Л.Гүндалай: Орос, Хятадаас Монголын сонгуульд нөлөөлж байхыг үгүйсгэхгүй...
2023/01/31
УИХ-ын гишүүн асан, инфлүнсэр Л.Гүндалайтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Та С.Эрдэнэ даргатай АН-ын даргын сонгуульд оролцоод ялагдсан. Дүн гардаг тэр үдэш та нилээн бухимдалтай АН-ын “Шонхор таур”-аас гарч одсон. Та бол өөрийгөө сонгуульд нэгээр гарна гэдэгтээ итгэлтэй байсан уу?
АН-ын даргын цахим сонгууль болсон. Сонгуулийн дүн миний бодсоноос өөр гарсан. Цахим сонгуулийн үйл явц юу болж өнгөрснийг би мэдээгүй. Нэр дэвшигчид сонгууль шударга болж буй эсэх талаар, хэдэн хүн, хэн, хэнд санал өгсөн талаар, цахим сонгууль ер нь юу болсон талаар мэдэх ямар ч боломжгүй байсан юм. Биднээс ямар ч ажиглагч аваагүй. Миний төлөөлөгч тэнд суугаад цахим сонгууль, дотоод сонгуулийнхний юу хийж байгааг, дүнгээ яаж гаргаад байгааг, хэн хэдэн санал авсныг яаж баталгаажуулж, үзээд байгааг хянах боломж байгаагүй. Ер нь юу ч байгаагүй. Би бодохдоо дэлгэцэн дээр ганц товч дараад бүх зүйл ил тод гарч ирэх юм байна гэж харж байсан. Гэтэл дэлгэцэн дээрээ юу ч гаргаагүй. Дэлгэцтэй өрөө нь таг харанхуй болсон. Камер юм хум нь бүгд унтарчихсан. Гэтэл хажуугийн өрөөнд хаалттай хурал хийж, дотоод сонгуулийн хороо дүнгээ гаргаж байгаа гээд л байсан юм. Тэгээд бүтэн цаг болсны дараа дотоод сонгуулийн хорооны дүн энэ гээд танилцуулсан. Яахав ялж, ялагдаж болно, хамаа алга.
Гол нь жаахан шударга баймаар байна, тийм үү? Түүнийгээ мэдмээр байна шүү дээ. Ялагдаж болно. Асуудал байхгүй. Тэгэхээр цахим сонгууль гээд луйвар хийгээд байна уу. Худлаа юм хийгээд байна уу. Бас сонгуульд нэр дэвшигчдээсээ мөнгө авч байгаа шүү дээ. Тэгээд энэ чинь эсвэл мөнгө авах хэрэгсэл юм уу? Хүмүүсийг төөрөгдүүлэх, хулгай, луйвар хийх хэрэгсэл юм уу. Яаж үүнийгээ хийгээд байгаа юм. Үүнийг цагдаа, хууль, хяналтын байгууллагад өгч шалгуулах нь зөв байх аа. Ингээд орхиж, давраагаад, хулгай, луйвар байгаа бол өөгшүүлж болохгүй гэж би бодож байгаа шүү.
Тийм болохоор би цагдаагийн байгууллага болон АТГ-д С.Эрдэнийн явуулсан энэ луйврыг шалгуулахаар өчигдөр албан ёсоор хандсан. Мөн Улсын Дээд шүүхэд С.Эрдэнийн 2023 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан цахим сонгууль нь хууль бус тул Д.Ганбатын өргөдлийг хуулийн байгууллага шалгаж үнэнийг тогтоотол хүлээн авахгүй байх” агуулгатай албан бичгийг хүргүүлсэн.
УИХ-ын 2020 оны сонгуулийн талаар асууя. Та Тайландад түгжигдсэн байсан. Гэвч таны төлөө Хөвсгөлийн 19000 иргэн санал өгсөн... Таныг Хөвсгөлд биеэрээ ажилласан бол 4 дэх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдчих байсан гэж олон хүн хардаг...
