Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэхүү хөтөлбөр нь өдгөө аль хэдийнээ 100 хоног нь дууссан. Гэвч" Засаг" эхлүүлсэн ажлаа өнөөг хүртэл дүгнээгүй л байна. Тэднийг ажлаа үнэлж, дүгнээгүй байхад тус хөтөлбөрт дүгнэлт өгчээ. Товчхондоо бол "Амжилтгүй" хэрэгжсэн гэсэн дүн тавьжээ. 

Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгээс "Засгийн газар нийт 70 чиглэлийн ажил хийж гүйцэтгэхээр амлалт авсан ч 18 чиглэлийн ажлыг хагас дутуу хэрэгжүүлж,16 чиглэлийн ажлыг  дөнгөж эхлүүлсэн нь тавьсан зорилтынхоо 62.6 хувийг огт хэрэгжүүлж чадаагүйг харуулсан хэрэг боллоо" хэмээсэн. 

Монгол Улсын эдийн засгийг 100 хоногт багтаан сэргээж, эрчимжүүлэхээр тавьсан зорилтынхоо 62.6 хувийг огт хэрэгжүүлж чадаагүй гэж МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар онцлон хэлэв.

Эдийн засгийн өнөөгийн байдлын талаарх Үндэсний статистикийн хороо болон Монголбанк, Сангийн яамны мэдээллийг үндэслэн тайлбарлалаа.

Бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд 18 чиглэлийн ажил хийхээр төлөвлөсөн нь 41,6, уул уурхай, ашигт малтмалын салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр 13 ажил төлөвлөсөн нь 34.6, барилга, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарыг эрчимжүүлэх зорилгоор 12  ажил хийхээр төлөвлөсөн нь 58.3, аймаг, орон нутгийн дэд бүтэц, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор найман ажил хийхээр төлөвлөсөн нь 37.5, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 11 ажил хийхээр төлөвлөсөн нь 27.3, төсөв, мөнгөний бодлогын хүрээнд найман ажил ажил хийхээр төлөвлөсөн нь 25 хувийн биелэлттэй байна. Өөрөөр хэлбэл, салбар тус бүрээр хийнэ гэж ард түмэнд амласан ажлын аль нь ч 50 хувийн биелэлттэй болж чадсангүй гэсэн юм. 

Мөн тэд иргэдийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ  өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 10.6-177 хувь хүртэл нэмэгджээ. Тухайлбал, 

Өргөн хэрэглээний бараа

“Эзэн-100” эхлэх үеийн үнэ

“Эзэн-100” дуусах үеийн үнэ

Атар талх

850 төгрөг

1150 төгрөгт хүрч 35,3 хувь

Алтан тариа 1-р гурил

800 төгрөг

1180 төгрөгт хүрч  47,5 хувь,

Цагаан будаа

2200 төгрөг

2650 төгрөгт хүрч 20,5 хувь

Элсэн чихэр

1840 төгрөг

2950 төгрөгт хүрч 60,3 хувь

Төмс

950 төгрөг

1150 төгрөгт хүрч 21 хувь


Түүнчлэн орон сууцны үнэ хоёр жилийн хугацаанд 2.6 дахин, "Эзэн 100" хөтөлбөрийн хугацаанд дунджаар 7.1 хувиар нэмэгдсэн байна. Оюутны сургалтын төлбөрөө МУИС 13.7, МУБИС 15, ШУТИС 13 хувиар нэмлээ. Мөн оюутны байрны төлбөр 10-40 хувиар өслөө. 

Ам.долларын ханшийн өсөлт үргэлжилсээр ханшийн хямрал Монголын нийгэмд нүүрлэв.  Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагаагаа эхэлж байсан тэр үед ам.доллар 1349 төгрөгтэй тэнцэж байсан бол энэ оны долдугаар сарын байдлаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1871 болж үндэсний мөнгөн тэмдэгт 40-өөд хувиар уналаа.  "Эзэн-100" хөтөлбөрийг эхлэх үед буюу өнгөрсөн тавдугаар сард нэг ам.доллар 1806 төгрөг байсан нь 100 хоногт 100 төгрөгөөр өсч 1916 төгрөгт ч хүрч ноён доллар галзуурав. 

МАН-ын бүлэг бүр жил гаруйн өмнөөс ам.долларын ханшийн өсөлт үргэлжилж валютын ханшийн хямралд хүрэх аюул байгааг анхааруулж сануулсаар байсан ч эрх баригчид олонхиороо түр барин тоогоогүй. Гэтэл  Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалын “Ханшийг зохицуулж болно. Инфляцийг удирдаж чадна” гэдэг амлалт биелэх нь бүү хэл салхинд хийссэн нь тодорхой болов.

Монгол Улсын гадаад валютын албан нөөц өнгөрсөн зургадугаар сарын байдлаар 1.31 тэрбум ам.доллар болж буурсныг Төвбанк мэдээллээ. Энэ нь өмнөх сарынхаас 17.9, өнгөрсөн оны мөн үеэс 57.6 хувиар валютын нөөц доошилсон гэсэн үг. Ийнхүү Н.Алтанхуягийн Засгийн газар 2.8 тэрбум ам.долларын нөөцтэй байсан Монгол Улсын мөнгөний авдрыг хоёр жилийн дотор хоёр дахин багасгаж хоосруулжээ. 

Харин "Эзэн-100" хөтөлбөрийн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Мушгин гуйвуулж, улстөржүүллээ гэв. 

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлын гол зорилго нь:

1) Эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг Их хурал, Засгийн газраар хурдан шуурхай шийдвэрлүүлэх,

2) Хувийн хэвшлийнхэн бизнесийнхнийг дэмжин, тэднийг татан оролцуулж хамтран ажиллах,

3) Олон сар, жилээр хурсан асууудлуудын гацааг гаргаж, бизнест ээлтэй орчинг бий болгох,

Засгийн газраас санаачлан оруулсан эдийн засгийн олон чухал асуудлыг 100 хоногийн хугацаанд цаг алдалгүй баталж шийдвэрлэхэд хүчин зүтгэл гаргаж хамтран ажилласан УИХ-ын гишүүддээ нам харгалзалгүй баярлаж талархсанаа илэрхийлж байна. Мөн 100 хоногийн хугацаанд төр хувийн хэвшил хамтарч чадвал их зүйл шийдэх бололцоотойг харуулсан хэмээн хэлсэн юм.

Шинэчлэлийн Засгийн газар “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд шинэ төмөр зам бүтээн байгуулах шийдвэрээ гаргаж УИХ-д өргөн барилаа. Монголоос гарах бүтээгдэхүүн хямд үнээр далайн боомт хүрэх гэрээнүүдийг байгуулж чадлаа. Ийнхүү "Эзэн-100" хөтөлбөрийн талаар Ерөнхий сайд өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

Тэгвэл энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр хувийн байгууллагууд үүдээ барьсан гэж МАН-ын бүлгийн зүгээс дүгнэсэн. ҮСХ-ны тайлан мэдээгэр эхний хагас жилийн байдлаар 54,389 аж ахуйн нэгжүүд буюу бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 54,3 хувь нь үйл ажиллагаагаа зогсоосон байна. “Эзэн-100” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойшхи хугацаанд нийт 2706 аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барьсан нь бизнесийн орчин маш их муудсаны илэрхийлэл боллоо. Харин ажилгүй иргэдийн тоо оны эхний 7 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 14.1 хувиар нэмэгдсэн талаар ҮСХ нийгэм эдийн засгийн тайландаа онцлон дурдсан байна. 

Тэд "Эзэн-100" хөтөлбөрөө ийнхүү дүгнэж байна. Харин иргэн та ямар дүгнэлт өгөх вэ???

 

Х.Даваа