УИХ-ын гишүүн Э.Болормааг хууль бус хандив авсан асуудлаар шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ
өчигдѳр
Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн Э.Болормаа өнгөрсөн оны ээлжит сонгуулиар баруун бүсэд нэр дэвшиж байхдаа “Ханбогд Эксплорайшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсан гэгдээд буй.
Тодруулбал УИХ-ын 2024 оны сонгуулийн хоёрдугаар тойрогт нэр дэвшигч Э.Болормаагийн Хаан банк дахь 5107157116 тоот сонгуулийн зардлын дансанд 2024 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс долдугаар сарын 19-ний хооронд хийсэн гүйлгээнд дээрх "Ханбогд Эксплорайшн" компаниас 30 сая төгрөг хандивласан. Уг мөнгийг сонгуулийн хуулийн дагуу буцаах байсан ч буцаагаагүй, сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулсан болохыг "Нийслэл-Аудит" ХХК-ийн зүгээс Үндэсний Аудитын Газарт өнгөрсөн хоёрдугаар сарын 10-ны өдөр бичиг ирүүлсэн аж.
Энэ талаар Э.Болормаа гишүүнээс сэтгүүлчид тодруулахад "Улс төрийн зорилгоор намайг харлуулах гэсэн хүмүүсийн хийсэн үйлдэл. Манай сонгуулийн штаб ямар нэг зөрчилтэй 200 сая төгрөгийг буцаасан. Хандив өгчхөөд дараа нь улсын бүртгэлээ шинэчилсэн нь санаатай үйлдэл гэж хардаж байна" гэж тайлбарлаж байв.
Тэгвэл энэ асуудлаар Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав тэргүүтэй албан тушаалтнуудыг шалгаж байгаа аж.
Энэ асуудлыг анх олон нийтэд ил болгосон хуульч Б.Мэргэнээс тодруулахад "Нэр дэвшигчид сонгуулийн санал хураалт эхлэхээс гурав хоногийн өмнө явцын тайлангаа танилцуулдаг. Тус тайланг Үндэсний Аудитын Газар (ҮАГ)-аас шалгаад зөрчилтэй бол Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ)-д танилцуулснаар нэр дэвшигчээс хасах учиртай.
Мөн сонгуулийн дараа нэр дэвшигчид хувийн аудитын газраар тайлангаа шалгуулах ёстой. Уг тайланд ямар нэг зөрчил илэрвэл ҮАГ-аас зөрчлийн хуулийн дагуу цагдаагийн байгууллага руу шилжүүлэх ёстой ч энэ ажиллагааг хийгээгүй.
Тус байгууллагаас тайлбарлахдаа "Бид нар нэр дэвшигчдийн санхүүгийн тайланг үзэхдээ түүврийн аргаар шалгадаг. Жишээлбэл Э.Болормаагийн данс руу 17 компаниас хандив ирсэн. Түүнээс 9 компанийг шалгахад ямар нэг зөрчил илрээгүй" гэдэг. Энэ бол ямар ч утгагүй тайлбар.
Тийм учраас тус байгууллагыг АТГ-д өгчихсөн. Хэрэг үүсгээд шалгагдаж байна" гэсэн юм.
Цагдаагийн байгууллага шалгаж дуусгаад зөрчилтэй гэж үзвэл СЕХ-нд албан бичиг өгөх юм. Тиймээс СЕХ-д хандсан байна. Хэрвээ тус байгууллага уг асуудлыг хэлэлцэхгүй бол Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцэд хандахаар төлөвлөж байгаа билээ.
Зочин · өчигдѳр
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh