Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл өчигдөр /12.03/ цэргийн онц байдал зарлаж байгаагаа мэдэгдсэн. Тус улсын сөрөг хүчин төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж, бослого гаргах гэж байна гэж үзсэн тул ийм шийдвэр гаргасан хэмээн тайлбарлажээ.  Орон нутгийн цагаар 23:00 цагт шийдвэрээ танилцуулсан юм. 

 Юн Сүк Ёлын мэдэгдлээс хойш хагас цагийн дараа эрх баригч болон сөрөг хүчний намын хууль тогтоогчид яаралтай хуралдаж, ерөнхийлөгчийн зарласан онц байдлын дэглэм тогтоох шийдвэрт 100 хувийн саналаар хориг тавьсан. Парламентын шийдвэр гарснаас хойш гурван цаг 30 минут орчмын дараа буюу орон нутгийн цагаар үүрийн 4:20 цагт Юн Сүк Ёл гаргасан шийдвэрээ цуцалж байгааг зарласан байна. Тэрээр “Төрийн үндсэн чиг үүргийг сулруулж, либерал ардчиллын үндсэн хуулийн дэг журмыг бусниулах гэсэн төрийн эсрэг хүчнээс улс орноо аврахын тулд би өнгөрсөн шөнө эрс шийдэмгий алхам хийж, онц байдлын дэглэм зарласан билээ. Гэсэн хэдий ч Үндэсний Ассамблейн тавьсан шаардлагын дагуу би онц байдлын дэглэм тогтооход дайчлагдсан цэргийн хүчийг буцаан татаж байна” гэж мэдэгджээ.

Эх сурвалж:www.polit.mn