Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний яаманд ажиллалаа. 

Энэ үеэрээ тэрбээр, "Техник тоног төхөөрөмж, хариуцлагатай холбоотой асуудлыг шалгаж байна. Энэ нөхцөл байдал нь эрчим хүчний салбарын үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт, шалгалт хөндлөнгийн шалгалтыг нэг талаар хийдүүлж, нөгөө талаар давхардуулж, мэргэжлийн инженер техникийн ажилтнуудын өдөр тутмын ажиллагаанд хүндрэл учруулахаар байна. Манай эрчим хүчний салбарт ашиг сонирхлын зөрчлөөс үүдэлтэй аль эсвэл албан тушаалын зөрөлдөөнөөс үүдэлтэй зөрчилтэй сүүлийн 20 жил явж ирсэнээс цахилгаан станц барих асуудал одоог хүртэл тасалдсан. Энэ тал дээр үе үеийн сайд нар анхаарч ажиллаж ирсэн. Ялангуяа энэ салбарын том зургийг одоогийн сайд харж, шийдэл гарцыг хайж байгаа учраас улируулан томилсон. Сайдаа дэмжиж нэг толгойтой ажиллах хэрэгтэй. Ингэж энэ эрчим хүчний салбарт бугшсан асуудлууд шийдвэрлэгдэнэ. Эрчим хүчний сайдад 100 хоногийн даалгавар өгнө. Зургаан сарын хугацаатай энэ дэглэм ажиллана. Ахиад нэг сайд томилогдвол нөхцөл байдлаа ойлгох гэсээр байтал аль нэг ашиг сонирхлынх нь зөрчилд ороод эрчим хүчний салбар дампуурна. Иймд тогтвортой байдал, нэгдсэн бодлого чухал. Эрчим хүчний салбарт онцгой дэглэм тогтоож байна гэж ойлгож болно. 190 сая долларын эрчим хүч импортолж байна. Одоо энэ өвлийг бид яаж давах вэ, хот хөлдөх үү, дулаан, цахилгааны хангамж яах вэ гэдэг эрсдэлтэй нөхцөл үүссэн. Иймд энэ салбарт өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, дулааны цахилгаан станцууд дээр онцгой дэглэм тогтоож байна.

Манай эрчим хүчний салбарын чухал төслүүд болох сэргээгдэх эрчим хүчний төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, тавдугаар цахилаган станц гэх мэтчилэн энэ ажлууд хийгдэх ёстой" гэлээ.