Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногийн эхээр ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод  “Томоохон хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг шуурхайл” гэсэн чиглэлийг өгчээ. Мэдээж эхэнд нь С.Зоригийг хөнөөсөн хэрэг орсон байна.

Тэрээр сонгуулийн өмнө энэ хэргийн талаар ярьж болох бүгдийг дэлгэсэн. Тэр бүхний үзүүр экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж руу чиглэсэн.

Яг үүнийг тойроод Ерөнхий сайд, экс Ерөнхийлөгч хоёр сонгууль тултал “зодолдсон” байдаг.

Учир нь С.Зоригийг хөнөөсөн хэрэг 27 жилийн туршид холион бантан болсон. Сүүлдээ ярих ч хүнгүй болоод байсан. Ярьсан нэгийг нь “Энэ хэргээр улс төр хийлээ” гэсэн шүүмжлэлээр нам дарчихдаг болсон.

Ийм байтал Л.Оюун-Эрдэнэ энэ хэргийг барьж авсан. Барих ч биш, ухсан.

Тэр тэндээс ямар нэг сэжүүр олсон бололтой юм. Ц.Элбэгдоржийг бай болгосон.“Экс” ч учиргүй их сандарсан. “Ингэж сандрахыг урьд нь хараагүй” гэж олон хүн хэлсэн. Л.Оюун-Эрдэнэ ч ямар нэг эргэлзээгүйгээр дайрчихсан. Үнэхээр ч “Тэнд ямар нэг юм байж магадгүй нь” гэсэн ойлголт, үнэмшил олон нийтэд ч төрж үлдсэн. Ингээд сонгууль тултал тэдний зодоон үргэлжилсэн юм.

Л.Оюун-Эрдэнэ бас сонгуулийн үеэр уулзалт бүр дээрээ С.Зориг агсны зарчмыг ярьж явсан.

Тэрээр “С.Зоригийн мөрөөдсөн ардчилал танигдахааргүй болж гажуудсан. Улсын эрх ашиг нэгт, намынх хоёрт, хувийнх гуравт байх ёстой эрэмбэ алдагдсан. Ардчилал бол улсынхаа төв талбай, С.Зоригийн хөшөө, ногоон байгууламжийг булаах, хүн эрүүдэн шүүх эрх ямба, хэн нэгний хувийн өмч огт биш” гэсэн.

Мөн УИХ-ын анхдугаар чуулганаар Ерөнхий сайдаар томилогдоод “Ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зориг “Улсын эрх ашиг нэгдүгээрт, улс төрийн намын эрх ашиг хоёрдугаарт, эцэст нь хувийн эрх ашиг байх ёстой” хэмээн эрх ашгийг эрэмбэлж байсан билээ.

Харамсалтай нь С.Зоригийн хүсэж мөрөөдсөн, манай ахмад зүтгэлтнүүдийн итгэж, тайван замаар төрийн эрхийг шилжүүлсэн Ардчилсан хувьсгалын үзэл санааг бүдгэрүүлж, иргэдийн урмыг хугалж, итгэлийг эвдсэн зүйл бол авлига юм” гэж хэлсэн.

Улмаар хамтарсан Засгийн газрын гэрээ ч “Хурдтай хөгжлийн төлөө Зориг” гэдэг нэртэй байхаар яригдаж байна. Энэ нь Л.Оюун-Эрдэнээс засагт хамтарсан намуудад илгээн зөвшилцөж буй төсөлд байгаа аж. Үүнийг засагт хамтарсан ХҮН нам  лав дэмжиж байна. Харин АН-ынхан “Зориг гэсэн нэрнээс жийрхээд байгаа” гэлцэж байна.

Сонин юм шүү, МАН-ын дарга “Зориг” нэртэй хөтөлбөр санаачилж, АН-ынхан эргэлзээд байдаг. Цаахнуур харвал хоржоонтой л юм.

Ер нь бол Ерөнхий сайд, экс Ерөнхийлөгч хоёр сонгуулийн өмнө л олны нүдэн дээр өөд уруугүй “зодолдсон” нь харагдсан. Гэтэл зодоон нь аль эрт, сонгуулиас нэлээд өмнө эхэлжээ. Одоо, сонгуулийн дараа ч үргэлжилсээр байна. Зодооны сэдэл, сэргэлт нь С.Зоригийг хөнөөсөн хэргийг сөхөх, уг хэрэгт шийтгэгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрын асуудал хөндөгдөх, дахин мөрдөн шалгах ажиллагаа явагдах зэргээр ямар нэг байдлаар яригдахтай холбоотой явдаг байна. Нэгэнт Л.Оюун-Эрдэнэ энэ хэргийг нь тас зуучихсан учир сонгуулиар түүнийг зайлуулах ганц гарц үлдсэн байгаа юм. “Л.Оюун-Эрдэнийг тойрогт нь унагана. Хэнтийд нь бардаггүй юм бол Дорнод, Сүхбаатарт унагана” гэсэн яриа саяын сонгуулиар мөн ч их яригдсан даа. Яг энэ сонирхол дээр олон хүний эрх ашиг нэгдсэн байдаг. Өнгөрсөн гурван жил, түүний өмнөх хоёр жилд ч Л.Оюун-Эрдэнэд “гөвүүлсэн” нөхдүүд нэгдсэн. Тэднийг “Бүлэглэлийнхэн” гэдэг. Түүнийг сонгуулиар унагахад тэдэнд мөнгө хэрэгтэй. Тиймээс 2023 оны сүүлчээс эхлээд сонгуульд зориулсан маш их хэмжээний мөнгийг гаднаас янз бүрийн хэлбэрээр Монгол Улс руу нэвтрүүлэхээр олон удаагийн оролдлого хийсэн. Хууль хяналтынхан ч хараа хяналт сайтар тавьж ажилласан байдаг.

Гэвч нөгөөх нь унасангүй. Тэгмэгц “Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн уриалга гарсан. Тэр бүтэлгүйтсэн. Дараа нь “Хамтарсан Засгийн газар байгуулахгүй” гэж үзсэн. Дараа нь дээр хэлсэнчлэн “Хамтарсан Засгийн газрын гэрээнд Зориг гэсэн үг орох нь зохимжгүй, эвгүй юм” гээд АН-ынхныг чагталж буй аж.

МАН-ынхны ярих нь, Л.Оюун-Эрдэнэ АН, ХҮН намуудтай нэг л нөхцөлтэй хамтарч буй гэнэ. Энэ нь “С.Зоригийн хэрэг болон авлигын эсрэг тэмцэлд саад болохгүй, тийм нөлөө үзүүлэхгүй” гэдэг зарчим ярьсан байгаа юм. Тэр агуулгаараа “Хурдтай хөгжлийн төлөө Зориг” гэсэн гэрээ байгуулахаар болж С.Зоригийн үгээр гэрээг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Эхэнд нь “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн УИХ-ын сонгуулийн дүнг хүндэтгэн МАН, АН, ХҮН-ын хооронд байгуулсан санамжийн дагуу Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг хурдтай шийдвэрлэхийг зорилго болгон,

Үндэсний эв нэгдлийг эрхэмлэхийг чухалчлан үзэж,

Олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан

Монгол орны хөгжлийн аливаа асуудлыг шийдвэрлэхдээ С.Зориг агсны тунхаглан тодорхойлсон эрх ашгийн эрэмбэ, дарааллын зарчмыг  суурь иш үндэс болгон хамтран ажиллах зорилгоор энэхүү гэрээг  байгуулав” гэж оруулжээ.

Эндээс “С.Зоригийн эхлүүлсэн ардчиллыг гажуудуулсан зүйл бол түүнийг хөнөөсөн хэргээс үүдэлтэй” гэсэн  өөрийнхөө байр суурийг засагт хамтарсан намуудаар хүлээн зөвшөөрүүлэх гэсэн зорилготой нь харагдаад байгаа юм. Өөрөөр хэлбэл Л.Оюун-Эрдэнэ зогсохгүй нь гэсэн үг. Тэгэхээр одоо гол хүмүүсийг нь зайлуулах шаардлага үүсэж буй бололтой.

Үүнийгээ нийгмийн сэтгэл зүйд дөрөөлсөн, эмзэг үйл явдалд дөрөөвчилж байгаад хийж эхэллээ. “Сүхболдыг зайлуул” гэдэг ердөө л тэр. Уг нь шал өөр байгууллагын хариуцлага алдсан явдал байгаад байдаг. Энэ ажиллагааг улс төр талаас нь гардаж байгаа хүмүүс ч байна.

УИХ-ын 2024 оны сонгуулиар бүлэглэд нэр бүхий төлөөний хүмүүсээ намын жагсаалтад бичүүлж, тойрогт ч нэр дэвшүүлсэн. Онцгой хүч, анхаарал тавьсан нэр дэвшигчид нь сонгогдсон. Тэд “ид шид”-ээ үзүүлэх учиртай. Тэгээд ч эхлэв бололтой. Цаашлаад ирэх намар өвлөөр Үндсэн хуулийн өөрчлөлт яриад гарч ирэх вий.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин