Авлига цэцэглэсэн гаалийг эрх зүйч, улс төрийн ажилтан П.Дэлгэрнаран цэгцэлж чадах уу?
24 цагийн өмнө

Төр албаны мерит зарчим гэж яриад удсан. Энэ нь албан хаагчдыг сонгох, дэвшүүлэхдээ улс төр хамаарал, танил талаас хамааралгүй байлгахыг хэлдэг. Харин зөвхөн хүний мэдлэг, ур чадвар, туршлага, ажлын үр дүнг гол шалгуур болгодог.
Мерит зарчим хэрэгжвэл төрийн албанд ил тод, шударга өрсөлдөөний зарчмыг бий болгож, боловсрол эзэмших, чадвараа хөгжүүлэхийг дэмжиж, улмаар төрийн үйлчилгээний чанар дээшилнэ.
Харамсалтай нь төрийн ямар ч албаны дунд доод шатанд энэ зарчим хэрэгждэг. Гэхдээ заримдаа. Харин дээд түвшинд нь огт үгүй. Ямар ч байгууллага, агентлагийн даргаар гэнэтхэн дээвэр дээрээс Карлсон шиг нэг нөхөр бууж ирээд суучихдаг. Ингэдэг жишээ улам олон болж байна.
Ийм байхад төрд мерит зарчим үйлчлэх тухай асуудал хэрэгжих нь тааруу, магадгүй хэзээ ч хэрэгжихгүй байх. Өчигдрийн нэг томилгоо үүний бас нэг жишээ. Яг нэг сарын өмнө “Гааль болохоо болилоо. Авлига хүнд суртал нь дийлдэхгүй нь” гээд Засгийн газраас ГЕГ-ын дарга Р.Отгонжаргалыг чөлөөлсөн. Орных нь хүнийг өчигдөр томиллоо. СЕХ-ны даргаас хүсэлтээрээ чөлөөлөгдсөн П.Дэлгэрнаранг тавьчих юм. Гэтэл тэр хүнд чинь санхүү, эдийн засгийн мэдлэг, туршлага алга. П.Дэлгэрнаран 1989 онд ОХУ-ын Москва хотод Цэргийн дээд сургуулийг улс төрийн ажилтан мэргэжлээр, 1996 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн хүн байна. Гялайх юм нь олон байгууллагын даргаар ажиллаж иржээ. Москвад Цэргийн дээд сургуулийг улс төрийн ажилтан мэргэжлээр төгсөж ирээд Талх чихэр үйлдвэрийн хорооны дарга, Улаанбаатар хотын Хөдөлмөрч залуучуудын эвлэлийн дэд дарга, Улаанбаатар хотын Залуучуудын холбооны дарга, Хүн ам, бодлого хөгжлийн яаманд ахлах түшмэл, 1995-1997 онд УИХ дахь МАХН-ын бүлэгт зөвлөх байхдаа МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Тэгээд “Прогоноз” төвд эрдэм шинжилгээний ажилтан, ҮСАХ-гийн захирал, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга, БЗД-ийн Засаг даргын орлогч, “Автобус 3” компанийн захирал, Автотээврийн газрын дарга, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын тэргүүн дэд захирал, захирлын зөвлөх, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах референтээр ажиллаж байгаад 2020 оны наймдугаар сараас 2025 оны арванхоёрдугаар сар хүртэл СЕХ-ны даргаар томилогдон ажилласан байна. ГЕГ бол улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй. Энэ үүргийг гүйцэтгэхэд ГЕГ-ыг удирдаж байгаа хүн даргаас гадна эдийн засагч байхаас өөр аргагүй.
Сарын өмнө чөлөөлөгдсөн Р.Отгонжаргалд ГЕГ-ын даргын ажлыг хийхэд энэ шаардлага дутсан гэдэг. Учир нь ГЕГ сүүлийн жилүүдэд төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөт орлогыг бүрдүүлж дийлэхээ больсон. Тэр утгаараа П.Дэлгэрнаран энэ шаардлагыг хангах уу гэдэг зүйл яригдаж байна.
Гэхдээ Р.Отгонжаргалыг явуулахад үүнээс илүүтэй улс төрийн хамаарал нь нөлөөлсөн. Тэрээр УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн хаягтай нэгэн. Нутаг уснаасаа эхлээд холбогддог. Гэвч П.Дэлгэрнаран ч ялгаагүй. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн нэртэй хүн. Нутаг нэг гээд эхэлнэ. Олон л сэжмээр холбогдоно. Л.Энх-Амгалан өнгөрсөн зунаас хойш МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын дарга гээд суудал онгойх бүрд нэр нь яригдсан ч аль дээр нь ч сууж чадаагүй. Тийм болохоор “П,Дэлгэрнаранг ГЕГ-ын дарга болгож Л.Энх-Амгалангийн санааг амраав уу” гэж улс төрийн орчныхон шивнэлдэж байгаа юм шиг байна. Түүнээс гадна ГЕГ авлигажсан системтэй байгууллага болчихсон. Тус газарт “Баатарын”, “Адьшаагийн”, “Цэнгэлийн”, “Бат-Эрдэнийн” гээд үе үеийнхний толгойтой авлигын сүлжээ одоо ч оршсоор байдаг. Тэдний хэн нь гаалийг атгах вэ гэдэг дээрээ тэмцэлдсээр ирсэн. Одоо ч тийм. Хэн хэнийгээ дийлэхийн тулд хэвлэл, хууль хяналтынханд матаас хүргэж бие биеэ барьж өгнө.
Уудалбал ухаад дуусахгүй. Энэ бас л шинэ дарга П.Дэлгэрнаранд тавигдах шаардлага. Товчилж хэлэх юм бол түүнд эдийн засагч байх, авлигын сүлжээг таслах гэсэн хоёр том хэрнээ шалгуур тавигдаж байна. Тэдгээрт нийцэх үү. Ерөөс авлига цэцэглэсэн гаалийг эрх зүйч, улс төрийн ажилтан П.Дэлгэрнаран цэгцэлж чадах уу.
Ө.ЗАРЛИГ
сонин.мн







Зочин · 22 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · 23 цагийн өмнө
Худлаа шүү
Зочин · 23 цагийн өмнө
BOOBXXN GOE DOLOON80955877
Зочин · 23 цагийн өмнө
BOOB XXN80955877