Боловсролоос суралцахуйд

 

Монголын Ирээдүй Судлал Нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор, Монгол Улсын Гавъяат багш Ц.Дэмбэрэлтэй ярилцлаа.

 

Боловсрол нь тийм зохиомол юм бол хүмүүс яагаад түүнээс салчихдаггүй юм бол?

 

Хүн гэдэг амьтан зохиомол зүйлд гойд дуртай. Хүмүүс хэн ч итгэмээргүй, хэзээ ч биелэхгүй, хийсвэр, хоосон юманд ихэд автдаг, түүнийг тойрч шулганадаг. Яг өөрт нь тулаад ирэхээр зайлчихдаг. Та ажиглав уу? Эдүгээ Монголд, миний оюуны чадварын илтгэцүүр буюу оюуны цараа IQ=90 ажээ. Би үүнийгээ IQ төвөөр тогтоолголоо. Энэ нь харуул-манаач хийх хэмжээний чадвар ажээ.

 

Миний энэ олон боловсролын зэрэг, цолууд надад зохихгүй байна, зохихгүй хиймэл юмаар гоёж, ард түмнийхээ халааснаас мөнгө зувчуулах нь буруу гээд ШУА-ийн гишүүнээс юм уу шинжлэх ухааны докторын зэргээсээ татгалзсан тохиолдол байна уу?

 

Би БААТАР болох ёсгүй хүн. Би энэ олон том одон зүүх гавьяагүй хүн. Ерөнхийлөгч та эгэл дорой хүмүүсийг ингэж хуурдгаа зогсоо. Түүнийхээ оронд улс Монголоо хөгжүүлэх том бодлого ярь. Та хүмүүст төмөр зүүж тархи оюуныг нь гавлах бус, харин ч тэр төмөр гинжнээс нь салгах үүрэгтэй шүү гэсэн тохиолдол таарав уу?

 

Хүмүүсийг боловсролын зэрэг, цол, энгэрийн тэмдэг, хавтас, одон шагнал, зохиомол нэр төрөөр хуураад байхаар эцэстээ хүн өөрийгөө мартчихдаг аж. Нэг л их нэр төр хөөцөлдсөн завгүй хүмүүс. Яг юу руу зүтгэж, юу хөөцөлдөвөө гэхээр тэр нь хоосон ЗЭРЭГЛЭЭ. Монголчуудын хувьд нэр төр нь зэрэглээ болжихуй.

 

Амьдрал чинь зэрэглээ биш шүү дээ, тэрээр бодитой үйл. Монголд хиймэл, хийсвэр, өнгөц, хөнгөн хүмүүс олширч, энэ нь бүр удмын шинжтэй болтлоо архагшлаа. Үүнд боловсролын, улмаар төрийн үнэлгээний гаж тогтолцоо буруутай. Удамшил болтлоо бэхэжсэн архаг өвчнийг аажуухнаар засна, аялуулаад зөв зам руу нь оруулах хэрэгтэй.

 

Боловсролыг бид өөрсдөө хэтэрхий хиймэл, зохиомол болгосон тал байна уу?

 

Ухаантай хүмүүс тэгтлээ элдвийн боловсролын зэрэг, цол хөөцөлддөггүй юм билээ. Мэргэд, асар баян бизнесменүүд бараг бүгд тийм байсан. А.Эйнштейн оюун ухааныхаа ачаар харьцангуйн зарчмыг нээсэн. Түүнд ямар ч эрдмийн зэрэг цол одон байгаагүй. Чингис хаан бас тийм. Харин Эйнштейний шагнал, Чингисийн одон гэж бий. Түүнийг төр бий болгосон.

 

Эдүгээ хиймэл, таримал зүйлийн төлөө тэгтлээ улайрахыг буруу гэж үзнэ, учир нь тэрээр ОЮУНЫ өвчин. Бүгдээрээ дээд боловсролтой болно, бүгдээрээ доктор болно гэж байгаа чинь СЭТГЭЛГЭЭНИЙ ӨВЧИН. Барууны өндөр хөгжилтэй орнуудад ийм оюуны өвчин бараг байхгүй.

