Ингэхэд Үндсэн хуулийн Цэц шүүх үү, улс төрийн байгууллага уу. Ийм асуулт сүүлийн үед хурцаар тавигдах боллоо. Тус байгууллагын томилгоо, үйл ажиллагаа ийм эргэлзээ төрүүлтэл гажиж буйгийн шинж л дээ.

 

Товчхондоо, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр анхан шатны шүүхийн шүүгчийн шалгаруулалтад ч оролцох боломжгүй “статус”-тай нөхдүүд томилогддог. Байнга гэмт хэрэгт холбогддог нэр бүхий хүмүүс хэд хэдэн улираад ажилласан явдлууд ч бий.

 

Ер нь бол хууль эрх зүйн салбарынхны ноён оргилууд заларч байх ёстой. Тэр утгаараа Үндсэн хуулийн Цэцэд олон нийтээс биш гэхэд салбарынхаа итгэл, дэмжлэгийг авсан хүмүүс томилогдож очих учиртай. Үүнээс гадна “дотоод томилгоо” нь ч асуудалтай явдаг. Ганц жишээ гэхэд, Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбат2023 оны арваннэгдүгээр сард ажлаа өгсөн. Тэрбээр зөвхөн даргаас бус Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс ч чөлөөлөгдсөн. Н.Чинбатын тухайд хэдийгээр бүрэн эрхийнх нь хугацаа дууссан гэдэг ч цаанаа улс төрийн нөлөөтэйгөөр “зайлуулагдсан” гэсэн тайлбар одоо ч яригддаг. Түүнээс хойш Үндсэн хуулийн Цэц нэг хэсэг даргагүй явсан. Зургаан сарын дараа, саяхан даргатай болсон. Шинэ даргаар Г.Баясгалан сонгогдсон. Тэр хүртэл Үндсэн хуулийн Цэцийн даргын суудлын төлөө гадна, дотноосоо дайтчихсан. Нэг гишүүн нь нөгөөгөө хэвлэлээр гөвүүлсэн явдал ч гарсан. Тэгээд амжилт олоогүй. Учир нь тэгж “ажилласан” гишүүн Үндсэн хуулийн Цэцийн дарга болж чадаагүй юм. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр Үндсэн хуулийн Цэцийн гишүүн гэдэг өөрөө хууль, ёс суртахууны дээд хэмжүүр байх тэр стандарт алдагдчихсан. Томилгоо нь нэг ийм.

 

Дээрээс нь Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагаа буюу гаргаж буй шийдвэрүүд нь байнгын эргэлзээ төрүүлж, хардлага дагуулж байдаг. Энэ нь одоо ч үргэлжилсээр байна. УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнөхөн, олон нийтийн анхаарал энэ сонгууль дээр төвлөрсөн байх үед дунд суудлын хуралдаанаараа нэгэн ноцтой шийдвэрийг гаргасан.

 

Ерөнхийлөгчийн нэрийг барьж байгаад өөрсдийнхөө томилгоог олон нийтийн хараа хяналтаас гадуур хийгдэх нөхцөлийг бүрдүүлж шийдсэн. Уг нь УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд “...Эрх бүхий этгээдээс хуульд заасны дагуу санал болгосон нэр дэвшигчтэй холбогдуулан УИХ-аас Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, ШЕЗ-ийн шүүгч бус гишүүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн, ХЭҮК-ын гишүүн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, АТГ-ын дарга, дэд дарга, СЕХ-ны гишүүн, ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн, ТАЗ-ийн гишүүн, Монгол Улсын Ерөнхий аудитор, Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд, Дэд ерөнхийлөгч, СЗХ-ны дарга, гишүүн, СЗХ-ны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны дарга, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүний албан тушаалд томилуулахаар УИХ-д санал болгосон нэр дэвшигчийн талаарх томилгооны сонсгол буюу нэр дэвшигчийн сонсгол явуулна” гэж заасан.

 

Мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “...Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Улсын Дээд шүүхээс Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн саналыг хүлээн авснаас хойш энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ажлын тав өдрийн дотор тухайн тайлан, эрх бүхий этгээдийн саналыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэжээ.

 

Харин иргэн Ж.Батмөнх гэдэг хүн Үндсэн хуулийн Цэцэд “...УИХ-аас 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг батлахдаа Ерөнхийлөгчийн бүрэн эрх болон шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус байдалд халдсан. Тодруулбал, уг хуулийн 29 дүгээр зүйлийн холбогдох заалтад УИХ-аас Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, ШЕЗ-ийн гишүүн, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг томилох, Улсын Дээд шүүхийн шүүгчтэй танилцахдаа нэр дэвшигчийн сонсгол хийхээр заасан байгаа нь төрийн эрх мэдлийн хяналт харилцан тэнцвэрээ алдах, нэг талын бүрэн эрхэд халдаж, нөлөөлөхөөр байна. Иймд дээрх шаардлагад дурдсан зохицуулалтуудыг түдгэлзүүлж өгнө үү” гэж мэдээлэл, нэмэлт шаардлага гаргажээ. Энэ дагуу Үндсэн хуулийн Цэц УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалтаас хоёр хоногийн өмнө дунд суудлын хуралдаан хийж “...Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэн санал болгох онцгой бүрэн эрхийг Үндсэн хуулиар тодорхойлж Ерөнхийлөгч, Улсын Дээд шүүх зэрэг эрх бүхий этгээдэд олгосон байхад ердийн хуулиар буюу УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд томилуулахаар санал болгосон нэр дэвшигчтэй холбогдуулан УИХ-аас томилгооны сонсгол хийхээр зохицуулсан нь Үндсэн хуулийн дээр дурдсан заалтад заасан бүрэн эрхийг хөндөж, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болон тухайн институтийн бие даасан, хараат бус байдлын баталгааг алдагдуулах үндэслэлтэй байна” гээд “...УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад “Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, …”, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “… нэр дэвшигчийн сонсгол хийж”, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт “... энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. ... нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ... тухайн тайлан, ... Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана” гэж заасан нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...Үндсэн хуулийн Цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна”, 3 дахь хэсгийн “...Үндсэн хуулийн

 

Цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана”, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “...Үндсэн хуулийн Цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилно” гэснийг зөрчсөн байх тул хүчингүй болгосугай” гэсэн шийдвэрийг гаргажээ.

 

Гэтэл энэ нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр зөрөөд Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар олгогдсон мэдэх эрх, хууль тогтоох эрхийг хадгалах үүрэгтэй УИХ-ын эрхэнд шууд халдсан үйлдэл болж хувирч байна. Мөн үүнийг “...Ардчилсан парламентын засаглалд аюул учирлаа” гэж тайлбарлах субьектууд гарч ирэх хандлагатай болов. Цаашлаад Үндсэн хуулийн Цэцийн энэ мэт шийдвэр нь Үндсэн хуулиар тогтоосон засаглалын тэнцвэрийг алдагдуулах, засаглал хоорондын эвдрэл хагарал үүсгэх ноцтой байдал руу хөтөлж буйг ч хэлж яриад эхэллээ. Тиймээс, сүүлийн үед хамгийн ойлгомжтой болж байгаа нэг зүйл нь Үндсэн хуулийн Цэц үндсэн үүргээ ханган биелүүлж чадаж байгаа эсэх, үүнд үндэслээд тус байгууллагыг татан буулгах хүртэл үйл явдал өрнөж болзошгүй болжээ. Өөрөөр хэлбэл, одоогоос 32 жилийн өмнө 1992 оноос хойш ажилласан Үндсэн хуулийн Цэц, Г.Совд, Н.Жанцан, Ж.Бямбадорж, Ж.Амарсанаа, Д.Одбаяр, Н.Чинбат нарын зургаан даргыг залгаж сонгогдсон Г.Баясгалангийн үед “цэг” тавиулж магадгүй нь.

 

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин