2021 оны эхнээс эхлэн Монголын улс төрийн хоёр том намын нэг Ардчилсан Нам хоёр хуваагдаж эхэлсэн билээ. Тодруулбал тус нам хоёр даргатай, хоёр ЕНБДаргатай, хоёр өөр намын төв байртай, хоёр өөр намын төв аппараттай болж, тэд нь яваандаа намын ҮБХ-гоо ч хоёр өөр болгон, намын дэргэдэх бүхий л байгууллагуудаа тусдаа үйл ажиллагаа явуулдаг хоёр хэсэг болгож орхисон юм.

 

Энэ бүх будлианы хамгийн гол эзэн нь УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүн гарсны дараа АН-ын даргаас албан ёсоор огцорч буйгаа мэдэгдэн, АН-ын даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваанд намын тамгаа гардуулан өгсөн Содномзундуйн Эрдэнэ байв.

 

"Оросын тагнуул Женко Х.Баттулга гэх хадны мангаагаас намаа хамгаалж байна" гэх  лоозонтой тэрээр гэхдээ АН-ыг хуваах үйл ажиллагааг ганцаараа хийгээгүй. Түүнд хамгийн их хүч, дэм болсон хүмүүс нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл нар байв. Үүнийхээ хариуд Э.Бат-Үүл дахин Нийслэлийн АН-ын дарга болсон бол Ц.Элбэгдоржийн хүмүүс АН-ын төв аппаратыг үндсэндээ дүүргэж, АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга, дэд дарга, Нарийн Бичгийн дарга болцгоосон билээ.

Гэвч сүүлийн хэдэн сард нөхцөл байдал өөрчлөгдөн, Ц.Элбэгдорж Х.Баттулгатай хэлэлцээ хийх болсон, тэр бүү хэл АН-ын даргаар С.Баярцогтыг томилохоор МАН-ынхантай хүртэл тохиролцож эхэлсэн үйл явдал өрнөж эхэлсэн юм. Гэвч энэ бүхэнтэй зэрэгцэн, С.Эрдэнэ, Х.Баттулга нар тус бүр зургаан хүнээс бүрдсэн зөвшилцлийн ажлын хэсэг байгуулсан ба одоогийн байдлаар хоёр удаа уулзаад буй билээ. 

Мөн хамгийн гол нь С.Эрдэнэ АН-ын төв аппаратаас Ц.Элбэгдоржийн талынхныг ч зайлуулж эхэлсэн юм. Ц.Оюундарь, О.Баасанхүү, Р.Эрдэнэбүрэн нараар эхэлсэн энэ цэвэрлэгээ Ч.Өнөрбаяраар дуусч буй аж. Тодруулбал өчигдөр Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хороо хуралдаж Ардчилсан намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ч.Өнөрбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. 

 

Э.Мягмар

sonin.mn