 

Тэнд бүх хүн дээд боловсролтой, доктор болно гэж зүтгэхгүй. Хэрдээ таарсан ажил ХИЙХ л сайхан. IQ доогуур байж УИХ-ын гишүүн, сайд болчихсон... Тэгээд ажилдаа түүртээд зовж байгаа хүмүүсийг харахаар өрөвдөөд, бас ичих юм аа өмнөөс нь. Хаана сэтгэлгээний хоцрогдол их байна, тэнд оюуны төрөл бүрийн өвчин тархмал байдаг. Боловсролыг энэ гаж өвчнөөс ангид байлгах учиртай.

 

Та боловсролыг зохиомол, хиймэл, таримал гэлээ. Тэгвэл зохиомол бус юм нь юу байхуу?

 

Таримал, зохиомол биш гэхээр мэдээж ТӨРМӨЛ байж таарна. Байгалиас хүнд өөрт нь төрмөл заяагдсан юмыг шүүмжлэх хэцүү. Хэрвээ шүүмжилбэл, тухайлбал, хошного муухай гээд шүүмжилжээ гэе. Тэгээд чи түүнийгээ сайхан юмаар сольчих л доо гэхээр хариулах аргагүй таг болдог. Одоогоор хүн төрөлхтөн сайхан хошного олоогүй байгаа. Муухай хошногыг сайжруулах талаар судалгаа хийх хэрэггүй л дээ. Харин хошногоо хайрлаж, хамгаалж, уг заяагдсан төрхөөр нь байлгавал хүнд өөрт нь хэрэгтэй. Хошногоо өмхий юм гээд тайраад хаячихсан хүн байхгүй. Элэг, бөөр мөн тийм. Гэхдээ эдгээр нь муудаж, өвдвөл тайрч, сольж болдог эрхтэн. Ингэхдээ эрүүл бөөр, элгээ илүү том, гоё болгох гэж солихгүй ээ. Гэтэл бас хүний элэг, бөөрийг нохойнхоор сольж болохгүй. Одоо дээшээ ахиад, хүзүүний дээр байрлах нэг эрхтнийг сонирхъё. Тэр бол тархи. Одоогоор тархийг солихгүй байна. Солих хэцүү, маш хэцүү. Доржид Дүлзэнгийн элэг суулгавал Дорж хэвээрээ л байна. Харин Доржид Дүлзэнгийн тархийг суулгавал Дорж нь Дорж биш Дүлзэн болчихно. Ингэх нь Доржийн талаасаа ямар ч утгагүй юм. Гэхдээ тархи бол махбод. Энэ тархи бол сэтгэн боддог, түүнийг нь ОЮУН УХААН гэнэ. Эндээс нэг л дүгнэлтэд хүрнэ. Дүгнэлт: Хүн бол мөн чанараараа оюун ухаан болой.

 

Оюун ухаан бүхэлдээ төрмөл үү?

 

Оюун ухаан төрмөл ч, бас таримал ч. Бид өдгөө хүртэл оюун ухааны төрмөл талыг нь ор тас хаясан. Тэгсэн атлаа таримал талыг нь ойшоогоогүй. Ерөөсөө манай боловсрол чинь хүний төлөө биш байлаа л даа. Хайран хүүхдүүд. Манайхны марксч ленинч хандлага одоо ч хэвээрээ тул дандаа хүнээс гадуур орших ахуйг ярьдаг. Ахуйг нь сайжруулахаар хүн нь сайжирна гэсэн санаа юм. Үүнд үнэний хувь бий нь бий. Ахуйг орхиж болохгүй ээ. Гэхдээ, ахуй чухал ч гэлээ шийдвэрлэх хүчин зүйл биш. Шийдвэрлэх хүчин зүйл нь хүн өөрөө, тэр тусмаа оюун ухаан. Мэргэд ер нь боргил ахуйгаас л төрдөг шиг. Тэд төрмөл оюунтай хүмүүс. Манай сталинч эрдэмтдээс, тухайлбал ШУА-аас ахуй анхдагч нь үнэн л юм бол тэгээд та нөхөд сармагчингуудын ахуйг нь сайжруулсаар байгаад монгол хүнийг орлохуйн шинэ хүмүүстэй болчих нь яасан юм? гэж асуумаар санагдчихлаа. Манай нийгэм судлаачдын сэтгэлгээ бүхэлдээ АХУЙ-гаа урдаа барьж ленинч - сталинч хандлагаа хадгалсаар байгаа болохоор боловсролын судалгаа ерөөсөө хүүхдийн оюуныг хөгжүүлэх зүг рүү эргэхгүй байна. Заах арга, сайн заадаг багшийн туршлага, байшин, ширээ сандал сүүлдээ ЦҮНХ, жорлон төдий болох шив. Энд хүн, сурагч байдаггүй ээ.

