УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо. 

 

Шүүх хуралдаанд нэр бүхий гэрч нарыг оролцуулах шийдвэр гарсан тул шүүх хурлыг ирэх оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Үүний дараа З.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийн, " Би яллагдагч биш шүүгдэгч болсон. Тэгэхээр жилийн өмнө эхэлсэн нүүрсний хулгай гээч юмтай холбох гэж МАН, хуулийн байгууллага оролдоод бүтсэнгүй. Өнөөдөр бол Б.Энх-Амгалан сайдын хувийн компаниар улсын барих ёстой байсан замыг бариулсан тухай тушаалын тухай л шүүх хурал болж байна. Би яаж яваад энэ тушаалтай холбогдсоныг мэдэхгүй байна. Бид тийм сайн танил ч биш. Монгол Улсад Тавантолгойн ашиг үлдэх ёстой гэдэг УИХ-ын тогтоол бий. Гэтэл одоо Нүүрсний сонсголыг харж байхад Хятад Улсад яагаад ашгийг нь үлдээхгүй байгаа юм бэ? яахаараа зүүн тийшээ төмөр зам, засмал тавьж байгаа юм бэ? гэдэг бүлэглэл Монголд байгаа нь тодорхой байна. 

“Страто” ХХК надтай ямар ч хамааралгүй, прокурор тогтоочихсон. Хамаатуулах гэж оролдож байгаа нүүрсний бүлэглэл нь Хятад руу зам тавь, Хятадад л нүүрсээ өгье гэдэг нөгөө бүлэглэл. Тэдний цуурхал. Үүнийг дахиад оруулж ирэх гэж байгаа нь Хуулийн байгууллага Хятадын нүүрсний бүлэглэлтэй хуйвалдсан байна гэж дүгнэж байна. Шүүх хурал 1-р сарын 18-нд үнэн зөвийг тогтоогоод өгнө. Ямар ч байсан З.Энхболд нүүрсний хулгайтай холбоогүй нь тодорхой боллоо." гэв.