УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2024 оны төсвийн тодотгол болон төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцлээ. Мөн Төсвийн зарлагын дэд хорооны даргын томилгоог хэлэлцэж, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг томилох санал гаргасныг хэлэлцлээ. Гэвч УИХ-ын гишүүд Төсвийн хяналтын зарлагын дэд хорооны даргад Ардчилсан намаас бус ХҮН, Ногоон нам зэрэг цөөнхөөс сонгох нь зөв гэдэг байр суурийг илэрхийлэв. Хуулиараа УИХ дахь цөөнхийн бүлгээс томилох хуулийн зохицуулалттай. Ардчилсан нам өөрөө Засгийн газарт хамтарч байгаа учраас ХҮН, Ногоон нам зэрэг цөөнхөөс сонгох нь зөв гэсэн байр суурийг илэрхийлэв.

 

УИХ-ын гишүүн Т.Аубакир:

 

-Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргад АН-аас нэр дэвшүүлсэн байна. Цөөнх боловч Засгийн газарт хамтарсан, төсвийг захиран зарцуулах эрхийг зарим сайд нар нь ч авсан. Энэ хорооны даргад цөөнхөөс нэр дэвшүүлж, олонхдоо хяналт тавих гэж л томилдог албан тушаал шүү дээ. Өөрсдөө захиран зарцуулаад өөрсдөө хяналт тавих буюу УИХ дахь Ардчилсан намаас Төсвийн хяналтын зарлагын дэд хорооны даргад нэр дэвшүүлэх өөрөө хууль зөрчиж байна гэж үзэж байна. Энэ байнгын хороонд Үндэсний эвсэл, Ногоон намын төлөөлөл байгаа учраас эндээс сонгоод явах нь зөв болов уу. МАН, АН, ХҮН нэгэнт зориг гаргаад хамтарсан учраас энэ асуудалд зоригтой шийдэл гаргах нь зөв. Л.Гантөмөр дарга та зарчимтай байхаар энэ хамтарсан Засгийн газарт орж ирсэн учраас засагт хамтраагүй цөөнхөөс дарга томилох нь зөв болов уу гэсэн санал гаргаж байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:

 

-Бид хууль тогтоох дээд байгууллага учраас хуулиа мөрдөөд явах нь зөв. Цөөнхийн бүлэг "Төсвийн зарлагын дэд хороо"-г ахлах ёстой гэдэг хуулийн заалт байгаа. Бид хуулиа л мөрдөх ёстой.

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

 

-Цөөнх гэж Үндсэн хуульд заасан этгээд өөрөө Засгийн газрыг бүрдүүлж, олонхын нэг хэсэг болсон. Б.Чимид багшийн хэлснээр Засгийн газрыг байгуулахдаа ард түмний хийсэн сонголтыг баримтлах ёстой гэж хэлж байж. Тэрээр ард түмэн аль намд хэдэн хувийн санал өгч, ямар бүрэлдэхүүнтэй Засгийн газар байгуулахыг УИХ шийдэх эрх зүйн үндсийг Үндсэн хуульд тодорхойлсон. Үүнийг яаж хэрэгжүүлэхийг УИХ болон дэгийн хуулиар тодруулдаг. Ард түмэн ямар сонголт хийснийг Засгийн газар байгуулахад баримтлахад баримтална гэсэн ярилцлага ч байдаг. Тэр утгаараа АН-ын бүлгийг цөөнх гэж үзээд, Төсвийн хяналт, зарлагын дэд хорооны даргад томилох нь өөрөө сонирхлын зөрчил үүсгэнэ. Энэ удаагийн төсөв 120 их наяд буюу 40 тэрбум ам.долларын төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалт хэрэгжүүлэх бөгөөд түүнийг нь Ардчилсан намын дарга Л.Гантөмөр сайд эрхэлж хэрэгжүүлнэ. Мөн ХҮН намын төлөөлөл оруулах гэхээр бүх төрийн өмчийн компаниудын худалдан авалтыг Т.Доржханд сайд хэрэгжүүлнэ. АН-ын дарга Л.Гантөмөрийн төсвийг АН-ын гишүүн, ХҮН намын Т.Доржхандын хэрэгжүүлэх төслийг ХҮН намын төлөөлөл хянана гэж байхгүй. Энэ өөрөө улс төрийн хувьд асуудал үүсгэнэ. Анхнаасаа Үндсэн хуулиа “нулиад” явчихсан, цөөнх Засгийн газарт ордог Үндсэн хуульгүй. Тиймээс бид Үндсэн хуулийн хүрээ раманд багтааж УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. УИХ дахь цөөнх болох Үндэсний эвсэл, Ногоон намаас сонгох нь хуулийн зөрчилгүй.

 

УИХ-ын гишүүн Б.Түвшин: 

 

-Бид хууль биелүүлэх үүрэгтэй. Хуульд заасан үг, заалтыг зөрчвөл бид хууль зөрчсөн болно. Засгийн газар, УИХ-ын бүлэг бол тусдаа байгууллагууд. Нэг нь хууль тогтоох, нөгөө нь гүйцэтгэх эрх мэдэл хэрэгжүүлдэг байгууллага. Энэ асуудал Засгийн газарт хамтарсантай ямар ч хамааралгүй тусдаа бүлгийн байр суурь байх ёстой. Тиймээс бид хуульд заасан үндэслэлээр асуудлаа шийдээд явах нь зөв болов уу.

 

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

 

-Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хэлээд байгаа бас үндэслэлтэй. УИХ-ын Дэгийн тухай хуулийн 27.10-т цөөнхийн бүлгийн гишүүдээс дэд хорооны даргыг томилно гэсэн заалт бий. Хуульд өөрчлөлт хийгээгүй учраас агуулга талаас нь яриад байж болохгүй. Байнгын хорооны гишүүд Ардчилсан намын бүлгээс нэр дэвшүүлсэн Д.Цогтбаатарыг дэмжээгүй учраас Ардчилсан намаас Б.Түвшинг нэр дэвшүүлсэн ч дахин олонхын санал авч чадаагүй учраас энэ асуудлыг түр хойшлуулж, удалгүй АН-ын бүлгээс Д.Батбаярыг нэр дэвшүүлэв.

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг сөрөг хүчнээс томилдог бөгөөд АН, ХҮН намууд хамтарсан Засгийн газарт орсон учраас сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж чадахгүй, олонхдоо хяналтаа тавьж чадахгүй хэмээн байнгын хорооны гишүүд шүүмжилсэн юм. Гэвч хуулийн дагуу сөрөг хүчнээс томилох зохицуулалтын дагуу Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Д.Батбаярыг нэр дэвшүүлж, байнгын хорооны гишүүдийн олонх дэмжиж, сонгов.

 

 

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин