Ер нь бол манай улс төр маш “сонирхолтой” өрнөдөг л дөө. Хааяа хааяа дэлхийн жишгээс дэндүү хазгай улс төрийн шийдлүүд гарна. Үүнийг “...Монгол л учраас ийм” гэж тайлбарлана. Бас, үе үе “...Арай ч үгүй байлгүй дээ” гэмээр зүйлүүд ч сонсогддог. Ингэж дуу алдахаар нэг зүйл яг одоо дуулиан болж байна. Бас ч гэж, удлаа. “...Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуульд гар хүрдэг болно. Ингэж байж Үндсэн хууль дахь Ерөнхийлөгчийн сонгогдох эрхийн хугацаатай холбоотой зүйл заалтыг өөрчилнө” гэсэн агуулга бүхий мэдээллүүд тасрахаа болив.

 

Сүүлдээ “...Захиалсан улс төрийн нам нь тэр, улстөрчид нь тэд, гүйцэтгэгч нь Үндсэн хуулийн Цэц” гээд л яригдаад эхэллээ. Тэгмэгц улс төрийн бусад намууд нь цуглаад “...Хэрвээ эд нар ингэж Үндсэн хуулиар оролдох гэж байгаа бол гудамжинд гарч, эрх чөлөөний суулт хийх хэрэгтэй. Олон улсад ч хандах шаардлага үүснэ” гэж ярьцгаасан байгаа юм.

 

Гэтэл Гавьяат хуульч Б.Чимид гуайн олон жилийн өмнө “...Үндсэн хуулийн Цэцийн дээр нэг л юм бий. Энэ нь хөх тэнгэр биш, Үндсэн хууль өөрөө юм” гэсэн үг байгаад байдаг. Энэ үгийн утгыг хуульч биш ч, монгол хүн бүр ойлгоно. Ерөөсөө Үндсэн хуулийн Цэц бол Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд, эрхэм гишүүд, сайд нар, ер нь төрийг, ард түмэнтэйгээ Үндсэн хууль хэмээх хайрцагт эвтэй найртай байлгах хяналт болохыг хэлсэн хэрэг. Харин тэр “хайрцаг”-таа хүрч, эвдэх хориотой. Ойлгомжтой байгаа биз. Гэтэл өнөөдөр “...Үндсэн хуулийн Цэцийн хараа хяналтад байж Үндсэн хуулийг дагаж мөрдөх субьектүүд маань нөгөөх Үндсэн хуулийн Цэцэд захиалга гэдэг юм уу, даалгавар гэдэг зүйлийг өгөөд, нөгөөх Үндсэн хуульд гар хүрэхээр зэхэж байна” гэхээр санаанд оромгүй байгаа юм. Энэ агуулгаар нь харвал өнөөдөр яригдаад байгаа зүйл маш ноцтой болж таараад байгаа юм. Хэрвээ үнэн бол шүү дээ. Гэвч “...Арай ч үгүй байлгүй дээ” гэхээр энэ мэдээлэл хүчтэй тарж байна. Уг явдлын талаар эрж хайгаад үзвэл оргүй хоосон биш л бололтой байна.

 

Нэр бүхий хоёр иргэн 2023 оны хавар, 2024 оны өвөл дээрх агуулга буюу “...Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийг өөрчилж болохгүй байгаа нь Үндсэн хуулийг зөрчиж байна” гэсэн гомдол мэдээллийг Үндсэн хуулийн Цэцэд гаргасан. Үүнийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүд хянаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

 

Иргэн Н “...Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль нь Үндсэн хуулийн Удиртгал, 1, 64, 66, 70 дугаар зүйлийг зөрчсөн” гэж, иргэн Х “...Үндсэн хуулийн 66.1-ийн “..Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ”, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-т “...Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар өргөдөл, мэдээллийг иргэд, хүсэлтийг Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд, Улсын Дээд шүүх, Улсын ерөнхий прокурор гаргах эрхтэй” гэж заасан. Гэтэл 2022 онд Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1-т “…Цэц Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай дор дурдсан маргааныг хянаж дүгнэлт гаргах бөгөөд шаардлагатай бол дахин хянаж, эцэслэн шийдвэрлэнэ” гээд 13.1.1-т “…Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, УИХ-ын бусад шийдвэр” гэж, мөн Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 8.2-т “…Цэц Үндсэн хуулийг зөрчсөн тухай дараах маргаантай асуудлыг хянан үзэж, дүгнэлт гарган УИХ-д оруулах бөгөөд хэрэв дүгнэлтийг нь УИХ хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянан үзэж Үндсэн хуулийн 66.З-т заасныг баримтлан эцсийн шийдвэр гаргана” гээд 8.2.1-т “…Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, УИХ-ын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх” гэсэн нэмэлтүүд оруулсан. Энэ нь Үндсэн хуульд 64.1 дэх хэсэгт заасан “...Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг хянан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сануулах баталгаа мөн” гэх, 66.2-т “…Үндсэн хуулийн Цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараахь маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж УИХ-д оруулна” гээд 66.2.1-т “…хууль, зарлиг, УИХ, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх” 70.1 дэх хэсэгт “...Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг тус тус зөрчиж байна” гэсэн мэдээллүүдийг гаргажээ. Гэхдээ энэ бол сурвалжлагчийн олж авсан мэдээлэл юм. Үүгээр бол Үндсэн хуулийн Цэцэд есөн сарын зайтай мэдээлэл гаргасан хоёр иргэн нь Үндсэн хуулийн Цэцийн тухай, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиудад оруулсан нэмэлт нь Үндсэн хууль зөрчсөн гэж мэдээлэл гаргасан бололтой.

 

Эдгээр нь, “...Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулиа хянахгүй” гэсэн ерөнхий логиктой заалтууд байх аж. Энэ талаараа Гавьяат хуульч Б.Чимид гуайн “...Үндсэн хуулийн Цэцийн дээр нэг л юм бий. Энэ нь хөх тэнгэр биш, Үндсэн хууль өөрөө юм” гэсэнтэй шууд харшилдаж байгаа юм.

 

Дээрээс нь Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтийн өмнө, 2017 онд Гадаад харилцааны яамны Олон улсын хамтын ажиллагааны сангаас санаачилж “…Монгол Улсын Үндсэн Хууль: 25 жилийн туршлага, сургамж сэдэвт Олон улсын бага хурлыг зохион байгуулж байв. Тэр хурал дээр тухайн үед судлаач, багш, одоогийн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн О.Мөнхсайхан “…1992 оны Үндсэн хуулийг тэгж харлуулаад байх ямар ч шаардлага байхгүй. Энэ бол маш сайн Үндсэн хууль. Ач холбогдлыг бид нар маш сайн ойлгож харах хэрэгтэй. Энд яригдсан ихэнх асуудал Үндсэн хуулийн зүйл биш. Эдгээрийг бид өөр хуулиудаар засах боломжтой. Уул уурхайн баялгийн хуваарилалт зэрэг асуудлыг тухайн үеийнхээ хууль тогтоомжийг нарийвчилж боловсруулаад зохицуулаад явах ийм боломж байгаа. Эдгээрийг бүгдийг Үндсэн хууль руу чихэж оруулах боломжгүй гэдгийг анхаармаар байна” гэж байв. Эндээс бас нэг дүгнэлт гарна. Түүнээс гадна тэр хурлын үеэр Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан Ш.Цогтоо “...Үндсэн хуульд нэмэлт оруулахад Үндсэн хуулийн ямар заалтын юуг, яаж өөрчлөх гээд байгаа юм бэ, Үндсэн хуульд нэмэлт оруулах, өөрчлөлт хийх ямар үндэслэл ямар шалтгаан байна вэ, өөрчлөлт оруулах санал санаачилга хэний хүсэл сонирхол вэ, хэн гэдэг субъектийн ашиг сонирхлыг ямар байдлаар зөрчиж, хөндөх вэ гэдэг асуудал дээр тулгуурлахгүйгээр Үндсэн хуулийн нэмэлт ба өөрчлөлтийн тухай ярих нь үнэхээрийн утга агуулга муутай” гэсэн нь бас л өнөөдрийн яригдаад байгаатай ямар нэг байдлаар холбогдоод байх шиг байна.

 

Бас Ш.Цогтоо хуульч яг тэр үед хэлсэн “…Үндсэн хууль тогтоогч, хууль тогтоогч гэдэг орос англи хэл дээр байгаа хоорондоо нэлээд их ялгаатай хоёр ойлголтыг тус тусад нь авч үзэхгүй бол энэ хоёрыг хутгаад байвал болохгүй.

 

Анхны Үндсэн хууль тогтоогчдын баталсан тэр Үндсэн хууль руу хууль тогтоогчид хүссэн юм болгоноо оруулаад янз бүрийн зөвлөлдөх санал асуулга гэх мэт энд тэндхийн юмыг хамж шимээд туршлагын туулай болоод явж болохгүй гэж бодож явдаг” гэсэн нь өнөөдөр хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч УИХ-ыг Үндсэн хуулийн асуудлаас холдуулах нэгэн тактик болж хувирч буй бололтой. Өөрөөр хэлбэл, нэр бүхий хуульчид сүүлийн үед “…Үндсэн хууль тогтоох эрх мэдэл АИХ-ынх, хууль тогтоох эрх мэдэл л УИХ-ынх” гэсэн агуулгыг ярьж, нийтлэх болсон. Тэр нь “…Ер нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх дээрээ тулбал 126 гишүүнтэй болсон УИХ дээр энэ тухай ярих ёстой” гэдэг асуудлыг бас босгож байна. Цаашилбал, “…Үнэхээр Үндсэн хуулийн тэр заалт л хугацааг нь сунгахад саад болоод байгаа юм бол УИХ-аар оруулж яагаад болохгүй байгаа юм бэ. Харин Үндсэн хуулийн Цэц өөртөө эрх нээж байгаад, цаашлаад Үндсэн хуулийг өөрчлөхдөө тулбал энэ улс юу болох вэ” гээд хөвөрч байна. Наад зах нь УИХ-аас батлаад хэрэгжээд явж байгаа хуулиуд гэнэт болохоо болиод, тэр нь өөрчлөгдөхдөө эргээд УИХ-ын эрхийг бас хөндчихөж байгаа юм. УИХ-ын эрх мэдлийг хязгаарласнаар Үндсэн хуулийг зөрчсөн явдал болно. Угтаа УИХ ч бус Үндсэн хуулийн 3.1-т заасан “…Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэнд халдчихна.

 

Бид Үндсэн хуулийн Цэцийн хэвлэлийн төлөөлөгчтэй холбогдож дээрх асуудлаар тодруулж, хоёр зүйлийг асуусан. Хариулт өгсөн Сүүлийн үед дуулиан шуугиан тариад байгаа Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийг өөрчлөх эрхтэй болохоор зэхэж байгаа талаарх асуултад “…Маргааш энэ хардлага сэрдлэгт хариулт өгнө. Танай сонинд ч бас хандана” гэв.

 

Мөн Үндсэн хуулийн Цэц албан ёсны сайтдаа “…2024 оны наймдугаар сараас эхлэн Цэцэд ирүүлсэн иргэдийн өргөдөл, мэдээлэл, гомдол, эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүсэлтийн дагуу Цэцэд маргаан үүсгэсэн тохиолдолд энэ талаар олон нийтэд тогтмол мэдээлж байна” гэж зарласан. Гэвч дээрх нэр бүхий хоёр иргэний 2023 оны хавар, 2024 оны өвөл гаргасан мэдээлэл нь алга. Энэ талаарх асуултад “…Яг хэн хэн гэдэг иргэний ямар асуудлаар гаргасан мэдээлэл байна вэ гэдгийг хэлж өгнө үү. Хэрэв тэгвэл тэдгээрийн талаарх мэдээллийг гаргаж өгье” гэлээ.

 

 

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин