Авлигатай тэмцэх газраас Дуурь бүжгийн эрдмийн театрын удирдлага, зарим албан тушаалтны үйл ажиллагаанд хамаарах асуудлаар Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын яаманд хүргүүлсэн Зөвлөмжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийлээ.

Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/27 дугаар тушаалаар “Тайз түрээсийн үнэ, жилийн суудлын үнэ бусад тариф”-ыг шинэчлэн баталж, театрын үзвэр үйлчилгээний санал /үнэлгээ/, тайз, талбай ашиглалтын тарифыг тогтоон мөрдүүлэхдээ Соёлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасан “Төрийн болон орон нутгийн өмчийн соёлын байгууллага нь бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрийн хэмжээг үүсгэн байгуулагчтай зөвшилцсөний үндсэн дээр тогтооно” гэснийг зөрчсөн байв.

Авлигын гэмт хэрэг, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн зөрчил давтан гарахгүй байх чиглэлээр Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн зөвлөмжийн дагуу “Тайз түрээсийн үнэ, жилийн суудлын үнэ бусад тариф”-ыг Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Алтанхуягийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/45 тоот тушаалаар хүчингүй болгож, хуульд нийцүүлэх арга хэмжээ аван Зөвлөмжийн хэрэгжилтийг хангасан байна гэж АТГ-аас мэдээллээ.