“Зууны мэдээ” сонины энэ оны дөрөвдүгээр сарын 10-нд нийтэлсэн “Сэлбэ, Дунд голын 10 км үргэлжлэх бургасыг зөөж Улаанбаатарыг үерээс хамгаална” нэртэй нийтлэлээр үерийн урсцад саад учруулж буй лаг шавар, голын дунд ургасан бургасыг нүүлгэн шилжүүлэх шаардлага байгааг онцолсон. Бид бургас нүүлгэх ажлын явцыг дахин хөндөж сурвалжиллаа.

Нийтлэлийн мөрөөр бургас, лаг, хагш зөөх ажлаа эхлүүлжээ

Энэ үед Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар “Сэлбэ, Дунд голд олон жилийн туршид бий болсон лаг шавар, хагш,  түүний орчимд ургасан бургас, бут сөөг зэргийг зөөснөөр доош нэг метр гаруй ухаж тэгшлэн урсцыг нэмэгдүүлэх юм. Үүнийг шийдвэрлэж холбогдох хуульд яаралтай өөрчлөлт оруулах хүсэлтээ БОАЖЯ-д хүргүүлсэн. Яам, уг хуульд  өөрчлөлт оруулж УИХ-аар батлуулах улмаар бургас зөөх зөвшөөрлийг яаралтай өгөх хүлээлт байна. Үүнд яам хөдлөхгүй өөрчлөлт, зөвшөөрөл өгөх ажилд хайнга хандвал нийслэл энэ зун үер автана” хэмээн мэдэгдэж байсан.

Тэгвэл энэ сарын 6-нд хуралдсан Засгийн хуралдаанаар уг асуудлыг танилцуулж Сэлбэ, Дунд голын бургас, лаг, хагш зөөх асуудалд нааштай хариу гарчээ. Гэхдээ 2025 оны нэгдүгээр сарын1-нээс хэрэгжүүлэхээр болсон байдаг. Тодруулбал, Сэлбэ голын урсцыг сайжруулж, лагийг сийрүүлэхээр БОАЖЯ-наас холбогдох Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуульд зааснаар  Гамшгаас урьдчилан сэргийлэхэд хамаарах голын ай сав, голдирол дотор бий болсон лаг шавар, бургас, бут сөөгийг зайлуулж болно гэсэн хуулийн өөрчлөлтийг хийснээр энэ ажил цааш үргэлжлэх боломж хуулиар олгогдсон байна.

Манай нийтлэлийн мөрөөр эдгээр гол доторх лаг, шавар, хагш зөөж цэвэрлэх мөн бургас шилжүүлэн суулгах ажлыг эхлүүлэхийг Нийслэлийн Байгаль орчны газраас холбогдох газруудад албан бичгээр энэ сарын 18-нд хүргүүлжээ. Ажил эхлүүлэх шийдвэрийн хэрэгжилтийн дагуу  ажлын явц ямар байгаа талаар Улаанбаатар Захирагчийн ажлын албаны инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж  мэдээлэл өгөв. Тэрбээр "Сэлбэ голын лагийг доошлуулах ажлыг 8.5 километр газарт хийхээр төлөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор НОБГ болон дүүргүүдийн хамтарсан ажлын хэсэг байгуулаад байна. Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт  Геодези Усны барилга байгууламжийн газарт голын далан дотор байршсан аж, ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлэх, үерийн даланг хүчитгэх  цэвэрлэгээ хийх байршлуудыг тодорхойлж одоогоор зургаан байршилд энэ ажил хийгдээд байна. Эдгээр ажлын үр дүнд саяын орсон борооны усыг шингээж үер болохоос урьдчилан сэргийлэх эхний алхмаа хийжээ.Тодорхой төлөвлөгөөний дагуу хийж буй ажлын хүрээнд энэ сарын 20-ноос  "S'Outlet"-ийн тендерт шалгарсан компанийн үерийн хамгаалалтын далан байгуулах, лаг шавар зайлуулах ажил хийгдэж буй. Ажлын явцыг ажиглахад экскаваторын шанага газрын гүн рүү доош 1.8 метр хэмжээтэй орж лаг, хагш хусаж гаргаж байв. Ойролцоох оршин суугчдаас тодруулахад саяхан орсон бороо үер болох хэмжээнд хүрээгүй. Энэ нь тодорхой хэмжээнд үерийн урсцыг сааруулсан лаг шаврыг бургасыг зайлуулсантай холбоотой" гэлээ.

Бургас, мод бут зөөх, хяргах, шилжүүлэн суулгах тухай яриа, үйл ажиллагаа иргэдийн эсэргүүцэл бухимдал, шүүмжлэлийн бай болдог. Сонгуулийн ид сурталчилгаа явж буй энэ үед энэ сэдвээс хэн, хүнгүй хол байхыг хичээж байгаа нь илт. Тэгвэл байгаль цаг уурын үзэгдэл биднийг  сонгуультай  байгаа энэ өдрүүдэд харин ч нэг шалгах шиг боллоо.

Улаанбаатарын эргэн тойронд өнгөрсөн долоо хоногт 2-3 хоног  үргэлжлэн орсон бороо өмнө жил  үер болсон газруудад дахин үер болох хэмжээний хур тунадас орж  50 орчим газар тогтоол ус хуримтлагдан хотын удирдлага, мэргэжлийн байгууллагын бэлэн байдлыг шалгасан үйл явдал боллоо. Геоэкологийн хүрээлэнгийн хур тунадас хэмжих станцын мэдээгээр Хандгайтад энэ сарын 20-22-ны өдрүүдэд орсон хур тунадасны хэмжээ 74 мм бол Хайлааст орчимд 80 мм, Улаанбаатарт  50 мм  байжээ.

Манай улсад жилд 250 мм хур тунадас ордог гэдэг аж.Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд жилд орох хур тунадасны гуравны нэг нь орсон байх жишээтэй. Ер нь хур тунадасны хэмжээ 20 мм -ээс дээш тохиолдолд үер болох аюултай түвшин гэж үздэг байна. Гэтэл Цаг уурын байгууллага дор хаяж 2-3 өдрийн өмнө хэдий хэрийн хэмжээтэй хур тунадас орох, хэдэн секунтэд  үер болж өнгөрөх тухай мэдээллийг урьдчилан гаргах чадамжгүй байгаа нь техник технологийн шинэчлэл зайлшгүй хэрэгтэйг харуулж буй. Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөөр дундаж температур +2.6 градусаар нэмэгдсэн гэдэг. Орох  хур тунадасны хэмжээ олон жилийн дундаж орчим буюу 40-60 мм.

Харин ирэх сард хур тунадасны хэмжээ олон жилийн дунджаар 50-80 мм болдог. Энэ жилийн хур тунадасны хэмжээ  долоодугаар сард олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй байгаа нь үеэр болох магадлал өндөр гэдгийг эх сурвалж тайлбарлав. Тиймээс ирэх сарын 4- нөөс эхлэн 4-5 хоног үргэлжлэн орох борооны хэмжээ  үер болох дохиог өгсөөр байна. 

Түүнчлэн дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж их. Энэ жилийн тухайд  төв болон Улаанбаатар орчим зүүн аймгуудад орох хур тунадасны хэмжээ их байх төлөвтэй” гэж Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн ерөнхий инженер  Б.Жаргалан хэлсэн. Одоогоор манай цаг уурын байгууллага болзошгүй аюулын талаарх мэдээг 2-3 цагийн  өмнө нь өгдөг нь урьдчилан сэргийлэх ямар ч арга хэмжээ авах боломжгүйг салбарынхан хэлдэг. Тэгэхээр Улаанбаатар хотод ирэх сард өнгөрсөн жилийнх шиг үерт автах магадлал өндөр гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна. Өнгөрсөн долоо хоногт орсон борооны улмаас Туул голын үерийн аюултай түвшин 260 см-342 см болж, нийт 82 см-ээр давж үерлэсэн. Түүхэндээ нийслэлд ингэж үерлэсэн тохиолдол байхгүй. Жишээлбэл, 1966 оны үерээр 310 см хүрч, үерийн аюултай түвшинг давж байсан бол өнгөрсөн жил 311 см хүрсэн гэдгийг албаныхан мэдээлж байна.

 

Үерийн далан дотор ургасан бургасыг хогийн ургамал гэж үздэг

Хур борооны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд буулгасан түр зам гүүр, Сэлбэ Дунд голын гольдрол хааж гүүрэн байгууламж, хашаа барилга барьсан байршлууд:

Сүүлийн 20 гаруй жилд Монгол орон хуурайшилтай, хур бороо орох нь бага хуурай цикл мөчлөг тохиосноор эдгээр голуудын ус татарч, зарим газраа тасарч хуурай сайр болсон. Бидний нэрлэснээр  бааст гол буюу Дунд гол үүссэн юм. Энд олон жилийн хог, лаг, шавраар тэжээгдсэн ялзмагт хогийн ургамал буюу бургас, бут сөөг ургах таатай орчин бүрджээ. Сэлбэ, Дунд голын дунд битүү ой болон ургасан бургасыг хүний гараар тариагүй хог, новш дундаас ургасан хогийн ургамал гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлдэг. Олон улсын мэргэжилтнүүд ч үүнийг бургас биш хогийн ургамал гэж нэрлэдэг юм байна. Харин эргээр нь мод тарьсан харагддаг. Тухайлбал,  Эрхүү хотын дундуур урсах Ангар мөрөн яг тийм. Бургас үерийн усны урсцыг сааруулдаг гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Харин бид бургас, мод тайрах гэлээ гэж шүүмжилдэг.Тэгэхээр бургасаа нүүлгэхгүйгээр бид Улаанбаатараа үерээс хамгаалах тухай ярих хэрэггүй болж байна. Бургасыг нүүлгэснээр  байгаль экологид сөргөөр нөлөөлөхгүй гэдгийг Ойн мэргэжлийн байгууллага дүгнэлтээ гаргажээ. Нидерландын усны барилга байгууламжийн инженерүүд манайд хоёр ч удаа ирж ажиллахдаа хотод үерийн хамгаалалтын даланг яаралтай барьж байгуулах, үерийн аман дээр байгаа айл, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэх шаардлагатай гэсэн байдаг. Мөн богино хугацаанд үерийн хамгаалалтын далан барьж амжихгүй учраас эхний ээлжид эрсдэлээс сэргийлэх арга  нь хуучин барилга  байгууламжаа нүүлгэж шинэчлэх, Сэлбэ, Дунд голын голдирол доторх лаг, хагш бургас аа зөөж цэвэрлэхийг зөвлөсөн байна.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

Улаанбаатар хотод зургаадугаар сарын 18- 22-ны өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Тэрэлж, Туул, Сэлбэ, Дунд голын усны түвшин үерийн аюултай түвшнээс 18-82 см нэмэгдэж, үерийн нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комисс хуралдаж, зургаадугаар сарын 23-ны өдрөөс зургаадугаар сарын 29-ний өдрийн 00:00 цаг хүртэл нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг болох "шар" төвшинд шилжүүллээ. Онцгой байдлын алба хаагчид Ням гаригаас эхлэн Хан-Уул дүүргийн Биокомбинатад ажиллаж, голын салаанд байгаа айл өрх, амралтын газрыг нүүлгэн шилжүүлж ажилласан байна. Нийслэлийн Засаг дарга Сэлбэ, Дунд гол дагуух аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, бургас мод, лаг шаврыг цэвэрлэхээр шийдсэн. Улаанбаатар хотод дөрвөн удаагийн том хэмжээний үер болж багагүй бэлтгэл хангасан. Хөрөнгө мөнгийг төсөвлөсөн. Энэ ажлын үр дүнд энэ удаагийн үерээр айхтар эрсдэл гарсангүй гэдгийг Нийслэлийн онцгой комисс онцолж байна. Гэвч үерийн аюултай түвшин буураагүй байхад иргэд гэр орон руугаа орох саналыг ихээр өгч байна. Зарим нь дөрөв хоног гэртээ ороогүй гүүрэн дээр хонож байгаа аж.

Бургасыг  гурван газар шилжүүлэн суулгах ч ургах эсэх нь эргэлзээтэй

Үерийн урсцыг хамгийн ихээр сааруулдаг зүйл бол гол дотор ургасан хог, лагад идүүлсэн бургас. Бургасыг зөөхгүйгээр үерийг хохиролгүй даван туулах боломжгүй гэдгийг “Сэлбэ сэргэлт” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулсан “Престиж инженеринг”компанийн инженер Ш.Ганзориг ярьж байна. Мөн “Хайдродизайн прожект” компани ч үүнд санал нэг байдаг. Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх “Сэлбэ-Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажил”-ын тендерт шалгарсан "Билгүүн Монгол Констракшн"    компани гүйцэтгэж байна.  Гүйцэтгэгч компани ерөнхий зургийн дагуу 1.6 км буюу хоёр эргээр тус бүр 800 метр үргэлжлэх үерийн далан барина. Энэ ажил хоёр сарын хугацаанд үргэлжилнэ. Далангийн тухайд нийт 750 метр урт, 4-4.6 метр өндөртэй түшиц хана хийгдэх аж. Энэ ажлыг 20 тэрбум төгрөгт хийгдэх ажээ.  Ингэхдээ Натурын гүүрнээс урд талын төмөр замын прейзер хүртэл хийхээр төлөвлөжээ. 2024 онд нийслэлийн үерийн хамгаалалтын шугам сүлжээ, барилга байгууламжийн ажилд 86 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Улаанбаатар Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж ярихдаа “ Энэ ажлыг хийснээр өнгөрсөн жил үерт автсан хэсгүүд үерийн эрсдэлээс чөлөөлөгдөнө. Нийслэлийг тойрсон үерийн хамгаалалтын далан  барилга байгууламжийг засварлахад урт хугацаандаа 500 гаруй тэрбум төгрөгийн ажил хийх шаардлагатай бөгөөд энэ жил шинээр хийгдэх хөрөнгө оруулалтад 56.8 тэрбум, зураг төсөв боловсруулахад 8.9 тэрбум, гадаадын зээл тусламжаар 20.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Бүхэлдээ хотын үерийн  хамгаалалтын шугам сүлжээ, барилга байгууламжийн засвар шинэчлэлд 2024 онд 86 тэрбумыг зарцуулна” гэсэн юм. Үүнээс хамгийн их жин дарах ажил нь гэр хорооллын орчныг үерийн тэсвэрлэх чадварыг сайжруулж, бэхжүүлэхэд Дэлхийн зөн байгууллага 20.4 сая төгрөг хандивлаж байгаа ажээ. Мөн Улиастай, Био компанит орчимд хийгдэх үерийн хамгаалалтын далан барилгын ажлын хөрөнгийг Дэлхийн банкнаас 100 сая ам.долларын, ЖАЙКА олон улсын байгууллага 570 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр манай Эдийн засаг хөгжлийн яамтай тохиролцсон байна. Энэ жил ТЭЗҮ-г хийж ирэх жилээс бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Нийслэл үерт автахад  25 мянга орчим хүн ам өртөхөөр байна

Хэнтий нуруунаас эх авсан үй олон гуу, жалга, гол, горхи бүхий дөрвөн уулын дунд орших Улаанбаатар хотод 1960 оны тэртээгээс хөдөө, орон нутгаас үй олноороо нүүж ирэгсэд голын урсац голдирол, гуу, жалга дагуу дур, дураараа хашаа хатган бууж хот тэлснийг түүх гэрчилдэг. Харин бидний тарьсан 60 жилийн хог хаягдал овоорч дагтаршсаар голын урсцыг хааж сүүлийн 10 жилд нь "хувийн хашаалсан газраа барилгын компанид өгч байраар солих" наймаа, арилжаа дэлгэрсний үр дүнд өнөөгийн үер болох шалтгааны эхлэл тавигдсан гэж болно. Хүн, суурин хот бий болж газрын гадаргууг өөрчилснөөр л үер болдог, байгаль унаган төрхөөрөө байгаа газарт үер болдоггүй юм гэдгийг мэргэжлийнхэн хэлдэг.Тэгвэл өдгөө нийслэл үерт автахад  25 мянга орчим хүн ам өртөхөөр байна гэсэн дүгнэлтийг НҮБ гаргаад байна. Тэр дундаа  Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүрэг өндөр эрсдэлтэйд тооцогдож буй. Эдгээр нутаг дэвсгэр үерийн эрсдэлийн индексээр 10.6 буюу маш их байна. Мөн дүүргүүдийн үерийн эрсдэлийн индексийн дундаж 8.1 буюу “маш их” гэсэн дүгнэлт гарчээ. Энэ нь нөгөө хотын үе, үеийн дарга нарын замбараагүй газар олголт, хот төлөвлөлт буруу явагдаж голын ай сав голдирол хааж байшин барилга барих зөвшөөрөл олгосны харгай гэдгийг бүгд харж байна. Монгол Улсад нүүрлэх байгаль, цаг уурын гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хоёр дахин өссөнийг НҮБ-ын судалгаа харууллаа. Тэгэхээр өнгөрсөн оны зун Улаанбаатар хотод тохиосон үерийн гамшиг ойрын жилүүдэд илүү хүчтэй, хор хохиролтойгоор эргэн ирэх магадлал их. Үүнд харин бид нэлээд сандрах шинжтэй.

“Энэ жилийн тухайд Лагийг зайлуулж, бургас нүүлгэснээр үерийн эрсдэлийг 30 хүртэл хувиар бууруулна”

2023 онд боловсруулсан мастер төлөвлөгөөнд Сэлбэ сэргэлт бургасыг ямар нэгэн байдлаар сав газраас чөлөө­лөх шаардлага үүсэнийг онцолсон байдаг.  Энэ төлөвлөгөөнд өмнө бидний нэрлэж дадсан Дунд гол, Сэлбэ гол одоогоор бол гол биш үерийн ус зайлуулах суваг болж өөрчлөгдсөн гэсэн үг. Бусад орнууд ч ялгаагүй инженерийн хийцтэй маш том байгууламжийг хийдэг болсон байна. Энэ голыг өмнөх байдлаар нь авч үлдэнэ гэвэл метро барих хэмжээний хөрөнгө шаардагдах аж. Токиод борооны ус зайлуулах систем  суваг буюу туннел нь газрын гүнээс доош 70 метрийн гүнд  байрлаж байна. Ийм гурван км орчим  туннел барихад ойролцоогоор  таван жил  зарцуулдаг байна. Өндөр хөгжингүй орон үерийн хамгаалалтын төлөвлөлтөө ийм байдлаар хийдэг туршлагатай. Харин бид байгаа юмандаа тохируулж төлөвлөлтөө хийсээр ирсэн нь байдлыг улам хүндрүүлжээ. Уур амьсгалын өөрчлөлтөөр Монгол орон +2.6 хэмээр дулаарсан. Тэгвэл бид энэ өөрчлөлтөд тохируулж хот төлөвлөлтийг хийгээгүй. Гэхдээ голын голдирол доторх барилга байгууламжийг буулгаж чөлөөлсний үр дүнд өнгөрсөн жилийн үерийн давтамжийг тодорхой хэмжээгээр бууруулж чадсан. Энэ сувгаар дайран өнгөрөх  үерийн ус багтахгүй эргээ хальж байгаа учраас л мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг авч урсцыг саадгүй болгохын тулд бургас бусад саадыг чөлөөлөх болоод байна. Иймээс төрийн байгууллагууд хамтарч арга хэмжээ авч ажилласны  хүчинд  энэ удаагийн үргэлжлэн орсон бороо үер болох хэмжээнд хүрсэнгүй. 30 жилийн алдаатай бодлого тогтолцоог өөрчлөх хэрэгтэйг өнгөрсөн жилийн үер бидэнд ойлгуулсан.Тиймээс аль болох лагийг нь хуулж авч хурдан урсгах эзлэхүүнийг тэлэх шаардлагатай. "Сэлбэ сэргэлт" төслийн далан, зам гүүрний тохижилтын ажлын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах ажлыг даалгаврын дагуу боловсруулж дуусгасан. Одоогоор Засгийн газрын Ойн газарт хүргүүлж хянуулахад бэлэн болсон  талаар Хот төлөвлөлт судалгааны институтын мэргэжилтэн ярьсан юм. 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газарт  төслийн ерөнхий танилцуулга, ойн тайланг хэлэлцүүлсэн. Уг хэлэлцүүлэгт ойн экологи эдийн засгийн үнэлгээг дахин хянан шалгах тухай шийдвэрт хүрсэн.Ингээд  өнөөдрийн байдлаар “Нью Грийн Форест” ХХК – с ойн экологи, эдийн засгийн үнэлгээний эцсийн тайланг хүлээн аваад байна. Ойн газарт дахин засвар хийгдсэн тайланг илгээсэн. Шийдвэр гарсны дараа төслийн ойн экологи эдийн засгийн үнэлгээ батлагдана.

БУРГАСЫГ ЦАГААН ДАВААНЫ ХОГИЙН ЦЭГ РҮҮ АЧЛАА

Өчигдөр Нийслэлийн онцгой комиссоос  цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн. Уг мэдээллээр лаг, шаврыг шөнийн цагаар малтаж Цагаан давааны хогийн цэг рүү ачиж байгаа гэсэн юм.

Энэ нь  бургасыг нүүлгэн шилжүүлж өөр газар суулгах биш хогийн цэг рүү ачих нь урдаас төлөвлөсөн нь ойлгомжтой. Тиймээс өөр газар нүүлгэн шилжүүлсэн ч ургахгүй учраас хогийн цэг рүү ийнхүү ачиж байгаа гэдгийг ажил хариуцсан албаны хүн онцолж байна. Тэгвэл нэгэнт хогийн цэг рүү ачих байсан юм бол энэ ажлаа эртхэн эхлүүлбэл үерийн эрсдэлийг буруулах ажлын эрчим тэр хэрээр өндөр байх байлаа.

 

Нийслэлийн Байгаль орчны ойн  хэлтсийн дарга Ч.Мөнхбаяр: Мод, бут, сөөгийг чөлөөлөх, шилжүүлэх ажлыг эхлүүлэх шийдвэрийг гаргалаа

-БОАЖЯ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай холбогдох хуульд өөрчлөлт оруулснаар нөхцөл байдал хүндрэхээс урьдчилан сэргийлж манайх Сэлбэ, Дунд голуудын үерийн хамгаалалтын далан дотор ургасан мод, бут, сөөгийг чөлөөлөх, шилжүүлэх ажлыг эхлүүлэх шийдвэрийг гаргалаа.  Уг шийдвэрийг Нийслэлийн Онцгой комиссын III, IV  хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн Засаг даргын А/662 дугаар захирамж, нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгийн “Шар” түвшин тогтоож иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох байгууллагуудад хүргүүлж Гамшгаас хамгаалах тухай хуулийг хангуулах  НОК-ийн энэ сарын 2-ны  тогтоол зэргийг үндэслэсэн. Экологи эдийн засгийн үнэлгээний тухай хуульд нэг ширхэг өсвөр залуу модны үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралтаар тогтоосон байдаг. Тэгэхээр эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр өсвөр, залуу модыг хот, суурины ногоон байгууламжид шилжүүлэн суулгахад нийт үнээр, зөвшөөрөлгүй авсан тохиолдолд нийт үнийг гурав нугалж хохирол тооцно гэсэн хуультай.

 

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан:  37500 шоо метр гаруй лаг хагш цэвэрлэлээ

-Нийслэлийн Байгаль орчны газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудаас нийслэлийн иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг үерийн аюулаас авран хамгаалахын тулд голын голдирол хааж, урсцыг боомилсон мод бургасыг нүүлгэн шилжүүлэх нь зөв гэсэн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу мод бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг, хагш цэвэрлэх ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үе шаттайгаар хийж байна. Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар Соёолжийн нүхэн гарцаас “АПУ” ХК хүртэл Дунд гол дагуу үйл ажиллагаа явуулдаг нийт найман аж ахуйн нэгж нийгмийн хариуцлагын хүрээнд 37500 шоо метр гаруй лаг хагш цэвэрлэлээ. Үүний дараа эргийн хамгаалалтыг бэхжүүлэх, үерийн далангийн засвар, өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийхээр төлөвлөж байна. Үерийн барилга байгууламж 1.2 километрийг шинээр барьсан. Ойролцоогоор 4.5 км хэсгийг засварласан. Өнгөрсөн жил 4.3 км үерийн даланг мөн сэргээн засварласан.Мөн нийт 68 мянган тонн лаг шаврыг зөөж цэвэрлэхээр төлөвлөснөөс 30 орчим мянган тонн лаг шаврыг зөөвөрлөөд байна. Бид энэ жил 12 ус зайлуулах шугам сүлжээ барихаас төлөвлөснөөс одоо зургааг нь барьж дуусгасан.

 

Хот төлөвлөлт судалгааны институтийн Байгаль орчны мэргэжилтэн Энхтуул: Шийдвэр гарсны дараа төслийн ойн экологи эдийн засгийн үнэлгээний тайлан батлагдана

-Нийслэлийн Засаг даргын 2023 оны тавдугаар сарын 10-ны өдрийн А/492 дугаартай захирамжаар Барилга, Хот Байгуулалтын Сайд, Нийслэлийн Засаг Даргын хамтран баталсан 2023/09 дугаартай "Сэлбэ сэргэлт" төслийн далан, зам гүүрний тохижилтын ажлын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах ажлын даалгаврын дагуу боловсруулж дуусгаад байна. Мөн тухайн төслийн Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг “Би Жи Эм Дистрьбюшн” ХХК, Ойн экологи, эдийн засгийн үнэлгээг “Нью Грийн Форест” ХХК тус тус гүйцэтгэсэн бөгөөд  2024 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч Ойн газарт  төслийн ерөнхий танилцуулга, ойн тайланг хэлэлцүүлсэн. Уг хэлэлцүүлэгт ойн экологи эдийн засгийн үнэлгээг дахин хянан шалгах тухай шийдвэрт хүрсэн бөгөөд  өнөөдрийн байдлаар “Нью Грийн Форест” ХХК-аас ойн экологи, эдийн засгийн үнэлгээний эцсийн тайланг хүлээн аваад байна. Ойн газарт албан бичгээр дахин засвар хийгдсэн тайланг илгээсэн. Батлагдсан шийдвэр гарсны дараа төслийн ойн экологи эдийн засгийн үнэлгээний тайлан батлагдана. Үүнээс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг өгөхөөр ажиллаж байна.

 

 

Цэвэгдоржийн МЯГМАРБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 126 (7370)