Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах асуудлыг онцлон хэлэлцсэн байна. 

Энэ талаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Засгийн газрын хуралдаанд өөр хоорондоо уялдаатай таван төслийг танилцууллаа.

Тухайлбал Туулын хурдны зам. Зураг төсөл нь хийгдчихсэн бөгөөд наймдугаар сард багтаж төр, хувийн хэвшлийн түншлэлээр олон улсад нээлттэй тендер зарлах танилцуулгыг хийлээ. Туулын хурдны замаас дээшээ саран хэлбэрээр эх авч, Их тойрууг тойрсон хурдны замыг байгуулах, уг тойрог хурдны замыг байгуулахтай холбоотой зөвлөх үйлчилгээний тендер зарлах, түүнтэй холбоотой эх үүсвэрийг энэ жилийн улсын төсвийн тодотголд тавих шийдвэрийг гаргалаа. 

"Go Mongolia" гүүр нь Туулын хурдны замаас урагш эх авч, Богд уулын урд байрлах Кувейтийн ам буюу Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд төрийн захиргааны байгууллагуудын нэгдсэн байрыг барьж байгуулах замаар төвлөрлийг сааруулах, шинэ суурьшлын бүсийг тэлэх зорилгыг давхар агуулж байгаа. 

Цаашлаад Шинэ Зуунмод хоттой холбогдсон Богд уулын урд тал руу Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс тэлэх төлөвлөлтийг хуралдаанд танилцуулсан" хэмээв. 

Мөн хотын дарга Улаанбаатарыг метротой болгох ажлын явцын талаар дараах мэдээллийг өгөв. Тэрбээр "Аравдугаар сарын 1-н гэхэд EPC нэгдүгээр үе шатаа шалгаруулахаар бэлтгэлээ хангаж байна. Дүүжин тээвэртэй холбоотой барилга угсралтын ажил эхэлсэн. Нарийн бетон байгууламжийг гадаад улсад үйлдвэрлэх ажил эхэлсэн бөгөөд энэ жилдээ авчирч, угсрахаар бэлдэж байна" гэсэн юм.

Метро байгуулах урьдчилсан Техник, Эдийн Засгийн Үндэслэл(ТЭЗҮ)-ийг 2014 онд боловсруулахад 1.3 тэрбум ам.доллар гэж тооцож байжээ. Мөн сүүлд буюу зөвлөн үйлчилгээний тендер зарлахаас өмнө дахин нягтлахад нэг тэрбум 350 сая орчим ам.долларт багтааж, 17.7 километр үргэлжлэх метроны ажлыг хийх боломжтой гэж гарсан тухай хотын дарга Х.Нямбаатар мөн хэлэв.

Түүнчлэн энэ онд багтаж EPC-2 буюу эцсийн сонгон шалгаруулалтыг хийх тендерээ зарлах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ.