Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцож байна. Тэрбээр уржигдар эх орноосоо мордсон юм. Ерөнхийлөгч тус чуулганы Ерөнхий санал шүүмжлэл, Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалтад оролцох оролцох бөгөөд тэр нь 2024 оны есдүгээр сарын 26-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийг “…Хэнийг ч үл орхигдуулах: одоо болон ирээдүй хойч үеийнхний төлөө хамтдаа энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрхэм чанарыг дээшлүүлэх нь” сэдвээр зохион байгуулж байна.

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тухайд олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэлийг танилцуулж үг хэлнэ. Мөн тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш болон гишүүн зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ.

 

Тэгвэл НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төлөвлөсөн уулзалтуудын дийлэнхийг НҮБ-ын байгууллагуудаас цуцалсан тухай албан бус мэдээлэл байна. 
 

Харин зарим хэвлэлд "Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн товлосон уулзалтууд цуцлагдсан" гэх мэдээлэл гарсан. Ерөнхийлөгчийн тамгын газраас уг мэдээллийг үгүйсгэж, "Цуцлагдсан уулзалт байхгүй" гэсэн юм.