Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас 2022 онд хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг өчигдөр танилцуулсан билээ.

Энэ үеэр АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн авлигын мөнгөөр Лондон хотод худалдан авсан орон сууцыг Монгол Улсад буцаан аваад хэрхэн ашиглаж байгаа талаар дахин мэдээлэл өгөв.

Тэрбээр “Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас гадаадын улс орноос хөрөнгө буцаах ажиллагааг хийсэн. Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, бэхжүүлснээр эдгээр ажлыг амжилттай гүйцэтгэхэд нөлөөлсөн.

Энэхүү хөрөнгө буцаах ажиллагаа нь анхны тохиолдол учраас хууль, эрх зүйн орчин төдийлөн бүрдээгүй. Тухайн хөрөнгө буцаах ажиллагааны нөхөн төлүүлсэн хохирлыг АТГ захиран зарцуулах эрхгүй.

Хохирол учруулсан ТӨҮГ, холбогдох газруудад нь нөхөн төлүүлэх ажиллагааг хийсэн. “Эрдэнэт” ТӨҮГ-тай холбоотой асуудлаар Лондон хот дахь орон сууцыг буцаан авах ажиллагаа хийсэн.

Иргэд ТӨҮГ-т бүртгүүлж, санал хүргүүлсэн байна. Тодруулбал, олон улсад хөрөнгө буцаан авах ажиллагааны хохирлын дүнг зорилтот бүлгийн иргэдэд эсвэл дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах хууль, эрх зүйн зохицуулалттай байдаг. Тэр үүднээс бид “Эрдэнэт” ТӨҮГ рүү санал явуулсан.

Саналыг тус үйлдвэрийн удирдлагын зөвлөлөөр дэмжээд “Энэрэл” асрамжийн төвд орон сууцны түрээсийн орлогыг зарцуулахаар шийдвэрлэсэн гэсэн мэдээллийг бидэнд албан ёсоор ирүүлээд байна” гэв.

Түүнчлэн Мөрдөн шалгах ажиллагааны явцад гадаад улсаас 12.2 сая ам.долларын өртөг бүхий хөрөнгийг буцаан авч, шүүхийн шийдвэрээр улсын орлого болгосныг Х.Ихмөрөн нэмж хэлсэн юм.

Тодруулбал:

  • Англиас нэг орон сууц, 1.8 тэрбум төгрөг бэлнээр, 269 сая төгрөгийн үнэ бүхий хоёр үл хөдлөх хөрөнгө. Нийт 6.4 тэрбум төгрөг буюу 4.7 сая ам. доллар улсын орлого болгосон.
  • Виржини арлаас 2.2 тэрбум төгрөг буюу 1.6 сая ам.долларын үнэ бүхий газар, үл хөдлөх хөрөнгийг улсын өмчид бүртгүүлсэн.
  • Мэн арлаас 11.3 тэрбум төгрөг буюу 5.7 сая ам.доллар улсын орлого болгон хураан авчээ.

АТГ-ын дэд дарга Г.Азжаргал “Авлигын мөнгөөр Лондон хотод худалдан авсан 4.3 тэрбум төгрөгийн байрыг Монгол Улсад буцаан авчирсан. Гэхдээ энэ байрыг зарахгүй, харин 5,000 паундаар түрээслээд, энэ мөнгөөр Эрдэнэт хотын асрамжийн газрын хүүхдүүдийн англи хэлний сургалтад зарцуулах болсон" гэдгийг 2022 оны арванхоёрдугаар сард зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэрээ хэлж байсан юм.