуулалттайгаар түгээж байна. Эх сурвалжууд нь үнэн байна уу, хаанаас гаргаж байна гэдгийг хоёр гурав хоног харж, судалсан. Гадаад өртэй холбоотойгоор дефолт зарлана гэдэг бол маш муу мэдээлэл. Сайн зүйл нь гэвэл Монгол Улс ойрын жилүүдэд дефолт зарлахгүй. Үүнийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, Сангийн сайдын зүгээс баттай хэлж байна. Өнөөдөр Монгол Улсын өр 33 тэрбум ам.доллар. Үүнээс Засгийн газрын өр 8.5 тэрбум ам.доллар. Энэ өр нэг жилийн дотор бий болоогүй. 1990 оноос хойш авсан бүр өр нийлээд ийм болж байгаа. Өрийн эрсдэлийг тооцвол хамгийн өндөр эрсдэлтэй үе нь 2016, 2017 оны үе байсан. Тэр үед өр ДБН-ий 280 хувьтай тэнцэж байсан. Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орсон. Машинаар бол журмын хашаанд орсон. Түүнээс хойш Засгийн газрын өрийн бүтэц сайжирч ирсэн. Үүнийг дагаад хувийн хэвшлүүдийн зээлийн бүтэц, чанар ч сайжирсан.

Засгийн газар энэ жил болон ирэх жил төлөх ёстой өрөө төлж чадахгүй хэмжээнд хүрээгүй. 2022 оны төсөвт “Чингис” бондын үлдэгдэл 136 сая ам.долларыг төлөхөөр тусгасан. Үүнийг ирэх арваннэгдүгээр сарын сүүлээр төлнө. Ингэснээр 2012 онд авсан “Чингис” бондын төлбөр дуусаж байгаа юм.

-Ирэх жил ямар хэмжээний гадаад өр төлөх вэ?

-Ирэх жилийн тухайд Хөгжлийн банкны авсан “Самурай” бондын 30 тэрбум иенийн өр. Үүнийг 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлнө. Мөн есдүгээр сарын 25-нд төлөх “Евро” бондын 500 сая ам.долларын өрийг төлөх ёстой. 30 тэрбум иенийн өрийг Хөгжлийн банк өөрөө бүрэн төлж барагдуулна. Санхүүгийн боломж нь бүрдсэн учраас итгэлтэй хэлж байгаа юм. Өнгөрсөн нэгдүгээр улиралд ийм итгэлтэй хэлэх боломжгүй байсан. Яагаа гэвэл, Хөгжлийн банкны бланс муу байсан. Хөгжлийн банкнаас гарсан зээлүүдийн эргэн төлөлтөд анхаарсны үр дүнд 500 гаруй тэрбум төгрөгийн зээл орж ирсэн. Оны эцэс гэхэд 800 тэрбумд хүрнэ. Ирэх онд төлөх "Самурай" бондын 30 тэрбум иен гэдэг одоогийн ханшаар тооцвол 720 тэрбум төгрөг. Тэгэхээр Монгол Улс дефолт зарлах нөхцөл үүсэхгүй гэсэн үг.

-Засгийн газрын зүгээс “Самурай” бондын хөрөнгө оруулагчдад хандан “Хөгжлийн банкны асуудлаас шалтгаалан бидэнд итгэхгүй байгаа бол бондоо хугацаанаас нь өмнө буцааж мөнгөө авч болно” гэж мэдэгдсэн. Үүний дагуу “Самурай” бондод оруулсан хөрөнгө оруулалтаа буцааж татах бонд эзэмшигч гарч ирсэн үү?

-Үнэт цаасаа бидэнд өгч, хөрөнгө оруулалтаа буцааж татах нэг ч хөрөнгө оруулагч гарч ирээгүй. Энэ бол сайн хэрэг. Бид төлөх бүрэн боломжтой ч өнөөдөр нэг ам.доллар ч гэсэн хэрэгтэй байна. Засгийн газарт итгэх итгэл нь хэвээрээ байгаа учраас хөрөнгө оруулагчид биднээс мөнгөө буцааж авах хүсэлт гаргасангүй. Гадна талд манай хөрөнгө оруулагчид бидэнд итгэсэн хэвээр байна.

-Үүнээс гадна олон улсын байгууллагууд манай улсын зээлжих хэрэглэлийг тогтвортой хэвээр байна гэж үнэлсэн нь бас итгэл хүлээлгэж байгаа хэлбэр мөн үү?

-Засгийн газраас хэрэгжүүлсэн өрийн удирдлагын зохицуулалтын дүнд зээлжих зэрэглэл тогтоодог гурван олон улсын байгууллага манай улсын зээлжих зэрэглэлийг тогтвортой байна гэж үзсэн. Энэ бол том амжилт. Экспорт саатсан энэ хүнд цаг үед зээлжих зэрэглэл дээрээ ийм үнэлгээ авна гэдэг том амжилт. Гадаад зах зээлд Монгол Улс тогтвортой байна гэдгийг зарласан гэсэн үг. Үүнээс өөрөөр тогтвортой байна гэдгийг батлах зүйл байхгүй. Мөн манай улсын гадаадад зах зээлд гаргасан бондуудын өгөөж ижил зэрэглэлтэй орнуудынхаа хамаагүй илүү өгөөжтэй байгаа.

-Манай улсын экспортын нөхцөл байдал ямар байна вэ. Нүүрсний экспорт хэзээ хэвийн хэмжээндээ очих вэ?

-2019 он манай нүүрсний экспортын оргил үе байсан. Одоо өдөрт гаргаж байгаа нүүрсний хэмжээ 2019 онд нэг өдөрт гаргадаг байсан хэмжээнд хүрсэн. Энэ бол маш сайн үр дүн. Үүнийг он дуустал хадгалах нь чухал. Харамсалтай нь сүүлийн үед коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж байна.

www.Arslan.mn