Засгийн газрын шинэ сайдуудын томилгоо ойрын өдрүүдийн гол дуулиан байлаа. Тэдний талаар урьд хожид байгаагүйгээр л шуугьж байна. Мэргэжлийн, мэргэжлийн бус, ур чадвартай, чадваргүй эсэхийг нь огт анхаарсангүй. Харин сайд болчихоод яаж баярлаж, хөөрч байгаад нь нийгэм фокуслав.

Тэр олон камер, хүний өмнө эр, эмгүй биеэ барьж үнэхээр дийлсэнгүй. Тас тэврэлдэж байгаад л эрээ цээргүй авирлав. Хошуу амаа нийлүүлэх шахам үнсэлцэж, үнгэлдэцгээх нь эхлэл, өрнөлтэйгөө дуранд тод буужээ. Үнэн голоосоо нэг нэгэндээ баяр хүргэж, шаагилдахыг бодоход хүн болж төрснийх нь хэрэг жинхнээсээ бүтсэн бололтой.

Төрийн түшээдийнхээ тэгж их жарган цэнгэж буй дүр зургийг улны бид нь юу ч гэж ойлгомоор юм бэ дээ. Тэдний харц, мишээлт царай, үйл хөдлөл зэргээс харвал хүний хүрдэггүй өндөрлөгт хүрч, хүссэн зүйлсээ өөрийнх болгосондоо хяналтаа алдан хөөрцөглөж байх шиг. Биднийг ноёлох болсондоо ингэж баярлаж бахдаж байгаа нь ард түмнийг тэгтэл нь ангайлгаж байна шүү дээ. Улсаараа дампуурахад ойрхон, өрнөөс өрний хоорондох өлмөн зэлмүүн амьдрал ноёлж байхад сайд боллоо гээд “малгайгаа хөөргөх” нь ухамсарт хүний үйлдэл мөн үү. Бас ямар нэг юмыг чадаж, хорлож байгаад санасандаа хүрсэн хүний хэлэмж тэдний энэ ухаангүй аяглалаас нэвт мэдрэгдээд байна. Үүнийг чинь ард түмэн совингоороо мэдээд байна. Бас юу ч хийхгүй чинь шууд л уншигдаад байх юм. Юм хийхгүй байж сайд болоод, тэгээд ингэж их баярлаж байгаа чинь сонин юм. Энийг чинь л улны ард түмэн ойлгохгүй байгаа юм. Чаддагаар нь сошиалаар баахан шоолох шив. УИХ-ын гишүүдийн нялуурч байгаа зургуудыг хэдэн янзаар эвлүүлж, элдэвлэнэ лээ. Босгож нэг, хэвтүүлж өөрөөр дээш, доош харуулан өрж байгаад янз бүрээр тайлбарласан хошигнолууд цахим сүлжээнд хөвөрч байна. Хэсэгтээ ч энэ зугаа явах л байх. “Хамар нь хугарчихаагүй байгаа даа”, “Эхнэр, нөхрөө ингэж үнсэж үзээгүй байж ямар шунаг юм бэ”, “Ховх сорох нь ээ”, “Яасан их норгож үнсдэг юм бэ, ар араасаа нэгнийхээ шүлсийг долоогоод сурчихаж” гэх тайлбаруудын зэрэгцээ ороо нь орсон нохдын зургийг үнсэлцэж байгаа гишүүдийн агшинтай харьцуулахдаа “Ордонд болсон озолцоон” гэж гарчигласан байх жишээний. Ард түмний ганц чадах зүйл нь тэднийг ингэж шоглох юм даа.

Манай УИХ-ын гишүүд, улстөрчид сайд болох гэж үнэхээр үхэн хатан зүтгэж сүнсээ чөтгөрт ч худалдахад бэлэн байх юм. Сайдын суудал горилохын тулд хов жив, холион бантан, хорны хутгуур гээд юу эсийг хийдэг гэлцдэг. Ингэж их хичээл зүтгэл гаргаж байгаа юм чинь сайд болоод магнайгаа хагартал баярлаж цэнгэх нь арга ч үгүй биз. Уг нь энэ хүнд цаг үед сайдын албан тушаал тийм хүсмээр ажил биш л баймаар. Цар тахал, дайны улбаа дэлхийн эдийн засгийг бүхэлд нь хямраасан. Дэлхий дахинд өрийн хэмжээ өсч, инфляци доошлохгүй байна. Өндөр хөгжилтэй орнуудыг эрсдэл хүлээж байхад манайх шиг ядуу улсад бүр ч хүндээр тусах зураглалыг эдийн засагчид сануулж байгаа. Харин манай шинэ сайдууд юун дээр бууснаа огт ойлгохгүй бөөн баяр л болоод байх юм. Хэрэвзээ, ажиллах хүнд бол энэ баярлах үйл явдал биш.

