Хэнтийнхэн "Хан Хэнтийн дуулал" хэмээх шинэ сүлд дуутай болжээ
2022/08/08
Их эзэн Чингис хааны өлгий нутаг хэмээн монгол түмэнд төдийгүй дэлхийд алдаршсан Хэнтий нутгийн сайн сайхан бүхнийг магтан дуулсан "Хан Хэнтийн дуулал" хэмээх шинэхэн уран бүтээл хэдхэн хоногийн өмнөөс эгшиглэж эхэлжээ. Тус уран бүтээлийн эздийг алдаршуулан танилцуулвал, Хэнтий нутгийн дуучин Н.Ундрал санаачлан бүтээсэн бөгөөд өөрийн албан ёсны цахим хуудастаа "Эх түүхийн голомт нутгаа, Эгэл жирийн уран бүтээлч би, Эгшиг аялгуугаар хөглөн дууллаа" хэмээн омогшсон, бахархсан сэтгэгдлээ илэрхийлжээ. Түүнчлэн уран яруу шүлэг, уянгат сайхан хөгжмөөрөө сонсогч түмнийг баясгаж буй тус уран бүтээлийн шүлгийг МУСТА Я.Гэрэлчулуун, хөгжмийг МУСТА А.Мөнгөншагай нар бүтээсэн бол, хөгжим, бичлэгийн найруулгыг Анир студи хариуцан мэргэжлийн түвшинд гүйцэтгэжээ.
Ийнхүү сайхан монгол орноо, эх нутгаа, ижий ааваа, хайртай бүхнээ, нутгийн түмнээ магтан дуулсан олон гайхалтай уран бүтээлүүдээрээ түмэн олны төдийгүй Хэнтий нутгийн түмнийхээ хайр, хүндлэлийг хүлээсэн дуучин Н.Ундралын "Хан Хэнтийн дуулал" хэмээх шинэхэн уран бүтээл нь Хэнтийчүүдийн шинэ сүлд дуу болон мөнхөд эгшиглэх болтугай.