“Сод монгол”-ын клончлол
2013/04/22
МИАТ-ийн хэрэгт “Сод монгол”-ыг хамруулан шалгах хангалттай үндэслэл бий. Тус компанийн удирдлагыг улсын өмчит газрыг алдагдалтай ажиллах анхны шанг нь татсан хэргээр аавын хаалга татуулах ч багадаж мэднэ.
Учир нь тус компани МИАТ-д шатахуун нийлүүлэх монополь эрхтэйгээр өнөөдрийг хүртэл оролцож, бизнес нь өргөжин дээшилж буй. Харин энэ хугацаанд МИАТ балран доройтойж, уналтад ороход ойрхон болжээ. Дэлхийн зах зээл дээр нэг тонн онгоцны шатахуун 1050 ам.долларын үнэтэй бол Монголд 1500 ам.долларын өртөгтэй байх жишээтэй. НӨАТ-ыг оруулан тооцвол 1650 ам.доллараар шатахуун нийлүүлдэг болох нь тогтоогдсон. Энэ нь Монголд нийлүүлэгдэж буй онгоцны шатахууны үнэ бусад орныхоос даруй 40 орчим хувиар өндөр гэсэн үг. Үгүй дээ л, Бээжинд 900, Москвад 1100 ам.доллар байдаг шатахууныг МИАТ 1600 ам.доллараар авч байж. Энэ бол монополь компанийн шахаа гэдгийг нь хэн хүнгүй мэдэж байсан ч далайцтай арга хэмжээ авч, асуудлыг таслан зогсоосонгүй. Удирдлагуудынх нь мэдэгдсэнээр МИАТ компани 2000-2010 оны хооронд зөвхөн Европын нислэгээс 73 тэрбумын алдагдал хүлээсэн байдаг. Мөн тус компани онгоцны шатахуунд 2010 онд 23 тэрбум, 2011 онд 41 тэрбум, 2012 онд 57 тэрбум ам.долларыг зарцуулсан тухай тайланд нь тэмдэглэгдсэн аж.
Жил бүрийн улсын төсвийг хэлэлцэх үеэр МИАТ-ийн алдагдал давхар хөндөгдөж, үе үеийн Засгийн газрынхны тархийг гашилгадаг. Өнөөх л өндөр өртөгтэй шатахууны талаар салбарын өмнөх сайд нар нь Засгийн газарт удаа дараа хүсэлт хүргүүлж, асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлдэг байсан ч дорвитой арга хэмжээ авсан удаагүй. Энэ нь “Сод монгол”-ын Ц.Анандбазарын ар тал аккумлятор байдагтай холбоотой хэмээн учир мэдэх хүмүүс тодотгодог. Аль аль намынхныг бат араанд нь хийсэн тул ашиг хонжооны үүрийг нь эвдэж зүрхэлдэггүй тухай явган яриа үргэлж амнаас ам дамжин яригдсаар ирсэн билээ.
Ямартаа л эцэст нь МИАТ-ийг хувьчлах нь зөв гэх шийдэлд хүрч, асуудлыг холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэн, УИХ-ын чуулганаар оруулсан юм. Гэхдээ МИАТ-ийг хувьчлаагүй. Учир нь хонгилын үзүүрт гэрэл тусах нь тэр. Шинэчлэл хийх тухай үргэлж бувтнаж байгаа кабинатын гишүүдээс хамгийн түрүүнд хэлсэндээ хүрсэн нь А.Гансүх.
Тэрбээр ажлын хэсэг гарган ажилласны хүчинд Иргэний нисэхийн ерөнхий газрын шатахуун сумладаг хоёр машиныг “Сод монгол”-оос буцаан авч МИАТ-д өгөв. Ингэснээр шатахууны үнэ доод тал нь 50 ам.доллараар хямдарсан юм. Мөн зах замбараагүй ажилчдыг нь цэгцэлж, олон тэрбум төгрөг хэмнэсэн гээд алдагдалтай ажиллаж байсан МИАТ-ийг сэхээн амьдруулах арга замыг ажил хэрэг болгож эхэлсэн юм.
Зам тээврийн сайд А.Гансүх “МИАТ компанийн онгоцыг сумладаг хоёр ширхэг тусгай зориулалтын машин байдаг. Тэр нь Иргэний нисэхийн ерөнхий газрын өмч. Тэр машинуудыг “Сод монгол” компани түрээсэлдэг юм байна. “Сод монгол” компани түлш нийлүүлнэ. Түүнийгээ сумална. Хөдлөх бүртээ ашиг олж байгаа биз дээ. Энэ их ашиг нь түлшний зардлыг өсгөнө. Түүнээс болж тийзний үнэ өснө. Нэг компанийг өндөр ашигтай ажиллуулах гээд зорчигчиддоо ачаалал нэмдэг тогтолцоо үйлчлээд байгаа байхгүй юу. Иймд энэ хоёр машиныг МИАТ-д өгч байгаа юм. Тэгэхээр МИАТ өөрөө онгоцоо сумлаж, багаар бодоход 50 ам.доллар хэмнэх боломж бүрдэнэ. Бид МИАТ-д үүсээд байгаа хээл хахууль, мөнгө угаасан хэргүүдийг цэгцэлж байна” хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдэж байлаа. Мөн тус яамнаас “Сод монгол”-той нэгдмэл сонирхолтой нэгэн компани Сөүлд МИАТ-ийн онгоцонд шатахуун сумладаг байсныг ч таслан зогсоосон.
Нэг үгээр хэлбэл, МИАТ-ийг шатахууны өндөр үнэтэй нийлүүлэлтээс хараат бус болгохоор салбарын сайд нь ажлаа авсан даруйдаа ажиллаж эхэлсэн гэж тодотгож болно. Үүний тулд ганц Оросоос бус гуравдагч орноос шатахууны импортлох асуудлыг эрчимжүүлж эхлээд байгаа. Үнэндээ ч манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хувьд гадаадаас хэт хамааралтай байж ирсэн. Тодруулбал Монгол Улс энэ төрлийн бүтээгдэхүүний 98.2 хувийг ОХУ, нэг хувийг Хятад улсаас импортолдог. ОХУ нефтийн бүтээгдэхүүний экспортын татвартаа өөрчлөлт оруулах бүрд Монголын эдийн засаг хүндхэн цохилтод орсоор ирсэн. Одоо ч тус улсын нефтийн салбарт баримталж буй бодлогоос Монголын эдийн засаг дам хамааралтай байсаар л байна. Монголын суурь эдийн засагт гадаад нийлүүлэлтээс хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл бол шатахуун. Шатахууны үнийн хэлбэлзэл инфляци үүсгэж, эдийн засагт дарамт болсоор ирсэн нь ч бодит үнэн. Иймээс манай улс гурав дахь ч зах зээлээс шатахуун импортолж, хэт нэг улсаас хамааралтай эдийн засгийг тогтворжуулахыг эрмэлзэж буй юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг саяхан “Нефть боловсруулах үйлдвэр барья гэж арав гаруй компани саналаа өгч хоёр, гурван удаа танилцуулга хийсэн. 50 мянга, 100 мянга, 300 мянган тонн түүхий эд боловсруулна гэсэн олон өөр санал орж ирж байна. Ингээд сайд нартайгаа сууж ярилцаад “Дархан газрын тос” гэдэг үйлдвэрийг дэмжих нь зөв юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Үүнийг өмнөх Засгийн газар дөрвөн жил яриад шийдээгүй. Тиймээс Дарханд жилд хоёр сая түүхий нефть боловсруулдаг үйлдвэрийг баръя гэсэн шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Ирэх хоёрдугаар сард Япончуудтай гэрээ хийж 2015 он гэхэд ашиглалтад оруулахаар ажиллана” хэмээн мэдэгдсэн юм.
Иймээс “Сод монгол”-д колончлогдоод байгаа МИАТ удахгүй урт гартны савраас ангижрах бололтой.
Л.САНАА
Зочин · 2013/04/25
mahs ih demjij bna shine neft bolovsruulah yuldevrtei bolno gedegt. sod mongoliig kampaniig huuli duremd uulj, iim baid**as ni boluilah hergtei.
Зочин · 2013/04/25
tun saihan ajil bna, mash ih demjij bna, ***** sod mongol lyuvarchid.