Сэлбэ, Дунд гол дагуу мод бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаас цэвэрлэх ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 25 аж ахуйн нэгж хамтран хэрэгжүүлж байгаа.

Энэ хүрээнд нийт 370,000 шоо метр лаг хашаасыг цэвэрлэхээс ажлын явц өнөөдрийн байдлаар 80 хувьтай үргэлжилж байна.

Лаг хагшаасыг зөөж цэвэрлэсний дараа даланг өндөрлөж, өргөтгөн, хүчитгэх, зарим байршилд Сэлбэ сэргэлт төслийн хүрээнд тохижилт хийхээр төлөвлөж буй. Тэгвэл дээрх ажлын үйл явцтай БНСУ-ын “Ду Хуа инженеринг” ХК-ийн усны байгууламж хариуцсан дэд захирал Жон Сэ Жин, “Сусон инженеринг” ХК-ийн усны нөөцийн хэлтсийн дарга Бэ Ён Сан нар танилцлаа.

"Голын голдиролд ургуулахад тохирохгүй мод гэж бий"

БНСУ-ын “Ду Хуа инженеринг” ХК-ийн усны байгууламж хариуцсан дэд захирал Жон Сэ Жин “Монголын ард түмэн байгалийн унаган төрх, хэв шинжийг тэр хэвээр хадгалж хамгаалдаг гайхалтай соёлтой ард түмэн.

Энэ утгаараа Сэлбэ, Дунд голын бургасыг зөөвөрлөж лаг хагшаас цэвэрлэж байгаа явдлыг байгалиа сүйтгэж байна гэж шүүмжлэлтэй хандаж байна. Гэхдээ мэргэжлийн хүний нүдээр одоо байгаа нөхцөл байдлыг харахад Сэлбэ, Дунд гол доторх бутыг авахаас өөр аргагүй.

Голын голдиролд ургуулахад тохирохгүй мод гэж бий. Сэлбэ, Дунд голд байршиж байгаа эдгээр бургас нь лагшсан учраас ус нэвтрэх чадамжийг бууруулдаг. Тиймээс энэ модыг зөөвөрлөж лаг хагшаасыг цэвэрлэж байгаа нь хамгийн зөв ажил юм.

Үерээс урьдчилан сэргийлэх нь нэн тэргүүнд чухал асуудал уу, Модыг тэр хэвээр хадгалж хамгаалах нь чухал уу гэдгийг ард иргэд бодох хэрэгтэй. Богино хугацаандаа одоо хийж байгаа ажил арга хэмжээ нь зөв. Гэхдээ цаашид урт хугацаандаа нарийн судалгаа, тооцоолол гаргаж ажиллах хэрэгтэй байна” гэв.

"Сэлбэ, Дунд голын даланг хоёр тийш сунгах нь үерээс урьдчилан сэргийлэх хамгийн оновчтой шийдэл"

 

“Сусон инженеринг” ХК-ийн усны нөөцийн хэлтсийн дарга Бэ Ён Сан “БНСУ-д технологи ашиглаж голын лаг хагшаасыг цэвэрлэдэг. Лаг хагшаасыг цэвэрлэж байх явцад шавар гол руу урсдаг учраас хамгаалалтын системийг байршуулж цэвэрлэдэг.

Сэлбэ, Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэж, бургасыг зөөвөрлөж байгаа үйл явцтай танилцлаа. Уг нь дээрх хоёр голын даланг хоёр тийш сунгах нь үерээс урьдчилан сэргийлэх хамгийн оновчтой шийдэл.

БНСУ-д далангаа сунгах боломжгүй үед авто замыг дээшлүүлж ус урсах урсцын өргөнийг нэмэгдүүлдэг. Харамсалтай нь Сэлбэ, Дунд голын даланг сунгах боломжгүй байгаа харагдаж байна. Тиймээс голыг лаг хагшаасыг цэвэрлэж цаашид мастер төлөвлөгөө боловсруулж ажиллах хэрэгтэй харагдлаа” гэв.

зураг

 

“Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Бямбасайхан “БНСУ-ын усны байгууламжийн хоёр эксперт ирж бидний хийж буй ажил арга хэмжээтэй танилцлаа.

Сэлбэ голын баруун тал буянгийн зам голын төвшнөөс доогуур байгаа учраас үерт хамгийн их өртөхийг хэлж байгаа. Бид тухайн байршилд түшиц хана хийж дээгүүр замтай байх зураг төсөв хийгээд байгаа” гэв