Нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татагдсан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг өнөөдөр хорих ангийнхаа эмнэлэгт хүргэгдэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна.

Түүнд 2022 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрөөс цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч, өнөөдрийн байдлаар есөн сар гаруй хугацаанд хоригдож байгаа юм. 

Мөн өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай эмнэлэгт хүргэгдсэн гэдгийг эх сурвалж баталгаажуулав. Тодруулбал тэрбээр Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт хүргэгдэж, тусламж үйлчилгээ авчээ.

Түүний өмгөөлөгч яллагдагчид урьд авсан цагдан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны долдугаар сарын 7-ны өдөр ирүүлснээр хүсэлтийг нь хангаж шийдвэрлэж байв.

Сайд асан Т.Бадамжунайн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж, хууль бусаар газар эзэмшсэн, бусдад хахууль өгөхийг завдсан, нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ.