Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны ДАШТ өчигдөр ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д эхэллээ. 33 дахь удаагийн ДАШТ-д 120 орны 751 жүдоч эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жин болон багийн тэмцээнд хүч үзэх юм. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодоров. Эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Г.Болдбаатар шигшээ барилдаанд эзэн орны бөх Беслан Мудрановг нэг торгуулийн илүүгээр ялж, дэлхийн аварга цолыг хүртэв.

"Трактор" цэнгэлдэх хүрээлэнд болж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монголын баг тамирчид нэг алтан медалийг ийнхүү хүртсэн нь түүхийн хуудаснаа тодоос тод бичигдэн үлдлээ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 60 бөх барилдсанаас D хэсгийг ОУХМ Г.Болдбаатар тэргүүлсэн. Тэрбээр эхний тойрогтоо хийлж, хоёр дахь барилдаандаа Туркийн Кабэ Ахмит Сахиныг, удаах барилдаанд Тайваныг бөхийг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны бөх Имашеев Айбекийг юүко үнэлгээгээр ялснаар хагас шигшээд шалгарсан. Улмаар мөнгөн медалийн төлөө Гүржийн Амиран Папинашвилитэй барилдаж, нэг торгуулийн илүүгээр(3-2) ялалт байгуулсан бол алтан медалийн төлөө ОХУ-ын бөх Беслан Мудрановтай барилдаж, мөн нэг торгуулийн илүүгээр ялалт байгуулснаар дэлхийн аварга цолыг хүртлээ.

Эрэгтэй, 60 кг:

Алтан медаль: ОУХМ Г.Болдбаатар (Монгол)

Мөнгөн медаль: Беслан Мудранов (ОХУ)

Хүрэл медаль: Наохиса Такато (Япон) Папинашвили Амиран (Гүрж)

Эмэгтэй, 48 кг:

Алтан медаль: Ами Кондро (Япон)

Мөнгөн медаль: Паула Парето (Аргентин)

Хүрэл медаль:  Бучард (Франц) Лаборде (Куба)

Д.Ана