Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөлийн анхдугаар хурал өнөөдөр (2025.03.25) Төрийн ордонд боллоо. Тус зөвлөл нь төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, хэмнэлт хийх стратеги боловсруулж, салбарын төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран хэлэлцэж, шийдвэрлэх гол платформ байх юм.

 

сонин mn

Зөвлөлийн дарга, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Энэ зөвлөлийн гол ажил бол төрийн албыг цомхон чадварлаг байлгахад чиглэж, төсвийн хэмнэлт хийх ажлыг зөвлөлдөж хийх юм. Төрийн байгууллагуудад хэмнэлт хийх асар их боломж байгаа. Зөвхөн цаас хэрэглэхээ болиход 20 тэрбум төгрөг хэмнэх боломжтой. Энэ бол ганцхан жишээ. Түүнчлэн төрийн байгууллагуудын нийтлэг үйлчилгээ болох харуул, хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээ зэрэг хувийн хэвшил илүү сайн хийж чадах ажлуудыг хувийн хэвшилд нь шилжүүлнэ.

 

сонин mn

Мөн Зөвлөлийн хурлаар Боловсролын тогтолцооны чиг үүргийн шинжилгээг хийж, давхардсан чиг үүргийг бууруулж, орон тоо цомхотгох талаар Боловсролын сайд П.Наранбаяр танилцууллаа. Тус салбарын судалгаагаар чиг үүрэг нь давхардаж буй 72 орон тоог тодорхойлж, шаардлагатай газар, орон тоонд шилжүүлж, хуульд заагаагүй эсхүл давхардсан чиг үүрэг гүйцэтгэж буй 30 орчим орон тоог цомхотгоно. Ингэснээр нэг жилд тэрбум орчим төгрөг хэмнэх боломж бүрдэж байна.

 

сонин mn

Мөн салбарын байгууллагууд болон сургууль, цэцэрлэгийн цэвэрлэгээ, хамгаалалт, сантехникийн ажлуудыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх бодлого баримтална. Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл 30 гишүүнтэй бөгөөд, талаас илүү нь хувийн хэвшлийн гүйцэтгэх удирдлагуудаас бүрдсэнээрээ онцлог юм. Зөвлөл цаашид 14 хоногт нэг удаа хуралдаж, зөвлөлөөс гарсан шийдлүүдийг Засгийн газрын хуралдаанд тухай бүр танилцуулж байхаар тогтов.