Ядарсан орныг байтугай ажил нь уначихсан албан байгууллагыг даргална гэдэг маш хүнд хариуцлага байдаг. Юун ингэж баярлаж, хөөрөх манатай. Хар ухаанаар бодоход харин ч уйлж, шаналж байх ёстой юм биш үү. Ажил нь уруудсан албан газрыг босгож ирэхэд нойр, хоолоо мартдаг. Хэн дуртай нь тийшээ зүглэхгүй. Өөрийгөө золин байж тамлуулаад юухэв гэнэ. Жинхнээсээ ажил хийе гэсэн бодолтой улсууд албан тушаалаас ингэж халгаж, халширдаг. Тэгвэл манай гишүүд, сайд нар хагартлаа баярлаж байхыг бодвол ажил хийдэггүй юм байна л даа. Улс эх орноо өөд нь татъя гэж үнэн сэтгэлээсээ боддоггүй байх. Зүгээр л хаана боломж, мөнгөний үнэр байна тийшээ ханардаг. Ерөөсөө хулгай хийх гэж л төрд үүрлэдэг юм байна. Хэрэв тэд хулгай хийхийнхээ хажуугаар жаахан ч гэсэн ажил хийдэг байсан бол ингэж хөл хөөр болж чадахгүй. “Сайд болъё ч” гэж бодохгүй. “Өөртөө лай хураагаад юүхэв” гээд зугтахын түүс болно доо.

Эрх баригчдын энгүй их баярт үйл явдлаас бид нэг зүйлийг ойлгомоор байна. Сайдын албан тушаал чинь үнэхээр сайхан юм аа. Тэнд очвол шууд л ноён болж баяжиж, эрх мэдэлтэй болж хүмүүсийг боол болгон мөлхүүлдэг аж. Тэгэхлээр хэдүүлээ сайд болцгоохын төлөө зүтгэцгээе. Сайд гэдэг тусдаа хүн төрж, энэ албан тушаалд очдог ч юм биш. Тэр өндөр сэнтий гэж зүрх алдаж, өмнөө хана босгоод байх ч хэрэггүй. Үндсэн хуулиар олгосон эрхээ тэгш эдэлж сайд болох боломж хүн бүрд бий. Ажиглаад байхад ард түмний дунд нэг ийм яриа яваад байдгийг та нар өөрсдөө анзаардаг уу. Аливаа уулзалт, яриа хэлэлцээ, хурал цуглаан, гудамж талбай, малын бэлчээр дээр ч “Хэдүүлээ улстөржихгүй шүү”, “Би ёстой наад улс төрийг чинь сонирхдоггүй” гээд л донгосцгоодог. Бараг амтай болгон нь энэ үгийг хэлдэг. Угтаа сайд болохын тулд улс төрийг хамгийн их сонирхох ёстой юм шүү. Эхлээд улс төр сонирхож байж сайд болдог. Тэгвэл яагаад бид дандаа ингэж ярьдаг, улс төр сонирхдог хүн биш болох гэж жүжиглэдэг, улс төрөөс бушуухан зугтаадаг вэ. Сайдын суудал булаацалдуулахгүй гэж биднийг ийм болгож сургасан юм шүү дээ.

Энэ улсын эзэд нь эрх баригчид биш, эгэл жилийн ард түмэн бид. Тиймээс мөлхөж буй эдийн засгаа хурдны зам дээр гаргая гэвэл улс төр хамгийн ихээр сонирх. Намуудад идэвхтэй хамрагдаж болно. Эсвэл үзэл санаагаараа нэгдэж, нам байгуулцгаа л даа. Утасны цаанаас хэдэн жиргээ нисгээд улстөрч болчихдоггүй юм. Сошиалаар улс төр хийгээд ч амжилт олохгүй. Ядаж л улс төрийн сонин унш. Биечлэн очиж намынхаа хуралд суу. Хоёр хөлөөрөө явж улсуудыг ухуулж, өөрийгөө танилцуулж, палкатаа наадаг юм. Сонин, телевизэд биеэрээ очиж ярилцлага өгч, олонд танигддаг юм. Гэтэл манайхан бүгд сошиалаар улстөрч болчихсон юм шиг үзэл бодлоо илэрхийлээд л, шүгэл үлээдэг. Энэ нь өөрийгөө л дэмий хуураад байгаа хэрэг. Бүх юманд биеэрээ явж туулж байж асуудлыг ойлгож, уур амьсгалыг мэдэрдэг юм. Ингэж байж улстөрч болж чадна. Тэгээд дараа нь хэдүүлээ сайд болцгооё. Сайд болох нь сайхан юм байна. Улс эх орныхоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байя, ард түмэн минь.