Жин багасгах мэс засал /бариатрик/ нь элэгний эмгэгтэй, илүүдэл жинтэй хүмүүсийн элэгний хатуурал өвчинн даамжрах эрсдэлийг 80 хувиар бууруулдаг болохыг Америкийн судлаачид тогтоожээ.

Жин багасгах нь таргалалт ба элэгний хатууралтай өвчтөнүүдийн хувьд хосолсон эмчилгээнүүдийн нэгэн хувилбар болж байна. Бариатрик мэс засал нь тухайн өвчин хүндрэх эрсдэлийг 72 хувиар, элэгний хатуурал сүүлчийн үе шатандаа орох эрсдэлийг 80 хувиар бууруулж байгааг бидний хийсэн ажиглалт харууллаа” гэж Кливлендийн Анагаах ухааны коллежийн профессор Али Аминян ярьж байна.  

Таргалалттай бөгөөд элэгний хатуурлын эхний үе шатанд байгаа өвчтөнүүдэд хийсэн бариатрик мэс заслын урт хугацаанд үзүүлэх нөлөөг тодорхойлох зорилгоор хийсэн клиник туршилтын дүнд үндэслэн эрдэмтэд дээрх дүгнэлтэд хүрчээ. Элэгний эсүүдэд өөх хуримтлагдсаны улмаас үүсдэг элэгний хатуурал өвчин даамжрах явцыг удаашруулах, зогсооход жин багасгах мэс засал нөлөөлдөг үү гэдэг нь эрдэмтдийн сонирхлыг татаж байв.

Ингээд Кливлендийн эмнэлэгт бариатрик мэс засал хийлгэсэн 62 хүн ба мэс засалд ороогүй 106 сайн дурынхныг хоёр бүлэгт хуваан клиник туршилтад хамруулжээ. Тэдний элэгний өөрчлөлтийг 15 жилийн турш ажиглаж, циррозын хүндрэлүүд үүсэж буй давтамжийг хэмжжээ. Хэмжилтийн дүнд, эхний бүлгийн хүмүүсийн 20 хувьд нь, сайн дурынхны 46 хувьд нь элэгний хавдар илэрсэн байна.

Үүнээс улбаалан, таргалалттай ба элэгний өөхлөлттэй өвчтөнүүдэд элэгний хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд бариатрик мэс засал хийх нь үр дүнтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

 

Жин багасгах мэс заслын тухай

Бариатрик мэс засал бол илүүдэл жингээс ангижруулах эмчилгээний хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Мэс заслын явцад ходоодны хэмжээг багасгаж, дээд хэсгийг нь нарийн гэдэстэй шууд холбодог бөгөөд ингэснээр цадсан мэдрэмжийг төрүүлдэг даавруудыг эрт ялгаруулж, хэрэглэж буй хоол хүнсний хэмжээг мэс заслаас хойших 10-12 долоо хоногийн хугацаанд бууруулдаг байна.

 

Б.Адъяахүү