 

Суралцахуйн хувьсгалыг эрдэмтэд бодож олов уу, эсвэл өөрөө өөртөө зам гаргав уу?

 

Эрдэмтэд бодож олоогүй ээ. Харин эрдэмтэд араас нь хөөж дүгнэсэн. Билл Гейтс, Элон Маск мэтийн өндөр IQ-тэй залуусын бизнесийн амжилтаас үүдээд судлаачид одоогийн энэ боловсрол нэг л болохгүй байна гэдгийг мэдэрсэн. Эдгээр залуус гойд бүтээлч ажгуу. Тэд хүний оюуны чадамж ямар өндөр байж болдгийг, хүний оюун ухаан, тэсвэр тэвчээрийн хязгаар хаана хүрдгийг, хүн юу хүсэж мөрөөдөж, түүндээ яаж хүрч болдгийг харуулах хамгийн тод жишээ юм. Сонирхуулахад, эдгээр залуус эцэг эхийнхээ хураасан эд мөнгөний хүчээр ийм болоогүй. Бас тэд алдартай их сургуульд тэгтлээ хорхойсон сураагүй. Харин ч сургуулиа хаяж гарсан. Тэд өөрийн оюун ухаанаа л хөгжүүлсэн.Тэгэхлээр, боловсролыг дагнаж шүтэх бус, суралцахуйг, оюун ухаан IQ-г өмнөө баривал онох нигууртай ажээ.

 

Тэгвэл суралцахуйн хувьсгалын эх язгуур нь юу байх вэ?

 

Дэлхийд оюуны хувьсгал буюу оюун ухааныг өөрийнх нь байранд тавих хөдөлгөөн эрчээ авлаа. Нэр дурдсан залуус бол оюуны хувьсгалын галыг өрдөгчид. Язгуур чанараараа, оюуны хувьсгал бол хүнийг өөрийг нь дээш өргөж, түүний оюун

 

Суралцахуйн хувьсгал нь боловсролыг үндсээр нь өөрчилнө ухааныг бүгдийн орой дээр тавих үйл хэрэг. Монголчуудын эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим гэдэг чинь энэ.

 

Чингис хаан Сээр нуруундаа бядтан нэгэн үедээ алдаршина, сэтгэл оюундаа бядтан түмэн үедээ алдаршина хэмээжихүй. Ийм онч үгийг оюуны цараа доогуур хүмүүс ер нь барагтайд хэлэхгүй дээ, тойроод л, донгосоод л, нам, дарга, цалин, би би гээд л,.. Оюуны хувьсгалыг боловсрол дээр буулгахаараа “Суралцахуйн хувьсгал” гэж тодотгож буй. Суралцахуйн хувьсгал нь боловсролыг үндсээр нь өөрчилнө. Хүн төрөлхтний XVIII-ХХ зуунд туулсан аж үйлдвэрийн хувьсгал нь түүхий эд материалыг шүтсэн.

 

Газрын түүхий эд олборлоод түүнийгээ боловсруулж, бүтээгдэхүүнийг массаар нь үйлдвэрлэнэ. Боловсрол нь үүндээ яг тохирч байсан. Эдүгээ тийм цаг үндсэндээ өнгөрч байна. Тэгэхлээр, боловсрол гуай бүхэлдээ өөрчлөгдөж таарна. Энэ бүхний эх үндэс нь ОЮУН УХААН.

 

Цаг үеийн нөлөө гэж бас байх. Эдүгээ би боловсорно, тийм, ийм зэрэг цолтой болно, манай багш нар та нөхдийг боловсруулна, тийм, ийм зэрэг цол олгоно оо гэхийн оронд чи өөрөө насан туршдаа суралц гэх боллоо. Нэг ч сургуульд нэг ч өдөр суухгүйгээр хамгийн сайн боловсролыг өөрөө олж авч болох тийм нөхцөл аль хэдийнээ бүрдсэн. Бүтээлч оюунаа Элон Маск шиг хөгжүүлчихвэл ноён доллар таны өмнө өөрөө овоорох болно. Мөнгө чухал бус аа, гол нь оюун ухаанаа хөгжүүлэх.

 

Боловсрол ОЮУН УХААН-ыг түшээд сүрхий өөрчлөгдөх нь ээ?

 

Тэгэхээр барах уу. Боловсрол өөрчлөгдөх төдийгүй өөрийн анхны суурин дээрээ очно. Боловсрол оюун ухаан дээр суурилбал зөв болно. Суралцахуйн суурь нь оюун ухаан. Эртний Грекийн их сэтгэгчдийг өнөөгийн бидний ойлголтоор шүүвэл бараг боловсролгүй хүмүүс болно. Гэтэл тэд яагаад тийм гүн сэтгэсэн номууд бичив? Тэд бол сэтгэгчид. Тэд оюуны өндөр боловсролтой хүмүүс байжээ. Эндээс оюун ухаанаас ангид бүрэлдсэн өнөөгийн боловсролыг эрс өөрчлөн шинэчлэх үндэслэл бас дахин харагдана. Ер нь оюун ухаанаас ангид байгаа манай Монголын энэ боловсрол бол язгуур чанараараа боловсрол биш юм шүү. Боловсролыг хүнээс нь ангид, оюун ухааных нь эсрэгдүү болгосонд манай энэ төр л буруутай.

 

Боловсролыг оюун ухаан дээр суурилуулах их ажилд дэлхий нийтээрээ хошуурч байна.

 

Үүний цаана улс гэрээ нэвтэд нь оюунжуулах ТОМ ЗОРИЛГО байгаа юм. Хэн оюунжсан нь урагшаа цойлон гарна. Бүх өрсөлдөөний дотроос хамгийн хатуу бөгөөд шударга нь оюуных байдаг. Өөрийгөө сайжруулж, оюунжуулж байж л энэ хатуу өрсөлдөөнд тэсэн үлдэнэ. Одоо бусдыг дагаж, тэдний тусламж, дэмжлэгээр хөгжинө гэх нь бараг боломжгүй боллоо. Монголчууд энэ өрсөлдөөнд оролцож байж л оршин тогтноно. Монгол улс, монголчуудын оршин байх эсэх асуудал энд яригдлаа. БОДОЦГООЁ, тунгаан бодъё.

 

Боловсролыг оюунжуулахад шат дараалал байна биз?

 

Энд онол ярих хэцүү, парадигмууд нь сайн боловсроогүй байна. Тодруулбал, боловсрол судлал амьдралаас хоцорсон. Харин туршлагууд бол бий. Ажиглах нь ээ,.. Боловсрол ЗӨВ зохистой байрандаа очихын тулд эхлээд ЧАДВАР-тай найзална. Чадвар эзэмшүүлэхгүй бол тэрээр боловсрол биш бөгөөд зүгээр хоосон нэр төдий, хүний цагийг үрсэн дэмий зүйл болой. Ингээд чадвар олгох боловсрол буюу ЧАДВАРЫН БОЛОВСРОЛ-ыг ярихад тулна. Чадварын боловсрол гэхээр хүний яс, булчинг томсгох сайжруулах тухай ярихгүй байна. Одоогийн хүний бие, булчинг цаашид томсгох шаардлагагүй гэж үзнэ. Тэгээд үлдэх нь оюуны чадвар, бүр тодруулбал, СЭТГЭХ ЧАДВАР.