Та бол ялсан гэж Хөвсгөлийн олон дэмжигчид маань надад хэлдэг. Даан ч таны саналыг луйвардсан шүү гэдэг. Бид саналаа өгсөн. Та бол ялсан гэдэг юм байна лээ. Сонгуульд би биеэр орж чадаагүй. Яагаад гэвэл надад онгоцны билет өгөөгүй. МИАТ гэдэг компани чинь улсын компани. МИАТ-ийн нөхдүүдэд Л.Гүндалайд билет өгч болохгүй гээд хэлчихсэн. Би гацчихсан юм чинь билет байхгүй. Ингээд сонгуульд биечилэн орж чадаагүй. Санал өгөхөөс хоёр хоногийн өмнө би Улаанбаатарт буусан шүү дээ. Тэгээд намайг 21 хоногийн тусгаарлалтанд хийгээд хаячихаж байгаа байхгүй юу. Би чинь тусгаарлалтанд нөгөө нутгаа санасан (сэржим өргөж үзүүлэв), улс төрийн хэлмэгдэлтэнд өртсөн хүн шүү дээ (инээв). Надад ерөөсөө онгоцны суудал л өгөөгүй юм. Би Тайландын элчин сайдын яаман дээр эхнэр, бага насны хоёр хүүхэдтэйгээ очсон. Нэг нь 13, нөгөө нь 15-тай байсан. Дээрээс нь миний хөл өвдөөд, эмнэлгийн ч асуудалтай байсан. Бага насны хүүхэдтэй, эмэнэлгийн асуудалтай хүн байвал суудал өгнө гэсэн. Гэвч өгөөгүй. Манай эхнэрт болохоор суудал өгчихөж байгаа юм. Эхнэр маань сарын өмнө хүүхдүүдтэйгээ энд хүрээд ирчихсэн. Надад болохоор өгдөггүй. Сүүлдээ манай эхнэр чи хоёр хүүхдээ аваад явж бай би үлдье гэсэн ч бас явуулаагүй. Бага насны хүүхэдтэй хүн явах эрхтэй шүү дээ. Та бол хоёр хүүхдээ аваад явж болохгүй. Харин ээж нь бол болно гэж байгаа байхгүй юу (инээв). Тэгээд би за за чи яв, ээж нь аваад яв, яршиг гээд эхнэр, хүүхдүүдээ явуулсан. Ерөнхийдөө бол ийм муухай хавчлага, хэлмэгдүүлэлтэнд л орсон л доо.
Та МАН, АН хоёрын ялгааны талаар ярьж байсан. Эмч хүний хувьд сэтгэл судлал сонирхдог байх гэж бодож байна. Энэ хоёр намын гишүүдэд сэтгэл зүйн хувьд ялгаа байдаг уу? Байдаг бол ямар ялгаа байдаг вэ?
Байдаг, байдаг. АН-ын гишүүд илүү чөлөөтэй, бусад намынхантай хамаагүй харьцдаг, орж гардаг. Би шатар тоглох их дуртай. Надтай МАН-ын зарим гишүүд бас тоглох дуртай байхгүй юу. Даанч тэд нар бусад гишүүд нь харчихна, намынхан маань чамтай шатар тоглоод байна гэж хажиглана, муу хэлнэ, ямар нэг юмнаас хасна, хардаж сэрдэнэ гээд надтай тоглох болохоороо өрөөнийхөө хаалгыг түгжих, өөр газар тоглоё гэх мэтээр ярина. АН-ын гишүүн миний хувьд бол миний өрөөнд МАН-ын гишүүн байна уу, аль ч намын гишүүн байсан, эсвэл надтай тоглохыг манай намын гишүүд, хүн амьтан харна уу, байна уу, ерөөсөө хамаагүй. МАН-ынхны хувьд бол тийм биш. Тэд нар чинь нэгийгээ зүгээр л спортоор хичээллэж байхад нь “Аа чи тэрэнтэй тэгж байна”, “болно”, “болохгүй” гэдэг хэлмэгдүүлэлт, хавчлага, намаар нь ялгах гэх мэт зүйл гаргадаг. Ийм муухай юм МАН дээр илүү ажиглагддаг гэж би хардаг.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль хаяанд ирлээ. Наана нь ч болж магадгүй гэсэн цуурхал явж байна. АН-д төрийн эрх барих, олонхи болох, МАН шиг УИХ-д 62, 65 суудал авах боломж харагдана уу? Тийм нөөц, боловсон хүчин, потенциал байна уу?
Яг одоо МАН-ын нэр хүнд хүмүүсийн ярьдгаар шалан дээр байгаа шүү дээ. Шалаар нэг унасан, нурсан гээд... Би бол бараг зоорины мухарт байгаа гэж хэлмээр байна. Гэхдээ энэ нь АН сайндаа биш. МАН муудаа л байхгүй юу. Эд нар улс орноо хөгжүүлж чадахгүй байна шүү дээ. Энэ их нийгмийн бухимдал, хулгай зэлгий, дээрэм тонуул, утаа, түгжрэл, инфляци, ажилгүйдэл, ядуурал, эдийн засгийн байж байгаа царай, дээгүүрээ идэж ууж байгаа байдал энэ бүгдийг иргэд харж, мэдэрч байгаа. Эд нар чадахгүй юм байна гээд гутарчихсан байгаа учраас МАН-ын нэр хүнд ийм байна. Харин үүнд найдаад АН автоматаар ялчих юм байна гэж ойлгож болохгүй. Баас хатавч үмхийгээ тавьдаггүй. Могой гурав тасравч гүрвэлийн дайтай гэдэг шиг ер нь эд нар чинь 30 хувийн ард түмний багцтай байдаг. Хамгийн олон гишүүдтэй нам шүү дээ. Дээрээс нь олон хүнийг хоолны талон гэх мэт янз бүрийн юмаар барьж байгаа. Мөн засгийн эрх барьж байна. Сонгуулийн хар машин, төрийн аппарат эдний гарт байна. Мөн нүүрсний гэх мэт хулгай зэлгийний мөнгө нь сонгуулийн сурталчилгаанд орчихсон байгаа шүү дээ. Бас ард иргэдийн саналыг худалдаж авах, мөнгө тараах, дэлгүүрүүдэд мөнгийг нь өгөх зэргийг хайр найргүй, утгаар нь хийнэ. Тийм учраас АН УИХ-ын 2024 оны сонгуульд ялах баталгаа байхгүй.
Хамгийн найдвартай баталгаа бол уг нь АН-ыг сонгуульд аваад орох тэр лидер нь хүчтэй байх юм бол МАН-ын тараах мөнгөний үйлчлэлийг зогсоож чадна.
“За нөхдүүд ээ, та нар АН-даа өгөөрэй, тэгэх юм бол бид нар амьдралыг чинь, нийгэм, эдийн засгаа, болохгүй байгаа бүх юмыг ингэж өөрчлөнө” гэдгээ ухуулан таниулж, ард түмэн түүнд итгэж, хонгилын үзүүрт гэрэл харагдуулж, энэ лидерийг сонговол сонгуулийн дараа дараагийн жилүүдэд бидэнд тулгараад буй хүндрэл бэрхшээлүүдийг зөв, ухаалаг, гоё шийдэх юм байна, нийгэм, эдийн засаг сэргэх юм байна гэдэг итгэл үнэмшлийг л ард түмэнд өгч, манлайлж, араасаа дагуулж чадах юм бол АН-ыг УИХ-д 60 гишүүнтэй болгож, МАН-ыг 10 суудалтай болгох эргэлтийн салхийг авчирна. Ер нь сонгуульд ялах хамгийн чухал элемент, туг, мотор бол лидер л байдаг юм. Онол нь ч тийм, амьдрал практик нь ч ийм л байдаг. Гэхдээ өнөөдрийг болтол Монголын ард түмний сэтгэл зүрхэнд шингэсэн лидер гарч ирээгүй л байна.
Та тийм лидер байж чадах уу?
Би тийм лидер байж чадна л гэж өөрийгөө бодож явдаг хүн шүү дээ. Тийм болохоор ч АН-ын даргын сунгаанд оролцсон.
АН-ын энэ дотоод үл ойлголцол, хагарал, зөрчлийг МАН-аас үүсгэж байна гэдэг байсан бол сүүлдээ Оросын Монгол дахь гар хөл орсон, хутгалдсан гэж ярих боллоо. Ийм зүйл байж болох уу?
Ийм зүйл байх боломжтой гэж боддог. Сошиалд маш их тролл хаяг байдаг. Энэ хаягнуудаас бидний дунд яс хаяж, Монголыг муухай харагдуулж, сошиал орчинг хэрүүлийн талбар болгож, хараар будаж байгаа байхгүй юу. Үнэн, зөвийг хэлсэн хүн рүү дайралт хийх, зөв бодлогыг нураах, Монголчуудын тархийг эргэтэл, хар манан дунд төөртөл нь нөлөөлж байна шүү дээ. Америкчууд манай Ерөнхийлөгчийн сонгуульд Оросууд нөлөөлсөн гэж хэлж байна. Үүн шиг Монголын сонгуульд хоёр хөрш нөлөөлж байхыг үгүйсгэхгүй. Энэ хоёр гүрэн Монголыг хөгжөөд, тасраад явчихаасай гэж хүсэхгүй. Яг үнэндээ бол аль болох ядуу, өөрсдөөсөө хараат л байлгах сонирхолтой шүү дээ. Буриадууд, Өвөрмонголчууд харж байна. Монгол хөгжөөд ирвэл тэд нар чинь Оросууд муу байна, Хятадууд муу байна гэнэ. Монгол хөгжилгүй, сул байвал манайх гоё байна гэж л бодно. Наад захын жишээ. Монголыг сайн сайхан байгаасай гэдэг улс дэлхий дээр цөөхөн бий. Магадгүй Япон, Герман байх. Биднийг ядуу байхад тус болж байсан. Бидэнд гайгүй ханддаг, элэгтэй улс бий боловч ихэнх нь өрсөлдөгчөө л гэж харж байгаа шүү дээ. Улс гүрнүүдийн өрсөлдөөн дунд бид амьдарч байна.
Та Л.Гантөмөр ялдаг АН-ын даргын сонгуульд бас орсон билүү?
Би нэр дэвших гээд очсон. Тэр хуралд нь орсон. Гэхдээ хурлыг дундаас нь хаяад явсан.
Яагаад?
Тэр хурал бол их сонин хурал байсан л даа. Муу үг хэлэх нь хаашаа юм. Би сүүлдээ сайн ойлгоогүй. Цаанаасаа мөнгөөр зохион байгуулсан хурал гэдэг нь ойлгомжтой байсан. Тэгээд би нэр дэвшинэ гэж очоод “За больё доо” гээд нэрээ дэвшүүлэхгүй яваад өгсөн.
Хэний мөнгөөр зохион байгуулагдаж байна гэж харагдсан бэ?
С.Баярцогтын мөнгө. Оффшор мөнгө. Тэгээд С.Баярцогт тэр сонгуульд бараг ялах дөхсөн шүү дээ. Үүнийг хараад үнэхээр гутарсан. Оффшор хүний мөнгөөр, оффшор хүнд санал өгч байдаг ийм АН-ын ҮБХ-ны гишүүд байх ч гэж дээ гэж сэтгэлээр унасан.
Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэж өгнө үү гэсэн материал Дээд шүүхэд очсон. Түүнийг Дээд шүүх бүртгэх болов уу?
Дээд шүүхийн цахим хуудсанд иргэн Л.Гантөмөр, Ч.Өнөрбаяр нараас Улсын Дээд шүүхэд Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгүүлэх өргөдөл ирүүллээ гэж байна лээ. Уг нь нам нь ийм бичиг өгдөг болохоос биш хувь хүн өгч болдоггүй байхгүй юу. Тэгэхээр Л.Гантөмөрийн хувьд боломжгүй зүйл. Ямар ч тамга, тэмдэг байхгүй газраас нэр дэвшээд явж байгаа юм л даа. Энд бас нэг баталгаа байна. МАН-ын дарга, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэлээ гэж байгаа юм. Үүн дээр жишээлбэл, 2017 онд У.Хүрэлсүхийг намын даргад бүртгүүлэх асуудал. МАН-аас У.Хүрэлсүхийг бүртгэж өгөөч ээ гэдэг хүсэлт УДШ-д явуулаад бүртгүүлж байна. Нам хүсэлт гаргах ёстой гэдэг нь үүгээр батлагдаж байгаа юм. Гэтэл Л.Гантөмөр дээр хувь хүн намын даргыг батламжилж өгөөч ээ гээд өргөдөл явуулж байдаг. Иймээс Лу.Гантөмөр бүртгэгдэхгүй гэдэг нь ойлгомжтой гэж бодож байна.
Та өөрийгөө ажилгүй гэж хэлж байгаа боловч сошиалд тун идэвхитэй “ажилладаг” хүн. Инфлүнсэр хүн, тийм үү?
Тийм (инээв).
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүхэлд нь хориг тавьсан, УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилж, батлуулсан “Тролл”-ын гэх хуулин дээр та ямар бодолтой байсан бэ?
Сошиал орчинд нэр, нүүрээ нуусан дотоодын болон гадаадын этгээдүүд бидний дунд хор цацаж байна. Биднийг хооронд нь хагаралдуулж, цагааныг хар, харыг цагаан болгож байна. Энэ өнцгөөс нь харвал би тэр хуулийг дэмжиж байгаа. Тэгэхээр Монголд нэг хүн албан ёсны нэг л хаягтай байгаач ээ. Хоёр хаягтай болсон ч тэр нь албан ёсны байгаач ээ. Бичиж буй хүн нь бодит хүн байгаач ээ. Түүнээс бус нэг хүн хэдэн мянган хаягтай болоод юу ч хамаагүй бичээд, нийгмийн сэтгэл зүйг өөрчилж болзошгүй байна. Жишээ нь, би нэг юм хэлэнгүүт над руу 10000 хүн дайрдаг байя гэж бодьё. Тэгэхээр бусад хүмүүс түүнийг нь уншаад “Бүх хүн энэ хүнд дургүй юм байна” гэсэн сэтгэгдэлтэй үлдэнэ. Хүн чинь олонхио дагадаг байхгүй юу. Гэтэл тэр 10000 хүний 99 хувь нь хуурамч хаяг байж болох л байхгүй юу. Тийм биз дээ.
Ер нь сошиал, интернет орчинд тодорхой хяналт байх хэрэгтэй. Тэнд бага насны хүүхэд үзэж болохгүй юм зөндөө байна шүү дээ. Гэтэл Монголд ямар ч хяналт байхгүй, бүгдийг харж байна шүү дээ. Ингэж болохгүй.
Хүүхдүүд утсаа аваад юу хийж байгааг хэн ч мэдэхгүй шүү дээ. Тийм биз. Энэ бол асуудал. Үүнийг л зөв гольдролд нь оруулах гэж байгаа юм болов уу даа л гэж би хувьдаа бодсон. Монголын онцлог цөөхөн хүн ам. Тэгээд энэ их хэрүүл дунд амьдарч байна. Өндөр хөгжилтэй оронд ийм юм байхгүй. Тэнд бол эерэг, зөв зүйтэй юмаа л тавьдаг. Манай Монгол чинь тийм биш болчихоод байна. Манайхан хуурамч, хар манангийн сошиалд живчихээд байна. Энэ талаас нь аваад үзвэл Н.Учралын зөв. Маш зөв.
Гэтэл үүнийг бидний үг хэлэх эрх чөлөөг хаалаа, боолоо гэж байна. Би бол учир зүггүй хүний үг хэлэх эрх чөлөө үүн дээр хаагдчихна гэж үзэхгүй байна. Үнэн юм үнэнээрээ л гардаг байх. Жишээ нь, миний үг хэлэх эрх чөлөө үүн дээр хаагдахгүй. Хэлдэг юмаа хэлээд, шүүмжилдэг юмаа шүүмжлээд л явна. Би сошиал орчинд сөрөг, муухай, хараал, гүтгэлэг тараадаггүй. Надад тролл баг байдаггүй. Би тролл армиас хамгийн их гүтгэлэг, доромжлолыг амсдаг хүний нэг. Би чинь Монголд хамгийн олон дагагчтай хүн шүү дээ. 800 мянган дагагчтай хүн. Монголын сошиал орчин, фэйсбүүк бараг миний хяналтанд байна гэж хэлэхэд болно шүү дээ. Монголд сая гаруй идэвхитэй фэйсбүүк хэрэглэгч байдаг гэсэн. Түүний 80 хувь нь надад байна шүү дээ.
Ярилцсан Ч.Явуухүү
Зочин · 2023/01/31
Гүндалай зөв зүйлийг ярьж байна. Троллын хууль хүний үзэл бодлыг боож хаасан зүйл байхгүй. Хуулиа яаж хэргэлхээс л болно. Гол хүнийг үндэслэлгүй гүтгэж доромжлох эхллийг тавьсан хүмүүс чинь сэтгүүлчид шүү дээ. Тэд ёс зүйгээ мөнгөөр худалдсан хүмүүс. Одоо тэд ам амандаа “ёс зүйтэй байх” тухай ярьдаг л болсон. Мөнгөрхүү ч болсон.