Монголын иргэний агаарын тээвэр ТӨХК-аас 2025 оны зуны улирлын олон улсын болон орон нутгийн хуваарьт нислэгийг танилцууллаа.

Орон нутгийн хуваарьт нислэгт МИАТ ТӨХК нь Ховд, Хөвсгөл, Увс, Завхан, Говь-Алтай зэрэг нийт зургаан чиглэлд 764 нислэг үйлдэх юм. Харин ОХУ, БНХАУ, БНСУ, Вьетнам зэрэг нийт таван улсын 17 агаарын тээвэрлэгч олон улсын хуваарьт нислэг үйлдэхээр төлөвлөсөн бөгөөд 22 чиглэлд 10.116 нислэг үйлдэхээр хуваарь батлагджээ. Энэ нь 2019 онтой харьцуулахад 100.9 хувиар, 2024 онтой харьцуулахад 8.9 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж.

Зуны хуваарьт нислэгт ХоШ и Минь, Ордос болон МИАТ агаарын тээвэрлэгч нь Бээжин Дашин чиглэлүүдэд шинээр нислэг үйлдэхээр төлөвлөжээ.

Харин АНУ-ын United Airlines агаарын тээвэрлэгч тавдугаар сарын 1-нээс долоо хоногт гурван удаа, БНХАУ-ын Spring Air, Hainan Airlines, China United Airlines болон БНСВУ-ын Vietjet агаарын тээвэрлэгчид нислэг үйлдэхээр байна. Түүнчлэн Aeromongolia агаарын тээвэрлэгч ОХУ-ын Москва хот руу, Hunnu Air агаарын тээвэрлэгч БНУУ-ын Ташкент хот руу нислэг үйлдэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа тухай мэдээллийг МИАТ ТӨХК-д хүргүүлжээ.