Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр буюу аравдугаар сарын 11-ний 07:00-20:00 цагийн хооронд улс даяар үргэлжилж байна.

Сонгуулийн Ерөнхий Хорооны мэдээлснээр өнөөдөр 09:30 цагийн байдлаар Сүхбаатар аймагт хамгийн ирц хамгийн өндөр бүртгэгджээ. Тус аймагт 5,534 иргэн санал өгч, 13.6 хувьд хүрсэн. Тэдний араас Говьсүмбэр 11.4 хувь, Дорнод аймагт 11.1%-тай байна.

Харин нийслэлд Багахангай дүүрэгт нийт сонгогчдын 11 хувь нь одоогоор саналаа өгсөн бол Багануурт 9.3 хувь, Налайхад 8.1 хувьтай явна.

Өчигдөр 21 аймаг, есөн дүүргийн 2,230 хэсэг дээр 19,468 иргэн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх хүсэлт ирүүлснээс 18,617 иргэн саналаа өгчээ.