Сангийн сайд, УИХ-ын гишүүн асан Дамдины Хаянхярваатай ярилцлаа.


-Та улс төрд их идэвхтэй явсан хүн. УИХ-ын гишүүнээр гурван ч удаа, Монгол төрийн гол яамны сайд, “бүдүүн” Бүлгийн дарга гэхчлэнгээр. Мөн 100 гаруй жилийн түүхтэй МАН-ын намын даргад ч өрсөлдөж явсан гэхчилэнгээр шуугиантай явсан. Одоо ер нь таны амьдралын хэмнэл тань ямар байна. Таны нэг өдөр хэрхэн өрнөж байна?

-Юуны өмнө, 2020 оноос хойш өдийг хүртэл “ярилцлага авъя” хэмээн тууштай хандсан танай сонины хамт олонд баярлалаа.

Энэ хүнээс ярилцлага авах хэрэг байна уу даа гэж олон нийт бодож байгаа байх. Энэ авлигачин нөхөр юу ярих вэ ч гэж байгаа байх. Ярианыхаа эхэнд шуудхан хэлэхэд энэ асуудлаараа товчхон ярина. Дэлгэрэнгүй яриад сүйд болоод байх юм алга.

Миний туулж ирсэн амьдралын хэмнэл, болоод амьдралын талаар сонирхолтой талаас асууж байгааг нэг талаас талархалтай хүлээж авч байна. Учир нь ерөөсөө л энэ хүн бол авлигачин, гэмт хэрэгтэн гэж хаяад байж боломжгүй. Ер нь ямар ч хүн алдаа мадаг гаргаж болно. Гагцхүү туулсан амьдралдаа үнэн зөв юмыг ярьж үлдээх тухай асуудал өнөөгийн нийгэмд чухал юм уу даа гэж бодож байна.

Таны сонирхсон асуултад харъя. Би 2020 оны сонгуулийн дараа Эрдэнэс Монголд жил гаруй хугацаанд ажиллаа. Жил орчим ажиллаж байгаад яагаад явсныг ард түмэн мэдэж байгаа учраас яриад яахав. Түүнээс хойш тэтгэвэр тэтгэмждээ гарсан. Одоо бол айхавтар онцын хийсэн ажилгүй. Сошиал ухсан шиг. Хааяа твиттер, фэйсбүүкт өөрийнхөө сонирхлын дагуу авсан ганц нэг зургуудаа постолсон шиг. Сүүлийн үед төр засгийн ажил төрөл, нийгмийн амьдралтай холбоотой шүүмжлэлтэй санагдсан ганц нэг санаа оноогоо бичсэн шиг сууна. Ихэнх тохиолдолд гэртээ байна. Бага хүүгийн маань хүү гэж жаахан нөхөр бий. Манай гэр бүлийн хүн бид хоёр тэр нөхрийг хардаг ажилтай. Тэр маань одоохондоо зугаатай байна. Удаан хугацаанд байвал зугаатай байж чадахгүй ядрах бололтой юм байна. Жаахан хүүхэд харна гэдэг амар биш. Ийм л байдалтай амьдарч явна даа.

Би Монгол төрийн албанд нийтдээ 35 жил ажилласан байна. Ер нь бидний үеийнхэн адил дөө. Өглөө босоод ус цасанд ороод, үс толгойгоо янзалж сахал үсээ аваад, зангиа цамцаа өмсөөд ажил руугаа явдаг. 35 жил явсан хүн энэ хэмнэлнээсээ салахад амар биш байдаг юм байна. Ний нуугүй хэлэхэд, анхандаа жаахан хэцүү л байсан. Өглөө босч дадсан цагтаа босно. Үс тойлгогоо янзалчихна. Тэгээд хаачих аа мэдэхгүй, юу хийх билээ гэдэг асуудал инээдэмтэй. Нэг үеэ бодвол одоо үүндээ дасч байна.

Ер нь өглөө цаг нартаа босдог рижмийг өөрчилж чадахгүй юм байна. Босоод хийдэг бүх зүйлээ хийчихдэг юм байна. Тэгээд яах уу гэдэг байдлаар өдөр өнгөрдөг.

-Та ер нь намынхантайгаа холбоотой байгаа юу. Сүүлд хэзээ намынхаа байраар оров?

-Энэ хүнд жилүүдэд энэ намын төлөө хоёргүй сэтгэлээр явсан хүнд “Таныг дүрэмд заасан асуудлаар манай намын гишүүн байх ёс зүй байхгүй учраас намаас хаслаа” гээд хэлчихэж болно.. Гэтэл нэг л өдөр намаас хаслаа гэсэн. Намаас хасагдсан учраас намын байраар ороод байх сонирхол байхгүй болчихсон.

Мэдээж нам дотор байгаа найз нөхдүүд, намын хүмүүс бий. Тэдэнтэйгээ хааяа уулзаж, утас шөрмөсөөр хааяа ярина. Олон жил намынхаа төлөө зүрх цохилсон болохоор намын журмын нөхдүүддээ намынхаа л зовлонг ярих юм. Манай нам ингэмээр байх юм. Залуучууд ийм юман дээр алдаад байх шиг байна. Залуучуудад та нар ингэж хэлж зөвлөж болдоггүй юм уу гэхчилэнгээр журмын нөхдүүдтэйгээ ярилцдаг.

Манай намынхан намайг журмын нөхөр гэдэг талаас нь хүлээж авч байгаа юм. Би бол хасагдсан гэдэгтээ итгэл үнэмшилтэй байя гэсэн бодолтой байгаа. Зохих цагтаа ажилладагаа ажилласан. Одоо бол энэ намд ямар нэгэн байдлаар хэрэггүй болжээ гэж үзэж байгаа тохиолдолд заавал нам руу зүтгээд намын байраар ороод тэнд юм яриад байхаас илүүтэйгээр эв нэгдэл талаас намынхантайгаа харилцвал дээр юм болов уу гэсэн тал руугаа байр сууриа илэрхийлэх хандлагатай болчихсон байгаа.

-Тантай ярилцаж байгаагийнх Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн амьдарлыг талаар яриулалгүй өнгөрч болохгүй. Мөн өнөөдрийн терэнд улстөрчдийн талаар ч асуух нь зүйн хэрэг. Эхлээд өнөөдрийн трэнд улстөрч болох Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрт ямар дүгнэлттэй байгаа хэлэхгүй юу?

-Би улс төр гэдэг зүйлээс хөндийрөөд гурван жил болж байна. Тиймээс өөрийн түвшинд санал бодлоо хуваалцъя. Учир нь Монголын нийгмийн амьдрал өнөөдөр амар биш байна. Улс төрийн нөхцөл байдал ч тэр. Эдийн засгийн нөхцөл байдал ч тэр Аль ч талаас нь үзсэн Монголын нийгмийн амьдрал амаргүй байна. Ер нь бид Монголчууд гэдэг халуун гэр бүлийн хүмүүс учраас болж бүтэхгүй байгаа зүйлийг олон талаас нь тунгааж зөв зүйтэй зам руу нь оруулах ёстой.

-Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ахлуулсан Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тэр дундаа яриад байгаа авлига хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэнэ гэж ажлыг эрчимтэй эхлүүлж байгааг нь дэмжиж байна. Манай нийгэм дэх хамгийн бугшсан асуудлуудын нэг энэ гэдгийг Монголчууд нийгмээрээ хүлээн зөвшөөрч байна шүү дээ.

Олон жил болсон энэ алдаа завхарлыг засаж залруулна гэдэг амар биш. Амаргүй энэ зүйл рүү зориглож орно гэдэг нь хэн бүхний хийгээд байх ажил биш. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувьд залуу хүн ийм юм руу Засгийн газраараа орж Молнголд болохгүй бүтэхгүй байгаа юмнуудыг цэглэх гээд явж байгааг нь аль ч талаас нь дэмжиж байгаа.

Мэдээж Хаян нь байна уу, Дорж, Дулмаа нь байна уу хэн ч байсан ямар нэгэн байдлаар хууль шүүхийнхэнтэй холбогдсон бол хууль шүүхийн өмнө тэгш байх энэ зарчим үйлчилбэл Монголчуудад аль алинд нь ашигтай шийдвэр болох юм даа гэж харж байгаа.

-Эдийн засгийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг та Сангийн сайд, эдийн засагч байсан хүний хувьд хэрхэн дүгнэж байна. Оновчтой байж чадаж байна уу. Хаана алдаж юун дээр онож байна?

-Байгалийн баялгийг биржээр дамжуулж заръя, төмөр замтай холбоотой асуудлуудад цэгцтэй бодлого явуулж байгаа нь эдийн засагт жаахан ч болов эерэг тохио өгч эхлээд байна. Энэ бүхэн дээр анхаарлаа хандуулах нь зүйтэй. Гэхдээ Монголын эдийн засагт оновчтой шийдвэрийг гаргахад жаахан учир дутагдалтай байна гэж харж байна.

Энэ бол хувь миний харж байгаа өнцөг шүү. Түүнээс байгууллага, хамт олон, намыг толгойлж харж байгаа хүн биш.

Наад захын жишээ бараа бүтээгдэхүүний үнэ хяналтаас гарчихлаа. Ямар ч зохицуулалт хийж чадахгүй байна. Би зах зээлийн нийгэмд үнийн зохицуулалт хий гэж хэлж чадахгүй. Тэгэх ёсгүй. Харин жолоодлогогүй нэмэгдээд байгаа үнийн хөөрөгдлийг засаг төр авч үзэх ёстой.

Жишээлбэл, эм байна. Терафлю гэдэг эм зарим газар 25 мянга, зарим газар 30 мянга, зарим газар бүр 70 мянга байгаа юм.

Засгийн газрын эдийн засаг, нийгэм рүү чиглэсэн бодлого байхгүй учраас эмх замбараагүй байдал руу орчихоод байна. Зах дээр очоод хэн дуртай нь юмныхаа үнийг нэмдэг байдал руу орчихлоо. Ер нь том зургаар нь үзвэл бодлогын алдаа л даа.

Манай улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай. Гэтэл лицензыг хүчингүй болгочихлоо. Одоо бол үндсэндээ байгаа жаахан хэдийгэээ тал талаас нь хэмлээд байгаа болохоос биш нэмэлт хайгуул хийгээд бодитой гаргаад ирсэн дараагийн шатны уул уурхайн орд алга. Хайгуулд ямар их хөрөнгө мөнгө, ямар их цаг хугацаа ордог билээ. Тиймээс үүнд тодорхой арга хэмжээ авахгүй бол төр дангаараа хайгуул хийгээд цаашаа явж чадахгүй.

Өөр нэг том алдаа нь Монголын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж байгаа томоохон компаниуд, хувийн хэшлийнхнээ төр дандаа харлуулж эхэлж байна.
Тэр бол олгиорхи, тэр л илүү баяжсан гэх хандлагатай. Энэ бол маш буруу бодлого. Яагаад Монголын нийгэмд нийгмээ чирэх чадавхтай 10, 20 компаниуд байж болдоггүй юм бэ. Томоохон компаниудыг олгиорх гэхчилэнгээр янз бүрийн нэрлэдэг. Гэтэл бодит амьдрал дээр тэр компаниуд улсын төсөвт хичнээн төгрөгийн татвар төлчихөөд байгаа юм бэ. Тэр татвараар нь юу хийх хэмжээний мөнгө юм бэ. Хичнээн хүн ажлын байртай богочихоод байгаа юм бэ. Тэрхүү ажилчдын ард хичнээн өрх амьжиргаагаа залгуулж байна. Цаашдаа тэд юу бүтээх гэж байна гэдгийг бид зөв талаас нь тайлбарлахгүй хэрэгтэй.

Хөгжлийн банкны нээлттэй сонсголыг сонслоо. Анхны сонсгол гэхэд үнэхээр сайн болсон. Гэтэл томоохон компаниудыг зээлээ аваад өрөө дараад юу ч хийгээгүй юм шигээр ярьж байгаа юм. Энэ нь хэд хэдэн компани дээр ажиглагдсан. Гэтэл нөгөө компаниудынх нь тайлбарыг сонсоход хөрөнгө гараагүй байхад нь Засаг хий гэж чиглэл өгчихөөд хөрөнгө санхүүгээ төвлөрүүлж ажлаа хийж дуусгачихаад төвлөрүүлсэн хөрөнгөө буцааж тарааж өгч байгааг нь охин компанийхаа өрийг төлчихсөн гэдэг ч юмуу энэ мэтээр нийгэмд буруу мессэж, буруу мэдээлэл өгөөд байх юм бол ядуу байгаа ард түмэн үүнийг буруу талаас нь л ойлгоод байна. Өөрөөр хэлбэл, баян хүмүүст л ерөөсөө дургүй болоод байна шүү дээ. Энэ бол ажил хийж байгаа хүмүүст дургүй байна гэсэн үг. Миний эзэмшлийн газар доор хичнээн баялаг байгаад би хөрөнгө босгох чадамжгүй бол хичнээн миний өмч гэж цээжээ дэлдээд яах юм бэ. Яаж ч чадахгүй шүү дээ. Хэн нэгэнтэй хамтарч хөрөнгө босгоод тэнд хүний хөдөлмөр, нэмүү өртөг шингээж байж тэр нь баялаг болж хөрөнгө санхүү бий болгохоос биш энэ миний өмч, би баян хүн гээд дарж хэвтчихээд байвал баян болохгүй биз дээ.

Энэ мэтчилэнгээр нийгэмд байгаа алдаа завхарлуудаа засч хувийн хэвшлийнхэнд эрх мэдлийг өгөх хэрэгтэй.

-Экспортоос хамааралтай манай улсын хувьд боомт, ложистик чухал байна. Гэтэл бүтээгдэхүүнээ экспортод гаргая гэвч ложистик алга. Баахан мухар төмөр замтай боллоо. Үүний шалтгааныг та юу гэж харж байна?

-У.Хүрэлсүх даргаар ахлуулсан Засгийн газар гэж байлаа. Г.Занданшатар дарга УИХ-ын даргаар ажиллаж байх үед хамгийн чухал шийдвэрүүдийг тэр үед гаргахдаа бид алдаа гаргасан. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ямар алдаа гаргасан гэхээр бид Таван толгой-Гашуунсухайтад экспортын зориулалттай нарийн цариг тавих тухай асуудлаар нэлээдгүй байр сууриа илэрхийлсэн. Нэлээн ч үзсэн. Би хураа гараараа зурж байгаад ч үзсэн. Харамсалтай нь бид амжилт олж чадаагүй.

Өнөөдөр мухар, хоорондоо холбогдох цэг нь зөрчихсөн дахиад ч 200-300 сая ам.долларын санхүүжилт хэрэгтэй гээд сонин юм яриад сууж байгаа нь УИХ, Засгийн газрын түвшинд гаргасан шийдвэрийн алдаа. Үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Хоёрдугаарх нь, Хангимандал төмөр зам. Мөн л өргөн цариг тавьсан. Бодвол холбоно гээд дахиад зардал гарах байх.

Гуравдугаарх нь, Эрдэнэс Монголд би ажиллаж байхдаа Гашуунсухайт-Шивээхүрэнд нарийн царигийн экспортын зориулалттай 47 км замыг тавъя гэж байна. МАК-ийнхан Зураг төслийг нь хийчихсэн байна. Эрдэнэс Монгол 51 хувийг нь эзэмшинэ. Хятадын тал хөрөнгөө гаргаад улирал харгалзахгүй гурван сарын дотор тавья гэж байна. Тэнд AGV буюу жолоочгүй тээврийг туршъя гэж байна. Контенер тээвэр зам тавья гэж байна. Агаарийн дүүжин тээврийг хийе гэж байна гэсэн саналуудыг Засгийн газар, холбогдох яаманд presentation-тэй нь хүргүүлж байсан. Эндээс би бас зэмлэл хүртэсэн. тухайн үеийн ХЭГ-ын дарга намайг Үндэсний аюулгүй байдалтай холбоотой зүйл ярилаа гэж зэмлэсэн. Ингээд энэ чиглэлд шийдвэр гаргаагүй. Хөөт, Хөшөөтийн зам мөн адил.

Манай экспортын гол бүтээгдэхүүнийг авч байгаа Хятад улс хилийн цаана бүх дэд бүтцээ авч ирээд Монголчуудад үүд хаалгаа дэлгэчихээд байна шүү дээ. Нарийн царигаар бидний бараа бүтээгдэхүүнийг авъя, хамт хөгжье гээд байхад энэ ажлыг бүрэн дүүрэн хийж чадахгүй байгаад учир дутагдал байна.

Үүндээ бид бодитой шийдвэр гаргах хэрэгтэй байна. Шивээхүрэнд ч болов нарийн царигийн төмөр замыг тавих шийдвэрийг Засгийн газар, УИХ-ын түвшинд гаргах хэрэгтэй. Бичигтийн боомтоор энийг гаргах хэрэгтэй. Яах гэж давхар зардал гаргаад байгаа юм бэ. Экспортын чиглэлийн нарийн царигийн төмөр зам тавихад юу нь болохгүй байгаа юм бэ. Ачиж буулгах, дугуй сольдог гэхчилэнгээр хоёр ажил хийх ямар шаардлага байна.

Тэгэхэд Хятадууд Австралиас нүүрс импортлох эрхийг бүх аж ахуйн нэгжүүддээ олгож байна. Тэднийх ямар хямдхан тээвэртэй билээ. Хятад боомттой учраас нүүрсээ их хэмжээгээр нь далайгаар тээвэрлээд аваад ирнэ. Тэр үед бидний нүүрсний үнэ өртөг яаж унах билээ. Энэ талд ер нь нэг дорвитой алхам хийгээсэй билээ гэж хардаг.

-Монгол төр эдийн засгийн хоёр дахь том салбарыг аялал жуулчлал гэж үзэж буй. 2025 оныг аялал жуулалыг хөгжүүлэх жил болгон зарласан._Энэ бодлогод та ямар шүүмжлэлтэй байна?

- Утаагүй үйлдвэрлэл гэж дэлхий нийтэд нэрлэж ирсэн аялал жуулчлалыг маш их ярьж байгаа боловч яг бодитоор юу хийх вэ гэдгээ ерөөсөө бид гаргаж чадахгүй байна.

Наад зах нь аялал жуулчлалыг бүх чиглэлд хөгжүүлэх хамгийн боломжтой цэг Хөвсгөл нуур. Очоод үз. Тэнд стандартад нийцсэн хичнээн кемп байна. Хуруу дарам цөөхөн хэдхэн кемп байгаа. Дэд бүтэц байхгүй. Ядах нь ээ тэнд цэвэр, бохир усны асуудал, зам харгуйг шийдэх, аялал жуулчлалын чиглэлээр явуулж байгаа компаниудаа хөнгөлттэй нөхцөлтэй зээлээр дэмжих зэргээр гаргаж байгаа шийдвэрээ оновчтой томъёолж, оновчтой шийдвэр гаргах үгүйлэгдэж байна.

Засгийн газрыг хархад сүүлийн жилүүдэд пиар хийгээд байна. Хэтрээд байгаа пиарууд байна. Эргээд харахад У.Хүрэлсүх даргыг Ерөнхий сайд болж байхад, Л.Оюун-Эрдэн даргыг Ерөнхий сайд болж байхад би “Бага ярь. Их хий. Та нарын пиар ихдээд ард иргэдэд хүлээлт үүсгээд байна. Тэр чинь ажил хэрэг болохгүй байна. Харин хийчихээд хийчихлээ гэдгээ дараа нь тайлбарла” гэсэн үгийг хэлж байсан. Одоо ч гэсэн би энэ үгийг хийж хэрэгжүүлэх ажилд хэрэгтэй гэж хэлж байгаа юм.

-Шинэ залуу үе гарч ирлээ. Залуучууддаа зайгаа тавьж өгч байна, зайгаа тавьж өгч ч гэдэг пиар их явлаа. Шинэ залуу үеийн цөөнгүй гишүүн парламент, Засгийн газарт ажиллаж байна. Энэ хэрээр өнөөдөр чадамжын асуудал яригдаж байна. Та ер нь Үеийн асуудалд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Шинэ залуу хүмүүс гарч ирлээ гээд тэднийг би үгүйсгээд, буруутгаад байх юм алга. Ер нь гэхдээ төрийн ажлыг харахад, бусад улс орны туршлагыг харахад ерөөсөө ажил, амьдралын туршлагатай хүмүүсээ ашигладаг байх асуудал хөндөгдөг. Сонгуулийн үеэр “Манай нам ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээс юм” гэж бид ярих дуртай. Тэгвэл өнөөдөр тэр алтан хэлхээс алдарчихаад байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, ахмад үеийнхнийгээ гортикний цаана гаргачихаад байна. Яахав дунд үе байгаа байх. Ихэнх нь залуучууд байна. Ингэхээр ажлын туршлагатай хэлж ярьдаг хүмүүс цөөрөөд байна. Энэ юунд нөлөөлж байна гэхээр өнөөдөр намын даргасаа ч юм уу, Ерөнхий сайдаасаа хүн бүхэн айдаг айдаг болчихсон. Энэ нууц биш. Хэлвэл дахиж нэр дэвших үү үгүй юу. Болохгүй бол яах вэ. Хүний л амьдрал болсон хойно чимхвэл тосч ч гойжно. Ус ч гойжно. Юм юм л гойжино. Ийм л айдастай болчихсон.

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын энэ Засгийн газрын хийж байгаа хэрэгжүүлж байгаа ажилд хэрэг болох түшиг болох хүн энэ УИХ, Засгийн газарт хэд байна вэ гэдгийг ард түмэн хараад үз. Яг түшиг болоод зөв талаас нь зөвлөдөг, болохгүйг нь хатуухан хэлдэг хүн байна уу.

Төр засгийн шугамаар шат шатанд нь ажиллаж байсан хүмүүсийг сонсох асуудал энэ Засгийн газар энэ залуучуудын дунд учир дутагдалтай байна.

Шуудхан хэлэхэд, Парламент өөрөө Засгийн газарт хяналтаа тавих чадамжгүй болчихсон байна гэж би харж байна. Бүлгийн даргын ажлыг өгч байхдаа Д.Тогтохсүрэн даргад “Та олон жил аймаг орон нутгийг удирдсан учраас энэ ажлыг та төвөггүй хийнэ. Би итгэж байгаа. Би баримталж ирсэн ганцхан л зарчмаа танд хэлье. УИХ-ын ажил тусдаа. Засгийн газрын ажил тусдаа. УИХ Засгийн газарт шаардлагаа тавьж болохгүй бүтэхгүй юмыг нь дарж ажиллах ёстой юм шүү. Үүнийг л би хийх гэж ноцолдсон. Энэ бүхэн минь төдийлөн үр дүнд хүрч чадсангүй дээ. Та үүн дээр хичээж ажлаарай. Ингэж ажиллавал Монголын төрд хэрэгтэй юм” хэлж байсан. Д.Тогтохсүрэн дарга одоо санаж байгаа байх.

Өнөөдөр чухамдаа тэр нь бүтэж байгаа юу, үгүй юу гэдгийг би дотор нь байхгүй учраас тэр хүний, тэр бүлгийн ажлыг дүгнэж цэгнэж хэлэх боломжгүй.

-Саяны томилгоогоор ч ил байлаа шүү дээ. Олон эмэгтэй гишүүд яригдаж байсан ч намын даргын эсрэг кноп дарсан гэдгээр бялуунаас хасагдсан.

Та хэдэн жилийн өмнө Засгийн газрын тэргүүний ажил намын даргын ажил тусдаа байх ёстой гэж хэлж байсан тань санагдаж байна.

-Бодитоор байна шүү дээ. 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж байх үеийн нэг зүйлийг би маш сайн санаж байна. Өмнөх парламентад байсан гишүүд санаж байгаа байлгүй дээ.

Бид хүчтэй Ерөнхий сайдтай засаглалыг бий болгоё гэдэг санал тавиад явсан. Ингээд бүх эрх мэдлийг Ерөнхий сайдад төвлөрүүлсэн. Ц.Мөнх-Оргил гишүүн тэр үед “Ер нь нэг хүнд асар их эрх мэдлийг өгөхөд ямар ч газар дарангуйлал үүсэх өндөр магадлал байдаг. Тэгэхээр бид ядаж Засгийн газрыг авч үлдэх юмаа хадгалж үлдэх ёстой” гэсэн тодорхой байр суурийг хэлж байсан. Ард түмэн санаж байгаа байх. Энэ бол бодож байх ёстой үг байжээ гэж зарим нэг нь эрх биш бодож байгаа байлгүй дээ.

Гэхдээ үүгээр Ерөнхий сайдыг дарангуйлагч болчихлоо гэж хэлэх гээд байгаа юм биш. Мэдээж Л.Оюун-Эрдэнэ сайдын хийх гээд байгаа ажил амаргүй гэдгийг би ярианы эхэнд хэлсэн. Чиглэл нь зөв. Маш зөв ажлуудыг хийж байгаа. Ганцхан энэ хүнд аль ч талаас нь буруу, зөрийг хэлж зөвлөж чиглүүлэх хүн хүч жаахан хэрэгтэй юм болов уу даа гэж л. Магадгүй энэ парламент, энэ Засгийн газар дотор Л.Оюун-Эрдэнэ сайдад жаахан зоригтой үг хэлдэг ийм хүмүүс хэрэгтэй юм болов уу даа.

Шийдвэр гаргах түвшинд ажиллаж байхдаа би чадалтай хүмүүстэй ажиллах дуртай байсан. Чадвартай хүмүүстэй ажиллахад гаргах шийдвэр маань алсыг харсан шийдвэр гаргадаг учраас чадвартай хүний үгийг сонсох нь удирдагч хийж байгаа хүнд хэрэг болдог юм л даа. Асуудлаа мэддэг чадалтай хүмүүс өөрийнхөө мэддэг зүйлд итгэл үнэмшилтэй байгаа учраас цаад хүндээ зоригтой хэлдэг. Тэр үгийг нь хүлээж авах чадамжтай байж гэмээнэ залуучууд бүр илүү хол явна. Түүнээс би ингэнэ. Би л ингэх ёстой гэдэг зарчмаар явбал амаргүй.

-Зөвлөж байгаа нэртэй долгинох хүмүүс их байна. Таны зөв гэж өөгшүүлж тухайн хүнээ балладаг хүмүүс их болчихлоо.

-Орчин цагт ийм болчихоод байна. Таны хэлсэн үг нийгэмд алж байна. Таны саяны шийдвэр нийгэмд цусыг нь хольж байна хэмээх “алга ташигчид” олширхоод байна.

Энэ юунаас харагдаж байна гэхээр сошиал дээр их ажиллаад байна. Сонгуулийн дүнгийн үеэр бид анализ, дүн шинжилгээ судалгаа хийж үзэж байсан. Сошиал маш бага хувийг эзэлдэг юм байна лээ шүү.

Твиттер ч юмуу сошиалаас өөрийнхөө тухай үзэхэд тэнд мандан бадраад байгаа юм шиг. Хаана ч очсон алахаар байгаа юм шиг. Яг амьдрал дээрх бодит судалгааг үзэхээр сошиалын тэр давлагаа бол хоосон хөөсрөл байгаа юм. Сошиалыг хөөсрүүлээд байгаа хүмүүс бол өнөөх тролууд.

Сошиалд идэвхтэй байдаг хүмүүсийн тоо их биш. Коммент бичдэг хэсэг бүлэг тролуудын арми байна. Хэний ч арми юм. Тийм армиуд хүмүүсийн оюун санаа тархийг угааж байгаа зүйл харагдаад байна. Тэр бүхэнд нь ард түмний дийлэнх масс итгээд Засгийн газар юм хийхгүй байна гэвэл хийхгүй байна гэж хошуураад. Лаг байна гэвэл лаг байна гэж хий хошуураад байна. Түүн дээр нь голлож Засаг пиараа явуулах гээд оролдоод байх шиг байна. Сошиал дахь хандалт маш савлагаатай байна. Тэгэхээр пиарыг маш оновчтой хийж өөрсдийнхөө бодит амьдрал, ажлыг зөв үнэлж байж ажлаа явуулах нь хамгийн чухал гэж би харж байна.

Гуравдугаарх ажиглаж байгаа зүйл нь.

Төрд ажиллаж байгаа хүмүүсийн нурууг нь үнэхээр авлаа. Одоо төрийн албанд үнэнч шударга чадалтай хүн ажиллах ямар ч боломжгүй болсон. Би төрийн албанд доод шатнаас нь эхлээд дээд шат хүртэл нь өөрийнхөө хичээл зүтгэлээр явсан хүн учраас төрийн албаныхныг маш их хайрладаг. Өнөөдөр төрийн албаныхныг нурууг автал нь “балбалаа”. Ялангуяа сүүлийн жилүүдэд. Бид 2016 онд ялсан. Өөрийн намын хүнээ тавина гээд баахан бантан болгосон. Дараа нь У.Хүрэлсүх дарга гарч ирсэн. Баахан л өөрчлөлт болсон. Дараа нь нь Л.Оюун-Эрдэнэ сайд болсон. Баахан л өөрчлөлт болсон. Яам тамгын газрынхныг сонсохоор чөлөө завгүй бүтцийн өөрчлөлт гээд байх юм. Одоо Д.Амарбаясгалан дарга дахиад л 6000 хүнийг хална солино гэж байна. Хэн ийм аймар айдсын дотор төрийн албанд ажиллаж чадах юм бэ. Бүх ажлыг гардан гүйцэтгэдэг энэ ажлыг хэвийн түвшинд авч явах ёстой дунд, доод шатны албан хаагчид нэгдүгээрт хуулийн хүрээнд ажиллаж чадахгүй болчихоод байна. Хоёрдугаарт, шийдвэр гаргаж чадахгүй болчихоод байна. Гуравдугаарт, тэр ажилдаа байх үгүйгээ мэдэхгүй байгаа хүн яаж тэнд ажиллах хүсэлтэй байх юм бэ. Яаж ийгээд амиа аргацаад хэдэн төгрөгийнхөө цалинг аваад сууж байх сонирхолтой байна биз дээ. Тиймээс төрийн албаныхандаа үнэнхүү анхаарах хэрэгтэй.

Сүүлийн үед хараад байхад төрийн албаныхныгаа чичилж дайрч попордог зүйл газар сайгүй бий болчихлоо. Чи ажиллаж чадахгүй байна. Чи зайлаарай гэдэг байнгын айдаст ажиллаж байна. Хэзээ байхдаа төрийн албан хаагч хүн доод шатны төрийн албан хаагчидтайгаа тэгж харьцдаг байсан юм бэ. Болж байвал болж байна гээд болохгүй байвал болохгүй байна гэдэг. Алдаа оноо байвал түүнийг нь хэлдэг. Засаж залруулдаг байх ёстой болохоос нэг алдаа гармагц нь зайл гэдэг. Мэдээж хөөж явуулах алдаа гэж байна. Гэхдээ төрийн албанд ороод ажиллаж байгаа ямар ч хүн алдаа гаргалгүй дээшээ явчихдаг хүн гэж хаана ч байхгүй. Хүний амьдралд ч ийм юм байхгүй. Энэ бүхнийг нийлүүлээд аваад үзвэл энэ нийгмийн амьдралыг цогцоор нь томоор харж байгаа төрийн бодлого байхгүй болчихоод байна.

-Энэ асуудлуудыг сууриар нь цэгцлэхийн тулд яах ёстой вэ?

-Төрийн алба, яам тамгын газар Үндсэн хуульд оруулна гэж ярьдаг байсан. Төрийн алба, төрийн бүтэц ийм байхад болох юм гэдгийг шинжлэх ухааны үндэстэй судалгаан дээр тулгуурлаж зурах ёстой юм. Өөрөөр хэлбэл, тэдэн яамтай байна, тэдэн агентлаг байна гэдгийг маш нарийн зурмаар байна.

Энэ жил МХЕГ-ыг татан буулгачихлаа. Нэлээн олон жилийн өмнө яамдуудад тарчихсан байсныг болохгүй байна гэж бөөн хэл ам болж МХЕГ болгосон. Мэргэжлийн хяналт нь овоо зүгшрээд ирмэгц дахиад тараагаад хаячих юм. Давхар харьяалалтай зүйлүүд олон байна шүү дээ. Гэтэл тараачихаар яам яамнаас шалгалтууд ирнэ.

Түүнчлэн маш олон лиценз зөвшөөрөл авах ажил гарна. Авлига, хүнд суртлыг бий болгож байгаа лиценз зөвшөөрлүүдийн тоог нь цөөлье гэж яриад байгаа ч бодитоор хэрэгжиж чадаж байна уу үгүй юу.

-Төр цомхон байх тухай их хөнддөг. Энд таны бодол?

-Төр цомхон байх ёстой гэдэгт би санал нэг байдаг. Төрийг данхар болгочихсон нь улс төрийн намууд өөрсдөө шүү дээ. Тэр дундаа сүүлийн найман жил манай нам нэлээд нэмэх шиг болсон. Үүний өмнө Ардчилсан нам байсан. Түүний өмнө хамтарсан байсан. Бүгд л нэмсээр ирсэн шүү дээ. Ер нь төрийн албыг ийм данхар болгосон нь төрийн эрхд байснаараа Ардын нам, Ардчилсан нам хоёрын хамтран бүтээсэн том алдаа..

Буцаагаад түүнийгээ яаж цэгцлэх вэ гэдэг асуудал нь өөрөө проблем болчихоод байна. Түрүүн хэллээ шүү дээ. Зургаан мянган хүнийг гудамжинд гаргаад хаяна гэдэг бол энэ хүнд үед 6000 мянган хүн орлогогүй болж байна. Манай өрхийн гишүүдийг дунджаар дөрвөөр бодвол 26 мянган хүн ажлын байргүй, амьжиргаагаа залгуулах орлогогүй болж эхэлж байна. Ийм Нэг арми бий болж байна.

-Төрийн албыг цомхон чадварлаг болгохын тулд бид яах ёстой вэ?

-Дээхэн үед л дээ. Ардчилал, зах зээл эхлэхийн өмнө Дэлхийн банкнаас төрийн албан хаагчдын тоог цомхотгохдоо ажлаас гарч байгаа хүмүүст тодорхой мөнгө өгч байсан. Нэг ёсондоо бизнесийн эхлэл болгох мөнгийг өгөөд төрийн албанаас гаргаж байсан.

Одоо давалгаалж байгаа нэг юм бол, ерөөсөө ужиг болсон олон ахмад хүмүүсийг төрөөс зайлуул. Ерөөсөө л зайгаа тавьж өг. Тэтгэвэртээ гар гээд. Тэд хэдэн хувийг эзлээд байгаа юм бэ. Тэнд ажиллаж байгаа нэг ахмад ажилчныг гаргаад нэг л хүнийг цомхотгоно шүү дээ. Тэр хүн ямар гай болоод байгаа юм бэ гэдгийг өнөөдөр нийгэм зөв талаас нь харж чадаж байна уу гэвэл би чадахгүй байна гэж харж байна. Ерөөсөө энэ өвгөн зайгаа тавьж өг гэвэл тэр өвгөний өмнө нь байгуулж байсан гавьяа, хичээл зүтгэл, хөдөлмөр нийгэмд ямар ч хамаагүй болчихоод байна. Тэр хүн хөгшин учраас гай болоод байна зайлах ёстой мэтээр тэр хүн рүү шүлсээ үсчүүлж байна. Тэр хүнийг аль болох хулгайч луйварчин авлигачин гэдэг талаас нь харлуулах гэж ноцолддог боллоо. Ингэхээр Монголын төрд ажиллаж байсан цэвэр хүн байхгүй болчихож байгаа биз дээ. Бүгдээрээ хулгайч болчихоод байна. Гараад явна хулгайч байсан. Ингээд төрд хулгайчид гардаг гэсэн тогтолцоо, ойлголт хандлага руу явах гээд байна шүү дээ. Энэ хэрээр иргэдийн Монгол төрийг үнэлэх үнэмлэмж, итгэх итгэл суларч байна. Энэ бол цаагуураа маш урхагтай зүйл л дээ.

-Хаврын чуулганаар хэлэлцэгдэх хүлээлттэй байгаа хууль бол Үндсэн хууль. Та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхэд ямар байр суурьтай байна. Өөрчлөх нөхцөл шалтгааныг юу гэж харж байна?

-Шуудхан хэлэхэд, болоогүй. Суурь нөхцөл нь биш. Учир нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль гэж бий. Тэр хуулиар Үндсэн хуульд гар хүрэх хугацааг найман жил гэж заасан.

Одоо л бүгдээрээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя, болохгүй байна гэдэг жишиг тогтчихвол бид Үндсэн хуулгүй болчих вий гэдэг болгоомжлол байна. Өнөөгийн байгаа Үндсэн хуулийн суурь зарчмыг, Үндсэн хууль судалдаг барьдаг хүмүүс тал талаас нь харж дүгнэдэг байх. Би хувь хүнийхээ хувьд одоогийн хэрэгжиж байгаа Үндсэн хуулийг муу биш Үндсэн хууль гэж боддог. Тиймээс энэ хавар Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар ярьж байгаа бол цаг хугацааны хувьд амжихгүй гэж харж байна. Оруулаад ч нэмэргүй.

Ер нь Үндсэн хуульд оруулах гээд байгаа гол өөрчлөлт нь гишүүдийн тоог нэмье. Сонгуулийн тогтолцоогоо энэ чигээр нь тусгаж авъя гэсэн хоёр зүйлийг голлож яриад байгаа шүү дээ. Нэмээд Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох гэсэн энэ гурван зүйлийг яриад байгаа шүү дээ. Гэхдээ сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах шийдвэрээ Сонгуулийн тухай хуулиар гаргачихлаа. Тиймээс цаана нь гишүүдийн тоог нэмэх тухай асуудал үлдэж байна.

-Та парламентад 12 жил суусан хүний хувьд гишүүдийн тоог нэмэх асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Судлаачид улстөрчид манай улсын хүн амын тоо нэмэгдсэн. Тиймээс түүнтэй уялдуулж нэмэх ёстой хэмээн бичсэн байдаг юм билээ. Тоондоо биш шүү дээ. 76 гишүүн цөөдөж, лоббид автаж шийдвэр гаргаад байна гэж ойлгож байгаа бол энэ худлаа ойлголт. Гишүүн хүн яг чухал асуудал дээр өөрийн байр суурь, улс орны эрх ашгийн төлөө хандаад сурчихвал бид хэзээ ч алдаатай шийдвэр гаргахгүй. Тиймээс хамгийн гол нь бид УИХ-ын гишүүн гэдэг шийдвэр гаргахдаа улс орын эрх ашгийг нэн тавьж шийдвэр гаргаад сурчихвал болно. 76-ааг 120 болголоо. Нэлээд шинэ гишүүн ороод ирнэ. Нэг хууль батлахад олон түмэнд таниулах шаардлагатай болно. Нэг хууль батлахын тулд 100 хүн яръя. 50 гишүүн асууя. 100 хүн саналаа хэлье. Тэр дотор яг оновчтой шийдвэр гарах уу үгүй юу.

Та бүхэн баталж байгаа хуулийг ажиглаарай. 76 гишүүн үнэтэй цэнтэй санал хэлээд тэр хуульд тусгагдаж хууль зөв болж гараад байгааг би лав олж хараагүй. Хуулийг хаана боловсруулсан. Ямар үндэстэй хэрхэн зөв боловсруулсан. Яавал тэхүү хууль зөв байх вэ гэдгийг мэддэг хүн ахалж орж байж хууль тал талаас зөв гардаг. Түүнээс биш 76 гишүүн тал талаасаа саналаа хэлээд тэр хуулийн суурь зарчим өөрчлөгдөж байхыг би хараагүй л дээ. Миний амьдралд ажиглагдсан харагдсан зүйлээ тэтгэврийн хүний хувьд би ярьж байна.

-Тантай ярилцаж байгаагийнх холбогдсон хэргийн тань талаар асуулгүй өнгөрч болохгүй. Яагаад ийм хэрэгт орооцолдчихов оо?

-Би ард түмнээс нуугаад сүйд болоод байх юм алга. Нэгэнт шүүх шийдээд авлигачин гээд би тиймээ гэчихсэн учраас би авлигачин. Тэрийгээ би ард түмэнд хэлэх ёстой.

-Ихэнх тохиолдолд би өөрийгөө хохь нь гэдэг юм. Ний нуугүй хэлэхэд би ажил хийх л гэж зүтгэсэн. Шивээ-Овоо дээр 300 мвт-ын цахилгаан станц барина гээд төсөл төлөвлөгөөг нь хийсэн. ТЭЗҮ-г нь хийсэн. Тусгай зөвшөөрлүүдийг нь авсан. түүнтэйгээ уялдуулж Эрдэнэс Монгол дээр 51 хувийн оролцоотой төмөр зам, 2000 чингэлэгтэй чингэлэг тээвэрийг хийе гэж тохиролцсон. Энэ мэтчилэнгээр юм хийхээр төсөл төлөвлөгөө хийх гэж явж байсан. Тэрэн дээр оффшиор компанитай манай намын нэг нөхөр энэ дээр манай компани хамтарч оролцмоор байна. Энэ төслийг явуулмаар байна гэсэн саналыг надад тавьсан. Тэгье үүн дээр нь хамтарч оролцвол хамаа алга. Мөнгө цаас зардал мөнгөө гаргаад явахад болно гэж хэлсэн. Ингээд хамтран ажиллах янз бүрийн юманд гарын үсэг зурна гэж байгаад урд орой нь би баригдаад яваад өгсөн л дөө. Тэгсэн хамтарч ажиллахаар зардал мөнгө гаргаад явж байсан тэр нөхдүүдтэй манайхан гэрээ хийх ёстой байсан юм билээ. Тэрийг хийгээгүй байсан байна лээ. Нэгдүгээрт, тэр бол миний алдаа. Хоёрдугаарт нь, тэр нөхөр би авлига өгсөн гэж хэлсэн юм билээ. Ер нь тэрэнтэй тэрэнгүй сошиалаар яллачихсан юм шүү дээ.

Миний хувийн оффис, манай гэр хоёрт нэгжлэг хийж надад байсан хэд гурван төгрөгийг тавьж байгаад сошиалаар цацсан. Би тэр мөнгөний учир холбогдлыг тайлбарласан л даа. Авлигын мөнгө гээд сэвээд байсан тэр мөнгийг дараа нь надад тоо ёсоор нь буцаагаад хүлээлгэж өгсөн л дөө. Сошиалд цацахдаа намайг авлига аваад газар дээрээ баригдсан гэж цацсан. Сошиалд баахан сэвсэн. Яг ийм нөхцөлд орчин цагт яах вэ гэхээр баталгаатай “нөгөө хэцүү нэртэй газар руу” гэсэн үг биз дээ. Тиймээс надад тэр газар руу орох уу, авлигачин болох уу гэсэн сонголт л байсан. Яаж ч бодсон тийшээ орсон ч авлигачин болно. Гарсан ч авлигачин шүү дээ. Надад нэг л юм бодогсон адартан, авлигачин хоёрын очих цэг адилдхан болсон хойно гэж шийдсэн асуудал л даа.

Нарийн ширийн юм яривал ярина. Гэхдээ нэгэнт болоод өнгөрсөн асуудал. Над шиг алдаа битгий гаргаарай гэж залууст хэлмээр байна. Аливаа зүйлд хянуур нямбай хандаж, хүнээ зөв сонгож, хийх ажлаа зөв төлөвлөж хийж байхгүй бол орчин цагийн хүмүүс чинь хэлсэн ярьсандаа биш болчихсон юм билээ шүү гэж хэлье.