Долларын ханш буурч байгаа нь “гал унтраах” гэсэн өнгөлөн далдлалт
2014/08/25
Ам.долларын ханш буурч, төгрөгийн ханш чангарах сураг гарч эхлээд байна. Эдийн засгийн хямралд өртсөн иргэдийн хувьд энэ бол сайхан мэдээ. Гэхдээ иргэдийн дунд эргэлзээ бас байгаа. учир нь энэ сард ам.доллар 1905 төгрөг хүртлээ өссөн. Тэгтэл БНХАУ-ын даргыг ирэх сургаар бууж, өнөөдөр 1835 төгрөг болоод байна. Нөгөө талаас Н.Алтанхуягийн Засгийн газарт олгосон 100 хоног дуусгавар болж байгаатай холбоотой гэж хардах хүмүүс ч байна.
Ингэж хардах үндэслэлийг Монголын нөлөө бүхий эрхэм хэлж, “ам.долларыг 2-3 жилдээ бууруулахгүй ээ. Гадаадаас бараа импортлогчдыг бойкотлох гэж байгаа юм. Монгол улсын гадаад худалдааны алдагдал буурчихлаа. Та нар жоохон бүсээ чангал айн” хэмээн хэлж байсныг санаж байна.
10-р сарын 1-нд УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана. Тэр цагт Н.Алтанхуягийн засгийн газрыг “хусаж” хаях нь тодорхой. Өөрөөр хэлбэл “Эзэн-100” нь эзэнгүй 100 өдөр болж сайд нар нь гадаад дотоодоор аялж, амрангаа галуу шувууны мах идэж байгаа харагдсан. Тэднийг ийнхүү тансаглаж байхад талхны үнэ нэмэгдэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн.
Ядаж байхад ам.долларын өсөлтийг Монгол банк хариуцах ёстой ч юм шиг үгүй ч юм шиг үг өгүүлбэр хуулинд нь, үйл ажиллагааных нь чиглэлд байдаг. Үүгээр нь улс төрчид тоглож хэсэг бүлэг нөхдүүд ханшийн зөрүүгээр хагартлаа баяжиж байгаа нь ч нууц биш.
Энэ бүхнээс хамгийн ихээр туйлдаж байгаа нь ард иргэд, татвар төлөгч бид. Тиймээс хамгийн их бухимдал, ачаалал иргэдэд ирж байгаа. Ийм хүмүүсийг тайвшруулах цорын ганц арга бол тоолдог хэдтэй нь ярих. Өөрөөр хэлбэл ам.долларын ханшийг хэдэн өдөр буулгахад хэсэг бүлэг хүмүүсийн нуруу жоохон ч гэсэн тэнийнэ. Тэр үед нь Н.Алтанхуягийнн засгийн газрын огцруулах асуудал хөндөгдөж, Ерөнхий сайд “их хуцвал ам.долларын ханшийг бууруулсан шүү” гэх нь тодорхой. Монголчууд өр нимгэн, өрөвч зөөлөн улс юм болохоороо нээрээ ч Н.Алтанхуяг байвал асуудал намжих байх гээд итгэл хүлээлгэнэ. Тэр цагт хулхин дээр нь Н.Алтанхуяг гуайн засгийн газар цэцэг ургуулах биз...
Энэ удаагийн ам.долларын бууралт Н.Алтанхуягийн зохион байгуулж байгаа хошигоруулалт шүү ард түмэн минь ээ...
Т.Энгүүн