УИХ-ын 2024 оны сонгууль болоход 20 хоногийн хугацаа үлдлээ. Ирэх Даваа гаригт СЕХ-ноос УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийг зарлаж үнэмлэхийг нь гардуулж өгөх юм.

Тэгвэл МАН-ын жагсаалтын 9 дүгээрт бичигдсэн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин нэрээ татах шийдвэр гаргасан уу эсхүл тус намаасаа дэвшихээс ичив үү.

Тэрбээр, өөрийн албан ёсны цахим хуудастаа "Сонгуулийн өмнө тухайлан зарим хувийн компаниудын өмч хөрөнгийн эрх, хөдөлгөөнийг “улс төрийн” шинжтэй хязгаарласаар байхад хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалах ёстой байгууллагыг удирддаг хүний хувьд эрх барьж буй намаас сонгуульд нэр дэвших нь ёс зүйгүй санагдаж байна" хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Сүүлийн өдрүүдэд “Монполимет групп”-ын захирал Ц.Гарамжавыг 48 цаг саатуулан баривчилсанд хувийн хэвшлийнхэн төдийгүй зарим улс төрчид ч ихээхэн шүүмжлэлтэй хандаад буй билээ. Улмаар түүнийг яллагдагчаар татан, хилийн хориг тавьж, тодорхой хүмүүстэй уулзахыг ч шүүхээс хязгаарласан. Үүнтэй холбогдуулан хувийн хэвшлийнхний үйл ажиллагааг хааж, боомилж байна гэх шүүмжлэл нийгэмд багагүй өрнөсөн. Зарим УИХ-ын гишүүд уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын чуулганы хуралдааны үеэр байр сууриа илэрхийлаад авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы танхимд "Хэдэн төгрөг олж ирдэг бизнесийнхнээ дарамталдаг байдал хэрээс хэтэрлээ. Ц.Гарамжав гуайг хорьчихсон байна шүү дээ. Гэтэл МҮХАҮТ-ын дарга нь бизнесийнхнийг нь дарамталдаг намын жагсаалтад ороод нуугдчихсан байна" хэмээн жагсаалтад багтсан "Шарк" Д.Энхтүвшинг хүртэл оролцуулаад ширүүхэн хэдэн үг чулуудаж харагдсан.

Ирэх даваа гаригт түүнийг намынхаа жагсаалтаас нэр дэвшихээр болсон уу, эсхүл нэрээ татаж авсан уу гэдэг нь тодорхой болох юм.