Хилийн чанадад суугаа Монгол улсын өргөмжит консулуудын IX уулзалт болж байна
2014/09/16
Хилийн чанадад суугаа Монгол Улсын Өргөмжит консулуудын 9 дүгээр зөвлөлдөх уулзалт 2014 оны 9 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнөөдөр тус уулзалтын эхний хэсэг ГХЯ-нд болов.
Өргөмжит консулуудын уулзалтыг хоёр жил тутамд хийж дараагийн хоёр жилийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой асуудал зэргийг хэлэлцдэгээс гадна ГХЯ өргөмжит консулуудад ажил төрлийн зааварчилгаа өгч, шинээр гарсан хууль журмын талаар танилцуулдаг бөгөөд тус уулзалтаар хэлэлцсэн асуудлаар протокол гаргаж тодорхой төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлнэ.
Энэ удаагийн уулзалтаар өргөмжит консулуудад Монгол Улсын холбогдох байгууллагуудаас Шинэчлэлийн засгийн газраас хэрэгжүүлж буй мөрийн хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж танилцуулав.
Уулзалтын үеэр Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлт, зохицуулалтын газрын орлогч дарга Г.Батхүрэл, Австрали Улсад суугаа өргөмжит консул П.Стюарт, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Чиннай хотод суугаа өргөмжит консул Ч.Н.Гангадаран, Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсад суугаа өргөмжит консул Мухаммед Рабин Сулиман, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгай, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бавари, Баден-Вюрттемберг муж улсуудад суугаа Өргөмжит Ерөнхий консул А.Питум, Байгал орчин, ногоон хөгжлийн яамны Цэвэр технологи, шинжлэх ухааны хэлтсийн дарга А.Энхбат, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Зөвшөөрөл, бүртгэлийн газрын дарга Б.Баттулга, Америкийн Нэгдсэн Улсын Иллинойс мужид суугаа өргөмжит консул Билл Пинтас, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Маргад, Боловсрол, шинжлэх ухааны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насанбаяр нар илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Мөн өдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд өргөмжит консулуудыг Төрийн ордонд хүлээн авч уулзана.
Түүнчлэн 9 дүгээр сарын 18-ны өдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим Хөрөнгө оруулалтын газартай хамтарч МҮХАҮТ-д өргөмжит консулуудтай уулзалт хийнэ.
1992 онд Хонконгийн иргэн Квок Шүминийг Монголын анхны Өргөмжит консулаар томилсноор энэ албаны эхлэл манай улсад тавигдаж байсан бөгөөд өнөөдөр дэлхийн 44 орны 72 иргэн Монголын өргөмжит консулаар ажиллаж байна.