Монголбанк болон үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч, Актив зууч, Монголиан Пропертис компаниудын консорциум хамтран 2014 оны 8-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцуулж байна. Энэхүү тооцоонд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин бүх төрлийн орон сууцны үнийг хамруулан тооцсон.

 

   Тус судалгаагаар ОСҮИ 8-р сард суурь үе буюу 2013 оны 1 сараас 23,99 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас 1,45 хувь өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, зах зээлд нийлүүлэгдэж буй орон сууцны зах зээлийн үнэ 8-р сард өмнөх сараас 1,45 хувь өсчээ. Харин уг индексийг оны эхэн үетэй харьцуулахад 4,78 хувь өссөн бол, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад 12,57 хувь өсөөд байна.

 

   ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцож буй бөгөөд индекс тооцох судалгааны ажилд Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллаж байна.